Хүчирхийлэгчийн мэдээллийг ил болгох нь гадаадад үүрэг, Монголд яллагдах шалтгаан!
УИХ дахь АН-ын бүлэг өнгөрсөн лхагва гарагт /2024.09.18/ “Үзэл бодол: Ялтай эрх чөлөө?” нэрт хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулсан.
Энэ үеэр хүний эрх, хууль, хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөгчид болон УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд үзэл бодлоо илэрхийлсэн юм.
Тэдний дундаас УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн байр суурь анхаарал татсан.
Тэрбээр “Бага насны хүүхэд хүчирхийлсэн хүний тухай мэдээллийг ил болгосны төлөө яагаад ял авч байгаа юм бэ. Бусад улс оронд бол энэ хүүхэдтэй хүн бүрийн мэдэх эрхийн тухай асуудал.
Байшин авахдаа хүртэл “Энэ дүүрэгт хүчирхийлэгч амьдарч байна уу” гэдгийг мэдэх эрх нь тэдэнд байдаг. Гэтэл Монголд хүчирхийлэгчийн шүүхийн шийдвэрийг ил болгосны төлөө яагаад ял авдаг юм бэ? Шударга ёс гэдэг хэмжүүр Монголд болон дэлхийн бусад улс оронд тэнгэр газар шиг ялгаатай явж байна” хэмээсэн юм.
Тэр ямар кейс ярив?
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинтэй холбогдож тодруулахад, тэр сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн ял авсан нэгэн үндэслэлийг ийн дурдсан гэдгээ хэллээ.
Н.Өнөрцэцэгийг Эрүүгийн хуулийн,
- 13.11 дүгээр зүйлд заасан “Хувь хүний нууцыг задруулах”
- 13.14 дүгээр зүйлд заасан “Худал мэдээлэл тараах”
- 18.3 дугаар зүйлд заасан “Татвар төлөхөөс зайлсхийх”
- 18.6 дугаар зүйлд заасан “Мөнгө угаах”
- 19.11 дүгээр зүйлд заасан “Төрийн нууцыг хууль бусаар олж авах” гэж таван зүйл ангиар буруутгасан. Улмаар дөрвөн жил, есөн сарын хорих ял оноосон билээ.
Тэгвэл УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн онцолсон нь хамгийн эхний буюу “Хувь хүний нууцыг задруулах” зүйл анги байна.
Дорноговьд 12 настай охин амиа алдсан хэрэг гарахад сэтгүүлч Н.Өнөрцэцэг хэрэгтнийг өмнө нь хүүхэд хүчирхийлж байсан тухай мэдээлсэн байдаг. Энэ нь хувийн нууц задруулсан Эрүүгийн гэмт хэрэг болчихжээ. Нийт хорих ялын хоёр жил нь чухам үүнд үндэслэсэн гэдэг мэдээлэл байна.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингий хэлдэг үнэн. БНСУ зэрэг бусад улс оронд өмнө нь хүчирхийлэл үйлдэж байсан этгээдийн мэдээллийг ил болгодог. Дурын иргэн танилцах боломжтой. Тэр бүү хэл тухайн амьдарч буй орчин тойронд нь хүчирхийллийн ялтай хүн бий эсэхийг ч хянадаг тогтолцоо бий.
Гэтэл дахин 12 настай охины амь насанд халдчихаад буй этгээдийн урьд өмнөх ялын тогтоолыг мэдээлсэн Н.Өнөрцэцэг ял авсан нь эрхгүй шударга ёсны хувьд эргэлзээ төрүүлж байгаа юм.