“Шар дарцаг” аянд идэвхтэй оролцохыг уриаллаа
НЗДТГ-аас замын хөдөлгөөнд оролцогчийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Шар дарцаг” аяныг эхлүүлжээ. Нийслэлийн Боловсролын газартай хамтран ерөнхий боловсролын 315 сургууль, 656 цэцэрлэгт нөлөөллийн ажил, сургалтыг сарын турш зохион байгуулах юм.
ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир мэдээлэхдээ, “Үзэгдэх орчин хангалтгүй үед, ялангуяа шөнө оройн цагаар жолооч нар шар дарцгийн гэрэл ойлгогчийг 100-150 метрийн цаанаас хараад, хурдаа сааруулж, аюулгүй байдлыг хангадаг. Аян зохион байгуулахад тодорхой үр дүнгүүд гардаг. Энэ оны эхний 9 сард нийслэлд 669 хүүхэд осол өртөж, ослын улмаас 728 хүүхэд гэмтсэн. Эдний олонх нь явган зорчигчоор хөдөлгөөнд оролцож, гэр сургууль, хороолол дотор тоглож байгаад гэмтсэн байгаа юм. Өнгөрсөн есдүгээр сарын 1-нээс хойш сургууль орчмын бүсэд 11 хүүхэд авто осолд өртөж, 7-15 насны 9 хүүхэд явган зорчигчоор хөдөлгөөнд оролцож байгаад гэмтэж бэртжээ. Иймд сургууль, цэцэрлэг орчмын бүсээр зорчиж буй жолооч нар, эцэг эх, иргэд анхаарал болгоомжтой байж, “Шар дарцаг” аянд нэгдэхийг уриалж байна. Шар дарцаг бариад явж буй хүүхэд, иргэдэд зам тавьж өгч, хариуцлагатай байхыг уриалж байна” хэмээв.
“Шар дарцаг” аяныг 2021, 2022 онд “Анхааралтай байвал аюул үгүй”, 2023 онд “Хамтдаа зам тээврийн ослоос урьдчилан сэргийлье” уриатайгаар цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн суралцагч нарт, 2024 онд “Хариуцлагатай жолооч” уриатайгаар хүүхэд, эцэг эх, жолооч нарт хандан зохион байгуулж байгаа юм.
НҮБ-аас 2021-2030 онд зам тээврийн ослын улмаас гарч буй нас баралтыг 50 хувиар багасгах зорилт тавьсан бөгөөд манай орны хувьд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний соёлыг төлөвшүүлэх, эрүүгийн хариуцлагыг чангатгах тодорхой арга хэмжээг хэрэгжүүлж байгаа билээ.