ВЬЕТНАМЫН ХАНОЙ ХОТЫН АУИС-ИЙН ЭМНЭЛЭГТЭЙ ХАМТАРЧ СУРГАЛТ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Э.Галбадрах тэргүүтэй удирдлагын баг Вьетнам улсын “МЕДИТРОНИК” ХХК-ийн ерөнхий захирал Нгуен Мань Туан, Үндэсний ассамблейн гишүүн, эм зүйн ухааны доктор, дэд профессор, Ханой хотын АУИС-ийн эмнэлгийн дарга Нгуен Лан Хью, Оношлогооны төвийн захирал Ле Туан Лин, Сэргээн засахын төвийн захирал Хоанг Ти Хонг Ван нарыг хүлээн авч уулзлаа.
Тус уулзалтаар Вьетнамын зочид төлөөлөгчид ГССҮТ-ийн удирдлагыг Ханой хотын АУИС-ийн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцуулах, гэмтэл согогийн чиглэлээр хамтарч хийх томоохон ажлуудыг ярилцаж төлөвлөсөн байна.
Энэ хүрээнд ГССҮТ-ийн сувилагч нарын урт болон богино хугацааны сургалтад хамруулах, эмч мэргэжилтнүүдийг ажлын байран дээр сургаж чадавхжуулах, Вьетнам болон Монгол эмч нарыг харилцан солилцож ажиллуулах, мэдээлэл технологиос гадна эмнэлгийн тоног төхөөрөмжийн шинэчлэлт, хөгжүүлэлтийн чиглэлээр хамтарч ажиллахаар боллоо.