Янжуур тамхины хэргээр Польшийн цагдаагийн газраас интерполоор эрэн сурвалжилж байсан Монгол Улсын иргэн Д.Энхжаргалыг тус улсад саатуулан, шалгаж эхэлжээ
Одоогоос таван жилийн өмнө буюу 2019 оны есдүгээр сарын 30 /2019.09.30/-ны өдөр тухайн үеийн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан мэдээлэл хийж, Польш улсын цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдаж буй Монгол Улсын 69 иргэний нэрийг зарлаж байсан билээ.
Тухайн хүмүүсийн дунд дипломат төлөөлөгчийн газарт буюу ГХЯ-нд харьяалагддаг хүмүүс болон төрийн албанд, улс төрийн намуудын удирдах түвшний, дипломат болон албан паспорт ашиглаж хууль бус наймаанд холбогдсон хүмүүс байгаа гэдгийг тэрбээр онцолж байв. Мөн байнгын хорооноос хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл болон бусад хууль бус наймаанд оролцож байгаа дипломат албан хаагчдад хариуцлага тооцох, дипломат албанаас нь чөлөөлөх, хуулийн хариуцлага тооцуулахаар ажиллаж байгаа гэдгийг тодотгоод 69 иргэний нэрийг зарлаж байсан юм.
Тэгвэл Польш улсын цагдаагийн газраас интерполоор эрэн сурвалжилж байсан Монгол Улсын иргэн Дамдины Энхжаргал гэх хүнийг тус улсад саатуулан, шалгаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ.
Тодруулбал, Монгол Улсын иргэн Дамдины Энхжаргалыг энэ сар /2024.10/-ын эхээр Польш улсад хил нэвтрэх үед нь тус улсын хууль, хяналтын байгууллагынхан баривчилжээ. Түүнийг Польш улсад янжуур тамхи худалдаалсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж, улмаар интерполоор эрэн сурвалжилж байсан аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар“Д.Энхжаргал нь хууль зүйн туслалцаа авахаар өмгөөлөгч хөлсөлсөн бөгөөд өмгөөлөгч нь түүнийг хорих байгууллагаас суллуулах талаар Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суугаа Элчин сайдын яам зэрэг байгууллагад хандан ажиллаж байгаа” гэх мэдээлэл байна.