СУРВАЛЖИЛГА: Хүүхэд ханиад хүрэхэд л хосуудын нэг нь гэртээ сууж, өрхийн санхүүд хүндрэл үүсдэг
Жавар хургасан хүйтэн өдрүүдэд монголчууд даарч бээрэхийн зовлон дээр ханиад томуу гэх асуудалтай нүүр тулдаг. Ханиалгаж, уйлагнаж, халуурсан хүүхдүүд эмнэлгээр дүүрэн. Хүлээн авах зааланд эмчид үзүүлэхээр дугаарлаж буй иргэдийн ихэнх нь өвчиндөө шаналах уйлах хүүхдээ тэвэрсэн эцэг эхчүүд. Тэд хүүхдээ үзүүлэхээр цаг гаруй дугаарлаж байна.
2024.10.09-ны өдрийн 14:20 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэгт очиход ийм дүр зураг угтлаа. Агаар дуслын замаар дамжиж халдварладаг томуу, томуу төст өвчинд цэцэрлэгийн насны хүүхдүүд хамгийн их өртөмтгий байдаг. Хэдий ханиад томууны оргил үе эхлээгүй ч эмнэлэг өдрийн цагаар хүртэл ийн ачаалалд дарагдсан нь энэ байв. Энд ихэвчлэн хатгалгаа болсон хүүхдүүд хэвтэн эмчлүүлж байгаа аж.
ХҮҮХЭД ХАНИАД ХҮРЭХЭД НЬ ХОСУУДЫН НЭГ НЬ ГЭРТЭЭ СУУЖ, ӨРХИЙН САНХҮҮД ХҮНД ТУСДАГ
Хүүхдээ эмнэлэгт хэвтүүлэхээр хүлээн авах тасагт сууж буй залуу эмэгтэй “Цэцэрлэгт ханиад маш их байна. Хүүхдээ цэцэрлэгт явуулаад л ханиад хүрсэн. Энэ жил их цэртэй ханиад байгаа бололтой. Ер нь утаанаас болов уу гэж хардаж байна. Ойрд их утаатай байна. Өчигдөр бүр өмнөх өдрүүдээсээ ч илүү байсан болохоор сонин ханиалгах шиг болсон. Өглөө нь өрхийн эмнэлэгт үзүүлтэл хатгалгаа болж хэвтэх бичиг өгсөн. Бид хоёр хэвтэн эмчлүүлэхээр бэлтгэлээ базаагаад хүлээж байна” гэлээ. Түүнийг Б.Марал /нэр өөрчлөв/ гэдэг бөгөөд нөхөр хоёр хүүхдийн хамт байшинд амьдардаг. Энгэртээ тэвэрсэн хүүхдийнх нь царай нурмайж, уйлагнана.
Б.Марал өвөл ханиад томуугийн дэгдэлтийн үед эм тарианд хамгийн багадаа 100 мянган төгрөг зарцуулдаг аж. Хэрэв хоёр хүүхэд нь зэрэг ханиад хүрвэл 300 мянган төгрөгөөс дээш төгрөгийг зөвхөн эм тарианд зарцуулахын зэрэгцээ нэг нь заавал хүүхдүүдээ гэртээ харж ажлаасаа чөлөө авах, улмаар гарахдаа тулдаг нь залуу гэр бүлд санхүүд нь хүнд тусдаг болохыг ярьж байсан юм. Түүнтэй адил Монголын мянга, мянган залуу гэр бүл ийм асуудалтай нүүр тулдаг нь нууц биш.
ГАРАА САЙТАР УГААЖ, АМНЫ ХААЛТ ЗҮҮХ, ШИНГЭН ЗҮЙЛ САЙН УУЖ ШИМ ТЭЖЭЭЛТЭЙ ХООЛ ИДЭЭРЭЙ
Ханиад томууны дэгдэлт хэр байгаа талаар Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн Хүүхдийн тасгийн их эмч Б.Ариун-Ундрал “Аденовирус, ритовирус, риновирусний гаралтай ханиад түгээмэл байна. Амьсгалын замын өвчнөөр хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн 20-30 хувийг 0-2 насныхан эзэлж байна. 9-14 насныхны хувьд хатгалгаагаар өвчилж биеийн байдал нь хүндрэх тохиолдол гарах боллоо. Нярай хүүхдүүд ч ханиад нь хүндрээд ирж байна. “2-5 хоног ханиалгаж халуурлаа” гэдэг. Үзэхээр хатгаа болчихсон байдаг” гэлээ. Түүний зөвлөснөөр хэрэв ханиад хүрсэн бол,
- Гэртээ чийгтэй цэвэрлэгээг маш сайн хийнэ,
- Агаараа тогтмол сэлгэнэ
- Хүүхэд гадуур явж байгаад ирсэн бол хамрын салстыг нь цэвэрлэх
- Гарыг нь сайтар угаалгах
- хоолойг зайлуулах
- халуун бүлээн ус уулгах
- шим тэжээлээр баялаг хоол өгөхийг зөвлөв.
Үргэлжлүүлэн хэлсэн үгэндээ “Улирал солигдож буй үед хоол тэжээлд нь илүү анхаарах хэрэгтэй. Ингэхдээ олон төрлийн ногооны орц найрлагатай хоол хийж өгөх хэрэгтэй. Мөн хүүхдийг аль болох олон нийтийн газраар авч явахгүй байх нь чухал. Хэрэв ийм тохиолдолд амны хаалт зүүлгэх нь чухал. Халуурч байгаа үед шингэнээ их алддаг тул уух зүйл сайн өгч байгаарай” гэж зөвлөсөн юм.
Эмчийн хаалга сахиж дугаарлаж буй хүүхдээ дагуулсан хүмүүсийн ихэнх нь амны хаалтгүй байлаа. Гэтэл эмнэлэг бол өөрөө халдварын голомт байдаг. Иймд амны хаалт зүүхийг өрхийн эмч, мэргэжилтнүүд зөвлөлөө. Энэ удаагийн ханиад, томуугийн дэгдэлт нус, цэр ихтэй, хоолой сөөх зэрэг шинж тэмдэг их илэрч байгаа аж.
ХҮҮХДҮҮД ХАЛУУРЧ БӨӨЛЖИХ, СУУЛГАХ ШИНЖ ТЭМДЭГТЭЙ ИРЖ БАЙНА
Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны “Ижил санаа” өрхийн эмнэлгийн Их эмч Т.Болор-Эрдэнэ: Бага насны хүүхдүүд цэрээ гаргаж чадахгүйгээс болж бөөлжих зовиуртай байна. Ер нь хүүхдүүд халуурч ирж байна. Өглөө цэцэрлэг, сургууль эхлэхээс өмнө ийм шинж тэмдэгтэй хүүхдүүд эцэг эх нь дагуулж маш их ирдэг, ачаалалтай байна” гэлээ.
Эмчийн зөвлөснөөр хүүхдэд халуун бүлээн шингэн зүйл сайтар өгч, C витамин өгөх, шим тэжээлтэй хоол өгөх, дулаан хувцаслахыг зөвлөлөө. Өрхийн эмнэлгийн тухайд өглөө 08.30-10:00 цаг, үдээс хойш 16:00 цагийн үед оргил ачаалалтай байдаг аж. Дараа нь дөрөвдүгээр хорооны өрхийн эмнэлгээр ороход эмч нь ярилцлага өгөхөөс эрс татгалзав. Одоогоор өрхийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаагүй байна. Наад захын ганц дүүргийн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвөөр ороход л ийм ачаалалтай байгаа нь анзаарагдав.
Эх сурвалж:Ubn.mn