Сонгуулийн дараа ам.долларын ханш 20 төгрөгөөр өсөж, нөөц буурсан нь Монголбанк ханшийг тогтвортой барихын тулд нөөцөөсөө их хэмжээний валютыг нийлүүлсэнтэй холбоотой юу
Сүүлийн хоёр сарын хугацаанд тогтвортой байсан ам.долларын ханш өнгөрөгч баасан гараг /2024.10.11/-т болж өндөрлөсөн орон нутгийн сонгуулийн дараа огцом өсөж, нэг ам.доллар 3407 төгрөгөөр зарагдаж байна. Тодруулбал, сүүлийн тав хоногийн дотор ам.долларын ханш бараг 20 төгрөгөөр чангарчээ.
Албан мэдээнээс үзэхэд, инфляц 6 хувьтай, улсын төсвийн орлого жилийн өмнөхөөс 28 хувийн өсөлттэй, төлбөрийн тэнцэл 3.2 тэрбум ам.долларын ашигтай гарсан байхад ам.доллар яагаад өсөв гэдэг олны анхаарлыг татаж байна.
-МОНГОЛБАНК СОНГУУЛИАС ӨМНӨ ЗАХ ЗЭЭЛД АМ.ДОЛЛАРЫГ ИХ ХЭМЖЭЭГЭЭР НИЙЛҮҮЛЖЭЭ-
Монголбанкны гол үүрэг бол төгрөгийн ханшийг тогтвортой байлгах үүрэгтэй. Иймд дотоодын зах зээлд ам.долларыг нийлүүлдэг. Тэгвэл орон нутгийн сонгуулийн үеэр валютын ханшийг тогтвортой байлгахын тулд Монголбанк өөрийн нөөцөөсөө интервенц буюу зах зээлд ам.долларыг их хэмжээгээр нийлүүлж, ханшийг хүчээр тогтвортой байлгаж байсан байж магадгүй байна.
Учир нь Монголбанкны гадаад валютын дуудлага худалдааны биелэлтийн мэдээллээс харахад, 2024 оны есдүгээр сарын 19-ний өдөр 102 сая.ам долларыг 3380 төгрөгөөр, энэ сарын 03 /2024.10.03/-ны өдөр 70 сая долларыг 3381 төгрөгөөр, энэ сарын 08-ны өдөр 82 сая ам.долларыг 3383 төгрөгөөр тус тус нийлүүлсэн байна.Товчхондоо, Монголбанк их хэмжээний ам.долларыг тогтвортой үнээр зах зээл нийлүүлж байжээ. Гэтэл орон нутгийн сонгуулийн дараа буюу энэ сарын 15 /2024.10.15/-ны өдөр 60 сая ам.долларыг 3388 төгрөгөөр зах зээлд нийлүүлж, дуудах ханшийг нэмэгдүүлсэн байна.
–ИМПОРТЫН ДАРАМТ ВАЛЮТЫН НӨӨЦИЙГ ӨСГӨХГҮЙ БАЙХ ДАРАМЖ БОЛЖ БАЙНА УУ–
Тэгвэл өчигдөр /2024.10.16/ болсон Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн ярихдаа, “Валютын нөөц энэ онд түүхэн дээд хэмжээнд буюу 5.2 тэрбум ам.долларт хүрсэн ч түүнээс хойш Монгол банк БНХАУ-ын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн өрийн 50 хувийг төлж барагдуулсан. Энэ нь валютын нөөц буурахад нөлөөлсөн. Нөгөө талаар импорт өнгөрсөн онтой харьцуулахад 20 хувиар, экспорт зургаан хувиар өссөн нь нөлөөлсөн. Импортын дарамт валютын нөөцийг өсгөхгүй байх дарамт болж байна гэсэн” юм.
Харин УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Валютын нөөц буурсан шалтгаан нь биржээр нүүрсээ зарахгүй байгаатай холбоотой. Нүүрсээ биржээр зар л даа. Өнгөрсөн дөрвөн жил баахан өр төлсөн.Ганцхан энэ жил БНХАУ-ын Ардын банкны зээл төлөөгүй. Төлөөд болоод ирсэн зүйл гэсэн хариултыг өгчээ.