“Санал авах өдөр амрааж байгаа нь сонгуульд оролцох боломж олгож байгаа юм”

0

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн талаар Үндсэн хуулийн Цэцийн дарга асан, Академич, хууль зүйн шинжлэх ухааны доктор Ж.Амарсанаатай ярилцлаа.

-Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагаа 2024 оны аравдугаар сарын 11-ний өдрийн 07.00-20.00 цагт болно. Орон нутгийн Хурал чухал ямар эрх хэмжээ, чиг үүрэгтэй байгууллага гэдгээс ярилцлагаа эхэлье?

-Аймаг, нийслэл, сум, дүүргийн төрийн байгууллага буюу удирдлага нь Засаг дарга толгойлсон тэдгээрийн захиргаа. Харин иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь төрийн байгууллага биш, нутгийн иргэд өөрсдөө өөрсдийгөө удирдах байгууллага юм. Ийм ч учраас Үндсэн хуульд нутгийн өөрөө удирдах ёс гэж бататгасан. Үндсэн хууль, хуулиар тэдгээрийн бүтэц, зохион байгуулалт, эрх хэмжээ, чиг үүргийг нь тогтоож өгсөн.

-Иргэд төлөөллөө болгож сонгосон иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаа хяналт хэр тавьж байна?

-Тун хангалтгүй. Улсын төсвийн дийлэнх нь татварын орлого. Үүнийг хэрхэн зарцуулж байгаад бүгд хяналт тавих шаардлагатай, төсвийн хуваарилалтад оролцох хэрэгтэй.

-Орон нутгийн сонгуулийн тухай хууль Нэгжийн тухай хуулийн зарим заалт хоорондоо зөрчилтэй гэх юм?

-Ийм зөрчил, хийдэл байдаг нь хууль тогтоох ажиллагааны дутагдал. Үүнийг зохицуулж, шийдвэрлэж болно. Сүүлд батлагдсан нь, эсвэл тухайн асуудлыг нарийвчлан зохицуулсан нь давуу байдаг.

-Байнга оршин суугаа хаягаасаа өөр газар ажилладаг хүмүүсийн хувьд Үндсэн хуулиар баталгаажсан сонгох эрхээ эдлэхэд хүндрэлтэй байдаг. Сонгуулийн ерөнхий хороо Ажлын хэсэг гаргаад уул уурхай, зам тээврийн компаниудад ажиллаад уулзалт хийхэд олонх нь урьдчилж саналаа өгмөөр байна гэсэн?

-Сонгох эрхийг эдлүүлэхийн тулд хуульд зохицуулалт хийх боломж бий. Шилжин суурьших хугацааг сонгуулийн жилд зохицуулж болно. Шуудан, холбоог ашиглаж болно. Тун удахгүй интернэтээр санал өгөх ч хялбар болох байх.

-Энэ удаагийн сонгуульд 17277 нэр дэвшигч өрсөлдөж байна. Нас, насны төлөөлөл байна, салбар бүрээс бараг нэр дэвшжээ?

-Нэр дэвшигчдийн дундаж нас 35 орчим байгаа нь тун боломжийн. Нэр дэвшигчдийн гуравны нэг нь эмэгтэйчүүд байгаа нь Азийн орны хувьд чамлахаар тоо биш. Нийгмийн хөгжлөө дагаад энэ тоо нэмэгдэх нь гарцаагүй. Нэр дэвшигчид заавал дээд боловсролтой байх шаардлагагүй. Юуны өмнө сэтгэцийн хувьд эрүүл байх хэрэгтэй. Мэдээж ажил, мэргэжилтэй байвал сайн. Залуудаа тэтгэвэрт гарсан цэрэг, цагдаа, эрүүл мэнд, урлагийнхан гээд төлөөлөгч болчихоор маш олон хүн харагдсан.

-Орон нутгийн сонгуулийн ирц ямар байх бол?

-Урьд, урьдын туршлагаас харвал 18-25 насныхны оролцоо тааруу байдаг. Сурталчилгаа, мэдээлэл чухал ч асуудал шийдэгдэхгүй. Цаашдаа зургаадугаар сард Улсын Их Хурлын сонгуультай хамт явуулж байвал ирц, хөрөнгө гэх мэт олон асуудал шийдэгдэх байх. Ер нь цаашдаа сумдыг цөөлөх нь ард түмний амьжиргаанд тун ч нэмэртэй дээ.

-Сонгогчдод хандаж Та юу хэлэх вэ?

-10 дугаар сарын 11 амралтын өдөр. Энэ бол Танд сонгуульдаа оролцох бололцоо олгож байгаа ажлын бус өдөр юм. Гар утсаараа, сошиалд гомдоллохоосоо өмнө өөрийгөө төлөөлж ажиллах зөв хүнээ сонгох, сонгуульд оролцох нь чухал байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *