Уур амьсгалын өөрчлөлт дагасан эрсдэл гурван жил дараалан тохиолдвол Монголын эдийн засаг 20 хувиар саарна

0

Дэлхийн Банк Группээс “Уур амьсгал ба хөгжил” тайлангийн үр дүнг өнөөдөр танилцууллаа. Энэхүү тайланд Монгол Улс уур амьсгалын өөрчлөлт болон дэлхий дахин нүүрстөрөгч багатай эдийн засагт шилжихтэй холбоотой өвөрмөц сорилт, бэрхшээлтэй тулгараад байгаа талаар дурджээ. “Уур амьсгал ба хөгжил” тайлангийн зарим онцлох тоо, баримт, зөвлөмжийг тоймлон хүргэж байна.Онцлох баримт   Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалж зуд, үерийн давтамж ихсэх, нүүрсний экспорт буурах эрсдэлүүд үүсэж болзошгүй гэж тайланд тусгагджээ. Тухайлбал:Зуд

  • Өнгөрсөн жилийн зудаар 6.6 сая толгой мал хорогдсон байна. Энэ нь нийт мал сүргийн 10 орчим хувь юм. Зуд 2000 оноос хойш таван жил тутамд тохиолддог байсан. Харин энэ зууны дунд үе гэхэд Монгол оронд гурван жил тутамд нэг удаа зуд тохиож, хүн амын тавны нэгийг бүрдүүлдэг малчдын аж ахуйд ихээхэн хүндрэл учруулж болзошгүй байна. Түүнчлэн, 10 малчин тутмын 3 нь ядуу амьдарч байгааг тодотгожээ.

Үер

  • Монгол оронд агаарын хэм улам нэмэгдэж, жилийн хур тунадасны хэмжээ хувьсамтгай болох хандлага ажиглагдаж байна. Өмнө нь дунджаар гурван жил тутамд тохиодог байсан үерийн давтамж сүүлийн 10 жилийн хугацаанд илт нэмэгдлээ. Одоогийн байдлаар Улаанбаатар хотод оршин сууж буй 200 мянга гаруй буюу нийслэлийн хүн амын 15 орчим хувь үерт өртөхүйц эрсдэлд орсон бөгөөд цаашид хотын хүн амын тоо өсвөл энэ тоо улам нэмэгдэх хандлагатай байна. Үерт өртөх эрсдэлтэй иргэдийн дийлэнх нь ядуу, үерийн аюулыг даван туулах чадвар дутмаг байна.

Нүүрсний экспорт багасах: Монгол Улс 2023 онд нүүрсний олборлолт ДНБ-ий 12 хувь, экспортын 58 хувийг бүрдүүлсэн бөгөөд үүний дийлэнх хэсгийг БНХАУ руу экспортолсон. БНХАУ-ын зүгээс 2060 он хүртэл нүүрстөрөгчийн ялгарлыг саармагжуулах стратегийн хүрээнд нүүрсний хэрэглээгээ алгуур бууруулж, зогсоох зорилт дэвшүүлээд байна. Иймд 2040-өөд он гэхэд БНХАУ-ын Монголоос импортлох нүүрсний эрэлт эрс буурах төлөвтэй байна.Эдгээр гурван эрсдэл зэрэг тулгарвал эдийн засагт маш хүндээр тусах магадлалтай аж. Түүнчлэн, Монгол Улс дэлхийн нийт хүлэмжийн хийн ялгарлын 0.2 хүрэхгүй хувийг эзэлдэг боловч нэг хүнд ноогдох хүлэмжийн хийн ялгаруулалтын хэмжээгээр есдүгээрт жагсаж байна. Монгол Улсын нэгж ДНБ-д ногдох хүлэмжийн хийн ялгаруулалт нь БНХАУ-аас 7 дахин, АНУ-аас 22 дахин өндөр түвшинд байна.Онцлох зөвлөмж“Уур амьсгал ба хөгжил” тайланд уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах асуудлыг эдийн засгийн хөгжлийн зорилттой зэрэгцүүлсэн богино болон дунд хугацааны бодлогын цуврал арга хэмжээ авахыг зөвлөжээ. Эдгээр дотроос дараах арга хэмжээг ойрын хугацаанд авах нь зүйтэй гэж үзсэн байна. Үүнд:

  • Байгалийн капиталын менежментийг оновчтой болгох, ХАА-н салбарын хөнгөлөлт, урамшуулал, татварын системийг шинэчлэх, ойн менежмент, нөхөн сэргээлт хийх, хөдөө аж ахуйн ус ашиглалтын үр ашгийг дээшлүүлэх, замаар хөдөө орон нутагт уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах;
  • Нүүрсний эрэлт буурах ирээдүйн төлөвт бэлдэх шаардлагатай байна. Түүнчлэн, Монгол Улсыг дэлхийд бусад ашигт малтмал болон холбогдох үйлчилгээний ханган нийлүүлэгч орон болгоход бэлтгэх;
  • Цахилгаан, дулааны тарифын шинэчлэлийг хэрэгжүүлж, төсвөөс олгох татаасыг бууруулах, эрчим хүчний системд учирч буй одоогийн дарамт буюу ачааллыг бууруулахын тулд эрчим хүчний хэмнэлтийн арга хэмжээнд хөрөнгө оруулах, салхи, нарны эрчим хүчийг ашиглах боломжоор хангах хэрэгтэй. Үүний тулд эрчим хүчний хуримтлал, хадгалалтыг системд нэгтгэж, сүлжээний хүчин чадал, уян хатан байдлыг сайжруулах;
  • Гамшгийн хариу арга хэмжээний санхүүжилтийг нэмэгдүүлж, дахин тодруулга хийх, хөдөө орон нутагт гамшгаас хамгаалах бэлэн байдлыг бэхжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, нүүрстөрөгчөөс татгалзах хүчин чармайлтад илүүтэй хяналт тавьж, тайлагнах зэрэг багтсан багтжээ.

Хамгийн гол нь Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход чиглэсэн дорвитой арга хэмжээ аваагүй тохиолдолд хэтдээ өндөр хохирол амсах эрсдэлтэй. Уур амьсгалын болон эдийн засгийн эрсдэлүүд гурван жил дараалан тохиолдвол Монгол Улсын эдийн засгийн 20 хувийг танах, ажилгүйдлийг нэмэгдүүлэх, орлогыг бууруулах, илүү олон хүнийг ядуурал руу түлхэх эрсдэлтэй байгааг тайланд онцолсон байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *