Байр суурь: Хууль зөрчсөн томилгоогоор улс 4 тэрбумаар хохирч, 900 саяыг л төлүүлсэн

0

Хууль зөрчсөн томилгоо, чөлөөлөлтөөс үүдэлтэй төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, хяналт тавих чиг үүрэг бүхий төрийн байгууллагуудын уулзалт хэлэлцүүлэг өнөөдөр /2024.10.22/ боллоо. Төрийн албаны зөвлөлийн мэдээллээр улсад нийт дөрвөн тэрбум гаруй төгрөгийн шаардлагыг буруутай шийдвэр гаргасан албан тушаалтанд хүргүүлжээ. Үүнээс одоогийн байдлаар 900 сая төгрөгийг нөхөн төлүүлсэн байна. Харин 3,7 тэрбум төгрөгийн нэхэмжлэлийг бүх шатны шүүхэд гаргасан. Энэ бол том үр дүн гэдгийг албаныхан онцолсон юм.


“ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГА ШҮДГҮЙ АРСЛАН ШИГ Л АЖИЛЛАЖ БАЙНА”

ШШГЕГ-ын дэд дарга, Улсын ерөнхий гүйцэтгэгч Б.Нямгомбо:

-Өнөөдрийн байдлаар захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны бодит биелэлт 41,7 хувьтай, мөнгөн дүнгийн төлөлт 11,6 хувьтай байна. Улсын хэмжээнд нийт 7,7 тэрбум төгрөгийн 417 гүйцэтгэх бичиг баримтад шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахаас өнөөдрийн байдлаар 175 гүйцэтгэх бичиг баримтын 858,8 сая төгрөгийг бодитой биелүүлсэн. Захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагааны бодит биелэлтийн явцад хүндрэлтэй асуудлууд бий. Шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх явцад шийдвэр гүйцэтгэгчийн гаргаж буй хүсэлтийг биелүүлэхгүй байх, нэр төдий хандлага гаргадаг. Ялангуяа төрийн эрх бүхий албан тушаалтан, төсвийн байгууллагууд байдаг учраас хүндрэлтэй асуудлууд тулгардаг.

Төлбөр төлөгч төсвийн байгууллагын дансыг хаах, холбогдох хөрөнгийг битүүмжлэн, хураах ажлыг хийх боломжгүй байдаг. Хөрөнгө нь төрийн өмчид байдаг учраас хураах боломжгүй. Дансыг нь хаах гэхээр төрийн сангийн данс байх жишээтэй.

Энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор 2008 оноос эхлэн Хууль зүй, дотоод хэргийн сайдын төсөвт мөнгөн хөрөнгөөс иргэн, хуулийн этгээдэд учруулсан нөхөн төлбөрийг олгох ажлыг ШШГЕГ зохион байгуулж байна. Нөхөн төлүүлэхтэй холбоотой 51 гүйцэтгэх бичиг баримтын ажиллагаа явуулж байгаагаас үлдэгдэл 14 бичиг баримтын 142 сая төгрөгийг төлүүлэхээр ажиллаж байна. Бодит биелэлт 70 хувьтай байна. Шийдвэр гүйцэтгэгчийн хууль ёсны шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагын асуудал дулимаг байгаа. Ялангуяа эрх бүхий албан тушаалтнуудад тухайн шийдвэрийг биелүүлэх шаардлага, мэдэгдлийг хүргүүлдэг. Хэрэв шаардлага, мэдэгдлийг биелүүлэхгүй бол дээд шатны албан тушаалтанд хандаж, Төрийн албаны тухай хуулиар хариуцлага тооцуулахаар ажилладаг. Жишээлбэл, нэг сум, аймгийн Засаг даргад хариуцлага тооцуулахаар мэдэгдэл хүргүүлэхээр “Төрийн албаны тухай хуулиар энэ асуудлыг шийдвэрлэх боломжгүй.  Улс төрийн албан тушаалтан учраас хариуцлага тооцохгүй” гээд зогсоочихдог. Тэгэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага шүдгүй арслан шиг л ажиллаж байна. Шүүхийн шийдвэр гарцаагүй биелдэг байх зарчим хэрэгжихгүй байна. Тэгэхээр хууль эрх зүйн шинэчлэлийг зайлшгүй хийх шаардлага үүсч байна.

Харин иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэх бичиг баримт өдөрт 200 орчим ирж, ШШГЕГ-аас өдөрт 170 орчим гүйцэтгэх бичиг баримтыг хаадаг. Ер нь шийдвэр гүйцэтгэлийн чиглэлээр маш их ачаалалтай ажилладаг байна. Харин захиргааны шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа 2024 онд 417 гүйцэтгэх бичиг баримт ирж, одоо 217 гүйцэтгэх бичиг баримтын 6,6 тэрбум төгрөгийн ажиллагаа үргэлжилж байна

Ажлаас үндэслэлгүй халагдсантай холбоотойгоор 2025 онд Хууль зүй, дотоод хэргийн сайдын мөнгөн хөрөнгөд тусгуулахаар 58 бичиг баримтын 900 сая төгрөгийг олгуулах саналыг хүргүүлсэн. Энэ мөнгийг эргээд шүүхийн шийдвэрээр нөхөн гаргуулж ажилладаг.

“БУРУУТАЙ АЛБАН ТУШААЛТНЫ ШИЙДВЭР ГЭМТ ХЭРГИЙН ШИНЖТЭЙ БОЛ АТГ-Т ХАНДАНА”

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлтсийн албаны дарга Л.Сүх-Очир:

-Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулж буй өнөөдрийн хэлэлцүүлэг их ач холбогдолтой болж байна. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлагдсан. Энэ хөтөлбөрийн 2.6 зүйлд төрийн албаны шинэтгэлийг зохион байгуулах ажлуудыг зургаан заалтаар тусгасан. Төрийн албаны зөвлөлөөс үндсэн хариуцагчаар ажиллана. Төрд учруулсан хохирлын асуудал дээр учир дутагдал тал байсан ч Төрийн албаны зөвлөлөөс эрчимжүүлээд ажиллаж байна. Мөн Төрийн албаны зөвлөлөөс төрд учирсан хохирлыг төлж, барагдуулах чиглэлээр хуулийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Энэ хүрээнд буруутай албан тушаалтны шийдвэр гэмт хэргийн шинжтэй бол Авлигатай тэмцэх газарт хандана. Авлигатай тэмцэх газраас энэ асуудлыг шалгаж, гэмт хэргийн шинжтэй байвал прокурор, шүүхэд шилжүүлэн эцэслэн шийдвэрлэнэ.

Бусдад давуу байдал олгож, шийдвэр гаргасан буруутай албан тушаалтан бол Эрүүгийн хариуцлага хүлээх хуулийн зохицуулалттай. Ер энэ асуудлыг иргэний журмаар шүүхээр шийдвэрлэдэг. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт зааснаар Төрийн албаны зөвлөл нь прокурор, шүүх, аудит зэрэг бусад төрийн байгууллагуудаас төрд учирсан хохирлын мэдээллийг цахим системд бүрдүүлэхээр хэлэлцэж байна. Ингэснээр төр учирсан хохирлын хэмжээ нэмэгдэх хандлага ажиглагдаж болзошгүй. Одоогоор бүрэн эцэслэгдээгүй учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна.

“ТӨРИЙН ТОМИЛГООНЫ ЗӨРЧИЛ 3,4 ДАХИН БУУРСАН”

Төрийн албаны зөвлөлийн Маргаан хянан шалгах газрын дарга Ч.Бат-Эрдэнэ:

-Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлд “Төрийн албаны зөвлөл төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлнэ” гэж заасан байгаа. Энэ хуулийн зохицуулалт 2002 оны Төрийн албаны тухай хуульд байсан. Мөн 2017 онд батлагдаж, 2019 оноос хэрэгжүүлсэн Төрийн албаны тухай хуульд энэ чиг үүргийг Төрийн албаны зөвлөл хэрэгжүүлнэ гэж тусгасан. Бид 2019-2024 он хүртэл хоёр үндсэн агуулгын хүрээнд төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд анхаарч ажилласан.

Эхний асуудал нь хууль зөрчсөн томилгоо хийсэн эсэхийг Төрийн албаны зөвлөлөөс төлөвлөгөөт шалгалт болон иргэдийн гомдол мэдээллийн дагуу хүлээн авч, бичиг баримтыг нь шалгадаг.

Хэрэв хууль зөрчсөн бол Төрийн албаны зөвлөлөөс тогтоол гаргана. Тогтоолынхоо хүрээнд хугацаатай үүрэг даалгавар өгдөг. Хэрэв үүрэг даалгаврыг биелүүлээгүй тохиолдолд бид хууль зөрчиж томилогдсон албан хаагчид олгосон цалинг буруу шийдвэр гаргасан албан тушаалтнаар нөхөн төлүүлэх багц асуудал бий. Хоёрт, шүүхийн шийдвэр гарч, энэ төрийн албан хаагчдыг хууль зөрчиж, албан тушаалаас нь чөлөөлж, халсан нь шүүхээр тогтоогдсон бол он оноор нь татаж, бүртгэл үүсгэнэ. Тэгээд тухай албан хаагчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс төсвөөс гарч байгаа. Энэ мөнгийг буцаагаад буруутай шийдвэр гаргасан албан тушаалтнаар хэрхэн төлүүлэх вэ гэдэг асуудал бий. Томилгоотой холбоотойгоор 2019-2024 оны хооронд 21 мянга гаруй төрийн захиргааны албан хаагчийн хувийн хэргийг нэг бүрчлэн үзэж, шалгасан. Ингээд нийт 2000 гаруй зөрчил илрүүлж, Төрийн албаны зөвлөлийн тогтоолоор энэ зөрчлийг арилгах мэдэгдлийг тухайн байгууллагын удирдах албан тушаалтнуудад хүргүүлээд буй. Заасан хугацаанд хуульд нийцүүлэх арга хэмжээ авахгүй бол дараагийн шат руугаа ордог.

Төрийн албаны зөвлөлийн гарсан шийдвэрийн хэрэгжилт 80-90 хувьтай байна. Үлдэгдэл 200 гаруй хүн дээр буруутай шийдвэр гаргагч албан тушаалтнаар нөхөн төлбөр төлүүлэхээр ажиллаж байна.

Өнгөрсөн 2019-2024 онд нийт 600 гаруй шүүхийн шийдвэрийн бүртгэлийг хөтөлсөн байна. Энэ шийдвэрийн бүртгэл дээр хууль бусаар албан хаагчийг халсан, чөлөөлсөн шийдвэрүүд гарсан. Эдгээр хүмүүс эргээд ажилдаа томилогдсон эсэх, ажилгүй байсан цалин хөлсөө авсан уу, буруутай шийдвэр гаргасан албан тушаалтнаар энэ мөнгийг нөхөн төлүүлсэн үү гэдгийг шалгадаг. Энэ нь өргөн утгаараа төрийн албаны шинэтгэлийн нэг гол асуудлын нэг. Судалгаа хийхэд энэ эдийн засгийн хөшүүрэгт хяналт тавьж ажилласнаар томилгооны зөрчил 3,4 дахин буурсан байна. Тиймээс оролцогч байгууллагууд хамтран илүү үр дүнтэй ажиллаж, хууль эрх зүйн орчноо сайжруулахаар ярилцаж байна. Бид 21 аймагт хүрч, сургалт зохион байгуулсан. Бид 16 яаман дээр томилгооны шалгалтыг хийж байна. Удахгүй тайлан дүн мэдээг нэгтгэнэ.

Эх сурвалж: Nnews.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *