“Эрчим хүчний үнэ нэмэх асуудлыг Засгийн газарт танилцуулна”

0

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгээс цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.


-Эрчим хүчний үнийг арваннэгдүгээр сарын 1-нээс нэмнэ гэдэг албан бус мэдээлэл цацагдсан. Үүнтэй холбоотой шийдвэр хэзээ албажиж гарах вэ?

-Эрчим хүчний зохицуулах хорооноос үнэ тариф нэмэх асуудлыг бие даан шийдвэрлэдэг зохицуулалттай. Гэхдээ Эрчим хүчний яамнаас үнэ тариф нэмэх асуудлаар холбогдох судалгааг хийж байна. Ойрын хугацаанд Засгийн газар болон Эрчим хүчний үндэсний хороонд танилцуулна. Нэг талдаа шийдвэр гарахаар олон нийтэд танилцуулна. Бид 2024-2025 оны өвөл цахилгаан эрчим хүчний хэдэн хувиар өсөх вэ гэдэг нарийн судалгааг хийж чадахгүй байна. Бид ийм төсөөлөл хийх гэж оролдсон. Өнгөрсөн 2023 онд эдийн засгийн өсөлт 7 хувьтай байхад эрчим хүчний чадлын өсөлт 12 байсан юм чинь энэ жил ялгаагүй 12 хувиас доошгүй өсөх болов уу. Магадгүй 15-16 хувиар өсвөл цахилгаан эрчим хүчийг өвлийн их ачааллын үед хязгаарлалт хийхийг үгүйсгэхгүй.

Тог цахилгааны өр төлбөртэй айл өрхийг хөнгөлөлтөд хамруулахгүй байх асуудлыг хэлэлцэж байгаа. Төлбөрөө төлөхгүй хүнд хөнгөлөлт үзүүлэх боломжгүй.

Эрчим хүчний салбар өөрөө төлбөрийн алдагдалд орчихсон. Эрчим хүчний сайдаар зорилтот түвшинг батлуулдаг 27 төрийн өмчит компани байна. Эдгээрийн 539.6 тэрбум төгрөгийн богино хугацаат өр төлбөр, 1.8 их наяд төгрөгийн урт хугацаатай өр төлбөр байна.

-Ирэх өвлийн бэлтгэлийг бүрэн хангасан уу?

-Системийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил 2024 оны аравдугаар сарын 1-ний байдлаар 86.8 хувьтай үргэлжилж байна. Өмнөх жилүүдийн мөн үетэй харьцуулахад 2023 онтой ижил түвшинд, 2022 оноос дөрвөн хувиар өндөр биелэлттэй явж байна. Энэ жил зохион байгуулалтын ажлыг цаг хугацаанд нь хийж, сая төсвийн тодотголоор 131 тэрбум төгрөгийн татаасыг эрчим хүчний салбарт нэмж, өвөлжилтийн бэлтгэлийг санхүүжүүлсэн. Төрийн өмчит компаниудад есдүгээр сарын 30-ны дотор холбогдох татаасуудыг хүргүүлсэн байгаа. Тиймээс энэ өвөл урьдны өвлийн хэмжээнд даван гарах болов уу. Хэт хүйтэрчихгүй бол нийслэл хот өнгөрсөн жилийнхээ түвшинд өвөлжинө гэж бодож байна. Бид ямар ч байсан хөлдөлт үүсгэхгүй байхаар төлөвлөж байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *