ПОПУЛИЗМ хийцгээе: Гэхдээ барууны ПОПУЛИЗМ
Урилгагүй зочин болох “ард”, “ах нар” гэж саймширдаг хүмүүсийн хэлдгээр “народ” айсуй аюулаас сэрэмжлүүлэхийн тулд үүнийг бичиж сууна. Бидэнд юу тохиолдсон билээ?
..Халдвар авсан ээж чинь хоригдож байгаад хорвоог орхисон… Даргын эхнэр домботой цайгаа бариад улаан бүсээр сэлгүүцэж байхад эцсийн амьсгаагаа хураах ижийгээ чи хоргоны цаанаас харж байсан.
..Хорт утаанаас болоод хүүхдүүд минь хорвоод төрөөгүй. Эхнэр нь эндсэн. Увайгүй хулгайч нар эмнэлэгт зарцуулах мөнгийг идсэн болохоор тэд минь утаа болон замхарсан.
..Найз минь дампуурч, ойр дотныхон минь “улны” нэр авлаа… Эдгээр зовлон таныхтай төстэй байна уу?
Тэгвэл наашаа суу, хамтдаа бодьё. Миний, чиний дотор эрүүл ухаан ноцож байна. Энэ их даажигнал, тохуурхал, доромжлолыг харлаа, ханалаа. Тэд биднийг аз жаргалтай хотод амьдруулна гэсэн… Гэтэл яав? Тэгээд юу болов?
Түгжрэлд бид түгжигдэж, хүүхдүүд, хөгшид минь гэртээ угаартаж байна. Бидний асуудал тэдний баяжих, бас дарангуйлах боломж болчихлоо.
Ямар нэгэн тэнэг юм ярих ёстой бол тэдний хэлээд байгаа популизмыг ярьцгаая. Гэхдээ зүүний биш барууны популизм, болох уу? Популизм гэдэг бол олонхын хүслийг дагах, гүйцээх, эсвэл олонхыг дагуулахын нэр. Түүнийг зүүн, баруун гэж хоёр хувааж болох бөгөөд зүүний популизмыг бид 100 жил ярьжээ.
ЗҮҮНИЙ ПОПУЛИЗМ ЗҮҮД БИШ
“Монгол ялна” гэж анх Ерөнхий сайд асан М.Энхсайхан/2011 онд/ нийтлэл бичиж байлаа. Энэ үгийг 2017 онд МАН ашиглах гэж байсан ч М.Энхболд тус намаас Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшсэн учраас цус, цөс ярьдаг монголчуудад буруу сэдэл төрүүлнэ гээд больсон гэдэг. Харин үүн дээр дөрөөлж хэн гарч ирсэнийг бид мэднэ. Хэн хэнээс эш татах нь нэн сонин.
2021 оны Оросын Төрийн думын сонгуульд оролцогч коммунистуудын уриа “Ар түмний ялалт” байлаа. Оросууд биднээс будаа иднэ ч гэж юу байх вэ? Харин хэнд ашиглуулж хэрхэн бодит байдал дээр туршигдахыг харсан л хэрэг болов уу? Өнгөрсөн сонгуулиар МАН аанай л “Ард түмний ялалт” гэж “шааж” байна.
Түүнийг нь буруушаасангүй. Венесуэлийн бас нэгэн коммунист Мадуро ч “Венесуэл ялна” гээд явсан. Зүүнтнүүд ийм юм ярьж улс орондоо дарангуйлал тогтоодог. Үр дүнд нь ядуурал, сэхээ авах юмгүй эдийн засаг, мөнгө нь цаас болж, гэмт хэрэг, хүчирхийлэл газар авдаг. МАН мэдэхгүйдээ энэ уриаг дэвшүүлсэн гэвэл ёстой горьд.
Тэд угаасаа баяных нь эсрэг ядуучуудыг, хэнээс ч гуйхгүй амьдралаа авч яваа нэгний эсрэг халамжаар угжуулсан тэжээврүүдийг тавьдаг. Одоо иргэдийн эсрэг троллуудыг… Гэхдээ тэд баян чинээлэг байхыг үзэн ядуулдаг ч өөрсдөө өнөөдрийн хамгийн баячууд нь.
Ингэж ХХ зуунд байн байсаар бүх дэлхийг улаан болгох шахсан коммунизм үнэн төрхөө харуулсан юм. Хамгийн хоржоонтой нь коммунизм өөрөө өөрийгөө сүйрүүлдэг. Тиймээс “Ард түмний ялалт” гэдэг нь чинийх ч биш, минийх бүр ч биш, монголчуудын ялагдлын дуу хоолой байсан нь улам тод сонсогдох боллоо. Тэд өнгөрсөн найман жилийн хугацаанд “Бид хамтдаа”, “Баялагтаа эзэн Монгол”, “Хүчээ нэгтгэе” гэж уриа дэвшүүлж байгаад юу хийснийг бүгд мэднэ. Мөрийн хөтөлбөр болгондоо татвар бууруулна гэж амласныхаа яг эсрэгээр нь хийсэн билээ.
БАРУУН ЖИГҮҮРИЙНХЭН НААШАА СУУ
Харин барууны популизмыг сүүлийн хоёр жил Хавьер Милей гэх хууз сахалтай, цахилгаан хөрөө барьсан Аргентины ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаанаас эхлээд харж эхэлсэн байх. Тэр сүйрлийн ирмэгт ирсэн улсынхаа эдийн засгийг чөлөөлнө, татварыг багасгана, мөнгө хэвлэхгүй, тэр ч бүү хэл төв банкаа татан буулгана гэсэн этгээд гэмээр амлалтуудаа эхнээс нь хийж эхэлсэн бөгөөд энэ түүний санаачилсан шинэ зүйл байсангүй.
1990-ээд оны дэлхийн улстөрд өрнөж буй үйл явдлын учир шалтгаан, нөхцөл байдал, ирээдүйд юунд хүргэхийг нийтлэлүүдээрээ тайлбарласан Мюррей Ротбардын дэвшүүлсэн санаанууд юм.
Түүний “Баруун жигүүрийн популизм” бүтээлд дурдсан санаанууд өнөөдрийн Монголд ус агаар мэт хэрэгтэй аж. Тиймээс түүний дэвшүүлсэн баруун жигүүрийн популизмын талаар энэхүү цуврал нийтлэлээ эхлүүлж байна. МАН хэмээх социал демократ намын өвөрт орж, өөрсдийн дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө умартаад буй барууны үзэл баримтлалтай АН, ХҮН намынхнаас бид үүнийг хийхийг, хэрэвзээ сөрөг хүчин гэж байгаа бол эрх баригчдаас түүнийг л хийхийг шаардах ёстой билээ.
ЗӨӨГЧ ӨӨ, НӨАТ-АА ХАСУУЛЪЯ!
Монголд татвар шиг их юм алга. Татварын дарамтанд ороод дампуурч буй бизнес эрхлэгч сэтгэлээ засах гээд 100 грамм захиалсан ч Онцгой албан татвар, НӨАТ төлөх аж. Тиймээс хамгийн түрүүнд “Татварыг бууруулахын төлөө хундагаа өргөцгөөе”. Чингис хааны “Төр оршихуй дор Татвар буй, Татвар буй дор Төр оршихуй” гэх алдарт үгийг өнөөгийн Монголын татварынхан үүдэндээ өргөмжлөн хаддаг. Гэтэл их хаан тодорхой төрлийн хүмүүсийг татвар болон бусад төрд үйлчлэх хариуцлагаас чөлөөлдөг байсныг огт ярихгүйг нь яана. Чингис хаан гар урлал эрхлэгчид, мэргэд (жишээ нь Чанчунь бомбо), хожим нь сүм хийдэд суугч лам нар, төрд гавъяа байгуулсан хүмүүсийг татвараас чөлөөлж байсан бөгөөд тэднийг “дархан” xэмээн цоллож байв.
Монголчууд өнгөрсөн хугацаанд өнөөгийнх шиг их татвар төлж байсан түүх байхгүй бөгөөд голдуу импортын татвараас л төрийн зардлыг олж иржээ.
Хүннү, Их Монгол улсын эзэнт гүрэн, Манжийн дарлал, Богд хаант засгийн үед иргэдэд тусгайлсан татвар ногдуулдаг уламжлал Монголд байсангуй. Харин 1929-1939 онд цэргийн буюу 18-45 насны лам нараас цэргийн тусгай татвар, 1954-1990 онд эхнэргүй, хүүхэдгүй, нөхөргүй тодорхой насны хүмүүсээс татвар хураажээ. 1926 оноос Монголд Марксын бодож олсон шаталсан татвар хэрэгжиж эхэлсэн байна. Шаталсан татвар анх Монголд хэрэгжихдээ 100 хүртэлх бодтой өрхөөс үндсэн татвар, 100-500 бодтой бол үндсэн татвар +5 хувь, 501-1000 бодтой бол +10 хувь байхаар тооцжээ.
Харин энэхүү татварыг 100 жилийн дараа 2023 оноос эхлэн Монгол Улс дахин хэрэгжүүлсэн бөгөөд өндөр цалинтай бол илүү татвар төлдөг болсон. Иргэд илүү орлого олвол буруутай мэт сэтгэхүйтэй болов.
Өнөөдөр ажил, орлоготой жирийн Монгол хүн:
-Хувь хүний орлогын албан татвар, Нэмэгдсэн өртөгийн албан татвар, хэрэв компанитай бол Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, хааяа уудаг бол-Архины онцгой, тамхи татдаг бол Тамхины онцгой албан татвар, машинтай бол Бензин, Түлшний онцгой албан татвар, Автомашины импортын онцгой албан татвар, Автомашины татвар, Зам ашигласны төлбөр, Орон гэртэй бол Үл хөдлөх хөрөнгийн татвар, Хотод оршин суугаагийнхаа төлөө Нийслэл хотын татвар /2024 оноос хоёр дахин нэмэгдсэн/, Газрын татвар, хорт утаанд хордсоныхоо төлөө Агаарын бохирдлын татвар/Төр нь шахмал түлш нэртэй утаа үйлдвэрлэж байхад шүү дээ/, хэзээ ч хэрэглэж байгаагүй хэр нь Сэргээгдэх эрчим хүч дэмжих төлбөр, хадгалмжтай бол Хадгаламжийн хүүгийн төлбөр төлнө. Дээр нь эрх баригчдын дуу хоолой болсон МҮОНРТ болон бусад телевизэд өгдөг хураамж төлнө.
Харин бидний хураалгасан эдгээр татварыг ашигтай, бидэнд хэрэгтэй зүйлд зарцуулж байна уу гэвэл хэцүүхэн дүр зураг гарна. Эрх мэдэлтнүүдийг иргэдийн нэрийг барьж дээрэмддэг аливаа сангууд, төрийн албан тушаалтнуудыг тансаглуулж, тэдний эгнээг өргөжүүлэхэд л зарцуулагдаж байна.
Гэтэл татвар төлөгчдийн мөнгийг зарцуулах ёстой боловсрол, хууль сахиулагч болох шүүх, цагдаа, прокурор, батлан хамгаалах, эмнэлгийн салбар элгээрээ хэвтэж байна.
Эмнэлэг хүрэлцээгүйгээс шалаар нэг зулдаг, сургууль хүрэлцээгүйгээс гурван ээлжээр хичээллэдэг явдал байсаар л байна. Гэтэл хувийн малаа маллаж буй малчин, түүний туслах малчны нийгмийн даатгалын шимтгэлийг бидний төлсөн татвараас авдаг хуультай болсон. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг нь улсын төсвөөс сар бүр төлөхөөр хуульчилсан нь эрүүл ухаантай хүнд шударга бус байгаа. Ийм байдлаар малчид 5 жилийн хугацаанд тэтгэврээ бусдын татвараар төлүүлэх боломжтой болжээ. Дээр нь нөгөө төсвийн мөнгөнөөс “Шинэ хоршоо” гэгч хөтөлбөрт 5 их наядыг зарцуулж байна. Тиймээс л данхар төрийг улам данхайлгаж, тэднийг тансаглуулахгүйн тулд татварыг эрс багасгахыг шаардах хэрэгтэй. Тэгж байж орлогынхоо талыг төрд дээрэмдүүлэхгүй, ар гэртээ, өөртөө зарцуулдаг болно. Хэрэвзээ бид элдэв татварыг эрс бууруулж чадвал бидний амьдрал аяндаа сайжрах төдийгүй үр, хүүхдийнхээ боловсрол, өөрсдийн эрүүл мэндэд зарцуулах мөнгөтэй болно. Нэг л зүйл хэцүүдэх нь төрд буй эрх мэдэлтнүүд. Тэдний элдэв аргаар зувчуулж, идэж уудаг мөнгө л байхгүй болно гэсэн үг. Энүүн шиг сайхан зүйл гэж хаана байх билээ. Бидний эцсийн зорилго өөрсдөө сайхан амьдарч, хойч үедээ зарцуулах мөнгөө хулгайч цагаан захтнуудад боломж олгохгүй байх явдал. Монголын татварыг төлж барагдуулдаг компани гэж алга. Монголын нийт компанийн ердөө 1/3 нь л татвараа төлж бусад нь “Х” тайлан гаргаж байна.
…УИХ-ын гишүүн бол бидний санаа бодлын илэрхийлэл болон төрд биднийг төлөөлөн буй зөөгч. Тиймээс тэдэнд захиалгаа өгье. Татварыг танаж, эрс багасгахын төлөө туушдаа бодлого баримтлахыг тэднээр дамжуулан шаардацгаая. Түүний төлөө хундагаа өргөе. Эсвэл тайван замаар жагсаал хийе.