ЭРЭЭНИЙ ЯГААНЫ ГУДАМЖ “НАМАЙГ АВААЧ” ГЭЖ ШАЛАХ МОНГОЛ ОХИДООР ДҮҮРЧЭЭ
Монгол охидын биеэ үнэлдэг гудамж. БНХАУ-ын Эрээн хот. 2024 оны есдүгээр сарын 18.
Хил хаахтай зэрэгцээд Эрээний хилээр давлаа. Монголчууд хоёр хилийн дунд ачаагаа үүрч, өргөж, өшиглөж, заримыг нь гулдчаад гүйлдчихдэг юм байна. Нэг хүний ачаа гэхэд багадаа гурван хайрцаг, хоёр цүнх, дөрвөн тор байх ажээ. Мөнгөний мод шиг хүзүү, толгой, гар, мөр, нуруу гээд ачаагаа бэхлээгүй газар алга.
Замын-Үүдийн төрийн байгууллагын жолооч хил гарах ажилтай гэхээр нь дайгдаад суучихсан юм. Өнөөх жолооч энд арав гаруй жил ажиллаж байгаа. Хууль, хууль бус гээд бүгдийг нь мэднэ гэнэ. Эрээний солонготой хашаанаас чигээрээ давхисаар байгаад, баруун эргээд “Саун массаж, бүтэн биений угаалга” гэх хаягаар дүүрэн гудамжинд хүрэв. Гэгээ тасрах болоогүй учир энд эл хуль байна. Ганц, хоёрхон эмэгтэй гадуур нь эргэлдэж, нааш, цааш алхаж байгаа харагдах ажээ.
МОНГОЛЫН 700 ОХИН ЭРЭЭНД БИЕЭ ҮНЭЛЖ БАЙНА
Гаднаасаа халуун усны газар, массаж, саун гэх хаягтай харагдах энэ хэсэг Эрээний ягааны гудамж. Энд Монголын 700 эмэгтэй тогтмол биеэ үнэлдэг гэнэ. Орой болохоор охид гудамжинд гарч зогсдог, зарим нь өрөөндөө дуудлага хүлээдаг, зарим нь ч хэдийнэ дуудлагын дагуу үйлчилгээгээ гарчихсан байдаг гэнэ.
Эрээний биеэ үнэлэгчдийн талаар нэгэн танил маань “Монголын охид Эрээнд ирж биеэ үнэлэх нь жил ирэх тусам нэмэгдэж байна. Тогтмол хяналтад байдаг 650-700 охин бий. Энэ охид ганцаараа ирнэ гэж байхгүй. Дандаа ойр хавийн найз, танил, хамаатнуудаа дууддаг. “Энд өндөр цалинтай ажил байна” гэж уруу татаж, гоё, сайхан үгээр хуурч, мөнгө зээлээд эндээ авчирдаг. Тэгээд ирэнгүүт нь гадаад паспортыг нь хурааж аваад зуучилдаг хүндээ өгчихнө. Мөнгө зээлж, өрөнд орсон, гадаад паспортгүй болсон хүмүүс буцах аргагүй. Эхний ганц, хоёр удаа эсэргүүцнэ. Сүүлдээ их мөнгө олоод ирэхээрээ ажилдаа гаршина, зарим нь ч хийхээс аргагүй байдалд ордог байх. Ингэж л биеэ үнэлэх зам руу орж байгаа юм. Хууль хяналтын байгууллагынхан биеэ үнэлж байгаа охидыг хөөж гаргаад, хар тамга дараад ч нэмэргүй. Хоёр жилийн дараа эргээд ороод ирнэ. Бүүр Монголд очоод зуучлагч болж, охидыг Эрээн рүү явуулдаг сүлжээ байгуулчихсан байдаг гэсэн. Хамаатны эгч, дүүсийн хүүхдүүд л удам судраараа биеэ үнэлж байгааг харах эмгэнэлтэй байдаг даа. Энд байгаа охид амар хялбар аргаар мөнгө олохыг хүсэгчид. Зарим нь ч хүний эрхэнд арга буюу ажиллаж байгаа байх. Ар гэр нь хөөцөлдөх боломжгүй, мөнгө төгрөгний боломж муутай улс чинь хүний эрхэнд орох нь амархан” гээд толгойгоо сэгсэрч байна.
Хамт явсан жолооч ч мөн адил “Наадуулыг чинь дийлэхгүй ээ. Биеийг амрыг бодоод, их мөнгөний амтанд орчихсон. Зарим нь үнэхээр хүний наймааны золиос болоод ирчихдэг. Тэгээд төд удалгүй их мөнгөтэй болоод ирэхээрээ ах, дүү, найз нөхдөө дуудчихна. Өдөржин буудлын өрөөнд унтаж, орой нь ажилдаа гардаг. Зуны улиралд биеэ үнэлэгчдийн тоо улам нэмэгдэнэ. Ажил хийх нэрээр Эрээнд ирэх охидын тоо нэмэгддэгтэй холбоотой” гэж хүч нэмэв.
16-30 НАСНЫ ЭМЭГТЭЙЧҮҮД БИЕЭ ҮНЭЛЭХ “ЭРХТЭЙ”
Саун, халуун усны газраар үйлчлүүлэхээр орсон биднийг тоож байгаа ч хүн алга. Үүдэнд сууж байгаа өвөрмонголчууд “Онгойх арай болоогүй байна. Оройны цаг дууссан” зэрэг хариултыг тоть шиг давтав. Замын хажуу талд зогсож байгаа хэд хэдэн таксины жолооч “Хөгшин эмэгтэйчүүдийг ажилд авдаггүй” зэргээр шаагилдах ажээ.
Биеэ үнэлэлж байгаа эмэгтэйчүүд 16-30 настай. 30-аас дээш насны эмэгтэйчүүд биеэ үнэлэх “эрхгүй” гэнэ. Саун, массажны хаалгыг нь татсан 20 орчим насны охидыг бол тэд алддаггүй юм байна. “Ороод ирээч, сайн найз аа. Чи хэзээ энд ирэв ээ. Манайх хамгийн сайн гэр шүү. Мөнгийг чинь бэлэн өгнө өө. Дээшээ гараад амьдарч болно оо. Чиний үеийн найзууд чинь байгаа. Чамайг согтуу хүнд өгч явуулахгүй” зэргээр хоргоож, ажилд авахын хүслэн болдог юм байна. Монгол охидыг эл гудамжинд биеэ үнэлдэг гэдгийг Замын-Үүд, Эрээнийхэн андахгүй. Таксины жолоочид хамгийн сайн мэддэг аж.
МОНГОЛЫН ОХИД ХЯТАДУУД 300 ЮАНЬ, МОНГОЛЧУУДАД 400 ЮАНИАР ҮЙЛЧИЛЖ, 70 ХУВИЙГ НЬ ӨӨРӨӨ АВДАГ
Эл гудамжны гол зохион байгуулагчид нь өвөрмонголчууд. Тэд охидыг зуучилж, ачилд авч, үйлчлүүлэх хүн олж ирдэг. Бизнесийн хамтрагч, найз нөхөд гээд хэнд ч тэд Монгол охидыг зарах эрхтэй. Мөнгийг нь төлсөн хэнийг ч дагуулаад явуулчихдаг гэнэ. Монголын охид хятадууд цагийн 300 юаниар үйлчилдэг ажээ. Төлбөрийнх нь 30 хувийг өвөрмонголчууд байр, хоолных нь мөнгөнд зарцуулах нэрээр хурааж авдаг гэнэ. Харин Монголын иргэдэд 400 юаниар үйлчилдэг тухай ярилаа.
Эх сурвалжийн бидэнд өгч буй мэдээллээр “Цагийн хөлс нь монгол төгрөгөөр 150-200 мянга. Өдөрт хэчнээн хүнд үйлчлэхийг өвөрмонголчууд мэднэ. Үйлчлүүлэгч олон байх юм бол хэд ч хамаагүй явна. Согтуу хятад, монголчуудад зодуулна, элдвэрээ хэлүүлнэ. Гэхдээ л тэд биеэ үнэлсээр байдаг. Монголд сар ажил хийгээд авах цалинг өдрийн дотор олдог болохоор аргагүй биз. Цэцэг цэврүү шиг жаахан охид хүний наймааны золиос болж, хятадын эрчүүдэд үйлчилж байгааг харах тун ч эмгэнэлтэй. Заримыг нь консул болон албаныханд хэлж, хүчээр хил давуулж л байлаа. Тэгж гаргасан хэд хэдэн охинтой эргээд таарч байгаа юм. Дөнгөж 16-хан настай охин биеэ үнэлээд явж байна гэхээр хэцүү байгаа биз” гэсэн юм.
