Б.Пүрэвдорж: Сайн хөрш садан төрлөөс илүү

0

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюанийг /2024.09.11/ хүлээн авч уулзлаа.

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, энэ жил Монгол Улс, БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 75, найрсаг харилцаа, хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулсны 30, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд хүрсний 10 жил зэрэг олон түүхэн ой тохиож байна. Монгол ардын зүйр үгэнд “ Саахалт айлын санаа нэг”, “Сайн хөрш садан төрлөөс илүү” гэх зэрэг үг бий. Тиймээс манай мөнхийн хөрш БНХАУ-тай  зуун зуун жилээр түүчээлэн бүхий л төвшинд найрсаг хамтын ажиллагааг бэхжүүлж ирсэнд талархаж байна. Улс орнуудын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд иргэд хоорондын харилцаа хамгийн чухал юм. Тиймээс хоёр улсын бизнес эрхлэгчид, иргэдийн харилцан зорчих асуудлыг чирэгдэл багатай, технологийн дэвшлийг ашиглан шийдэх боломжийг бодит ажил хэрэг болгох хэрэгтэй юм. Харин сүүлийн үед тухайн улсад богино хугацаагаар зорчих зөвшөөрлийг чирэгдэлгүй олгох асуудлыг хуульчилснаар хил орчмын жуулчдын тоо эрс нэмэгдэж байна. Мөн тухайн орныхоо төмөр замын царигт тохируулан зорчих боломжийг олгох  талаарх УИХ-ын тогтоолын төслийг дахин өргөн барина. Түүнээс гадна хилийн зарим боомтыг байнгын ажиллагаатай болгох, өргөжүүлэх зэрэгт хамтран ажиллахыг хүсч байна. Тухайлбал, Байтагийн боомтын үйл ажиллагааг өргөжүүлэх, Нарансэвстэй-Мазуншант боомтыг нээх ажиллуулахад анхаарал тавьж ажиллахыг хүсч байна гэв.

Элчин сайд Шэнь Миньжюан, манай хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж, дээд, өндөр түвшний харилцан айлчлал идэвхжиж байна. БНХАУ-ын дэд дарга Хань Жөний Монгол Улсад хийсэн айлчлал хоёр улсын харилцааны түүхэнд тэмдэглэгдэх ач холбогдолтой айлчлал болсон тухай онцлоод Монгол Улсын төрийн тэргүүн, УИХ-ын дарга, Ерөнхий сайдтай хийсэн уулзалтуудын ач холбогдлыг тодотгож байв. Мөн тэрбээр, хамтарсан Засгийн газар, өргөжсөн УИХ-ын үйл ажиллагааны оновчтой бодлого, шийдвэр хөрш орнуудын харилцаанд ахиц дэвшил авчирна гэдэгт итгэж байна. Манай улс аялал, жуучлалыг хөгжүүлэх талаар нээлттэй бодлого баримталж ирсэн. Нэн ялангуяа Монгол Улсын иргэдийг зорчиход цахим виз олгож эхэлсэн. Хоёр улсын эдийн засаг, худалдаа эрчимтэй хөгжиж буй нь бидний харилцаа ямар төвшинд буйг илтгэж байна.

Монгол Улсын Засгийн газрын дэвшүүлсэн  “Боомтын сэргэлт” бодлогыг дэмжиж, хоёр улсын өндөр төвшинд яриа хэлэлцээрийг үе шаттайгаар үргэлжлүүлэх ёстой хэмээн үзэж байгаа. Тухайлбал, таны онцолж  буй Нарансэвстэй-Мазуншант боомтыг нээхэд байгаль орчны үнэлгээ зайлшгүй шаардлагатай учраас энэ асуудлаар  шийдвэр гарахыг хүлээж байна. Хоёр улсын төвшинд хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр гээд олон ажил бидний өмнө байна. Гагцхүү эдгээр төсөл, хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Элчин сайд миний бие ихээхэн анхаарал тавьж ажиллах болно. Мөн цаашид хоёр улсын харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэд хоорондын найрамдалт харилцааг бэхжүүлэхэд хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаа чухал болохыг Элчин сайд онцолсон юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *