УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийг боловсронгуй болгох үүрэг бүхий ажлын хэсгийн хуралд оролцлоо
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан УИХ-ын гишүүн Ж.Баярмаагийн ахалж буй Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийг боловсронгуй болгох санал, дүгнэлт гарган, хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралд оролцлоо.
Уулзалтын эхэнд, 1994 онд батлагдсан Жагсаал, цуглаан хийх журмын тухай хууль нь цаг үеэсээ хоцрогдсон төдийгүй хэт ерөнхий хэлбэрээр бичигдсэн учир хууль, эрх зүйн шинэчлэл хийх шаардлагатай болсон талаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалан онцлов. Ардчилал, хүний эрх, эрх чөлөө бүхий үнэт зүйлстэй улс орнуудад тайван жагсаал хийх нь зүй ёсных бөгөөд бусад улс орны сайн туршлага, иргэний нийгмийн байгууллагуудын санал зэргийг харгалзан үзэх шаардлагатай гэлээ.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа жагсаал, цуглаан хийх нь хүний үндсэн эрх учраас үе үеийн парламент уг асуудалд анхаарлаа хандуулж ирснийг сайшаагаад жагсаал, цуглаан хийх зөвшөөрөл олгоход 14 хоног зарцуулж байгааг багасгах шаардлагатай гэв. УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг, А.Ганбаатар нар цагдаа, төрийн байгууллага нь жагсаал, цуглаан хийж байгаа иргэддээ тэгш ханддаг байх хуулийн зохицуулалт хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат 30 жил хэрэгжиж буй Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийг орчин цагийн нийгмийн шаардлагад нийцүүлэн шинэчлэх шаардлага үүссэнийг тодотгоод, жагсагчдын шаардлагад хэн, хэзээ хариу өгдөг байхыг тодорхой болгох нь чухал хэмээн онцоллоо.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн зүгээс аливаа хууль нэн тэргүүнд төрийн байгууллага бус иргэн, хүнийхээ эрх ашгийг хангасан байхад хүн төвтэй хуулийн үзэл баримтлалын гол зорилго оршино гэдгийг тодотгов.
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийг боловсронгуй болгох санал, дүгнэлт гаргах ажлын хэсэг цаашид иргэний нийгмийн байгууллагууд, холбоод зэрэгтэй хамтран ажиллаж санал, дүгнэлтээ боловсруулахаар тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.