ОХИДЫГ 30 ХОНОГ ТУТАМ ЗАМЫН-ҮҮДИЙН ГУРВЫН ХААЛТААР ГАРГАЖ, ШОН ТОЙРУУЛААД БУЦААДАГ
“Эрээний хамгийн ашигтай бараа монгол охид” гэх хүртэл яриа байдаг ажээ. Орой болохоор эл гудамж “Намайг аваач” гэж шалах монгол охидоор дүүрдэг гэнэ. Цагаан гэгээ тасрахтай зэрэгцээд л тогос шиг гоёж, гангалсан охид “үүр”-нээсээ гараад ирдэг юм байх.
Монгол Улсын иргэд БНХАУ руу 30 хоногийн хугацаанд визгүй зорчих боломжтой. Охид 30 хоног Эрээнд амьдарч, өдрийн хагаст Монголд орж ирдэг гэнэ. БНХАУ-д визгүй зорчих 30 хоногийн хугацааг хэтрүүлсэн тохиолдолд суугаа улсын хуулийн дагуу зөрчлийн болон эрүүгийн хариуцлага хүлээхээс гадна хэтрүүлсэн хоног тутамд 500 юанийн торгууль ногдуулдаг. Ийм учраас өвөрмонголчуудын хяналтан дор охид сардаа нэг удаа Замын-Үүдийн боомтоор нэвтэрч, гурвын хаалтаар тойроод буцдаг гэнэ.
Харин биеэ үнэлж байгаад баригдвал Монголын хуулиар шийтгүүлж, Зөрчлийн хэргээр 100-300 мянган төгрөгөөр торгуулдаг аж. Үүнээс өөр шийтгэл байхгүй учраас биеэ үнэлэлт даамжирсаар, газар авсаар байгааг хүмүүс хэлж байна лээ.
ААВ, ОХИН ХОЁР ЭРЭЭНИЙ ЯГААНЫ ГУДАМЖИНД ТААРЧ, ОХИН НЬ АМИА ХОРЛОЖЭЭ
Монгол охид хятадуудад үйлчлэхээс гадна монголчуудад үйлчилнэ. Ихэхдээ нүүрсний тээврийн жолооч, худалдаа наймаа эрхлэгчид байдаг гэнэ.
Хамт явсан жолооч “Өнгөрсөн хавар харамсалтай хэрэг гарсан. Том тэрэгний жолоочид өвөрмонгол хамтрагч нь биеэ үнэлэгч “бэлэглэсэн” юм байна лээ. Өвөрмонголчууд чинь хамгийн сайн хамтрагчаа энд авчирдаг байхгүй юу. Ах хүү буудлын өрөөнд ороод хэвтэж байхад нь гаднаас 16 настай өөрийнх охин нь ороод ирсэн гэсэн. Охин нь Эрээнд сургуульд сурч, аавтайгаа ирэх болгонд л уулздаг байсан байгаа юм. Хичээлдээ явж байгаа юм шиг л байж, ар гэрээсээ мөнгө авдаг. Өөрөөр хэлбэл, аав нь биеэ үнэлэгч авахад өөрийнх нь охин зогсож байсан гэсэн үг. Тэгээд тэр охин буудлаас гүйж гараад амиа хорлочихсон. Ийм аймшигтай, хүний санаанд багтмааргүй, ой гутам хэрэг гарсан. Харамсалтай байгаа биз дээ” гээд толгойгоо сэгсэрч, биеэ үнэлж буй охидыг үзэн ядаж байгаагаа илэрхийлэв.
Эрээний энэ гудамж өдрийн цагаар халуун усны газар. Харин орой нь ягааны гудамж. Охид саун, массажны дээд талын өрөөнд амьдардаг. Өдөржин унтаж, орой нь үйлчлэх хүнийхээ тоог аваад гардаг юм байна. Гадаад паспорт, өр, авлагын дэвтэртэй учир тэд зугтаана гэсэн ойлголт байхгүй.