Б. Загдсамбар:”СӨХ газрын зөвшөөрөлгүйгээр нийтийн эзэмшлийн талбайг хашаалж, хаалт тавих эрхгүй”
“Хашаа” нэгдсэн арга хэмжээний хүрээнд өнөөдрийн байдлаар 244 байршилд 9900 метр хашаа, хайсыг буулгажээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас хэрэгжүүлж буй уг ажил 92 хувьтай байгаа бөгөөд энэ сардаа багтаж нийт байршлын хашаа, хайсыг буулгаж, газрыг чөлөөлж дуусах юм.
Цаашдаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд хашаа, хайс, орон сууцны хорооллын хаалтыг зөвшөөрөлгүйгээр дур мэдэн баривал хуулийн хариуцлага хүлээлгэнэ. Тухайлбал, Газрын тухай хуульд “Нийтийн эзэмшлийн зам талбайг зөвшөөрөлгүй хашаалсан бол албадан чөлөөлж, шаардлагатай тохиолдолд гарсан зардлыг буруутай этгээд нөхөн төлнө” хэмээн заажээ. Эдгээр асуудлаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны кадастрын хэлтсийн дарга Б.Загдсамбараас зарим зүйлийг тодрууллаа.
Тэрбээр “Оршин суугчид хотхон, хорооллуудын орц гарцыг хаасан хаалтын асуудлаар “Бидний эрхэнд халдлаа” хэмээн гомдол их өгдөг. Бидний зүгээс зөвшөөрөлгүй хашаа, хаалтыг буулгаж ажилладаг. Тухайн хашаа, хаалт зэрэг нь эзэмшил газраасаа хэтэрсэн буюу зөвшөөрөлгүй ашигласан, Газрын тухай хуулийг зөрчсөн бол манай байгууллагаас буулгах эрхтэй. Харин газрыг өөрийн эзэмшлийн эрхийн дагуу ашигласан бол буруутгах боломжгүй” гэдгийг хэллээ.
Түүнчлэн Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт орон сууцны хотхон, аж ахуйн нэгжийн хашааны стандартыг холбогдох байгууллагууд мөрдүүлж, стандартад хяналт тавьж ажилладаг байна. Харин орон сууцны хотхон, хорооллын хаалтыг Сууц өмчлөгчдийн холбоо хариуцах нь түгээмэл. Ингэхдээ СӨХ нь тухайн хотхон, хорооллын газрыг тэр чигээр нь ашиглах эрхтэй. Эсвэл автомашины зогсоол, хаалтын хэсгийг оруулахгүйгээр газрыг ашиглах эрхтэй ч байдаг. Гэхдээ СӨХ болон хувь хүн, байгууллагууд, тэдгээрийн удирдлагын зүгээс газрын зөвшөөрөлгүйгээр дур мэдэн нийтийн эзэмшлийн зам талбайг хашаалж, хаалт тавих эрхгүй. Нийтийн эзэмшлийн зам талбайг зогсоолын зориулалтаар ашиглах эсэх асуудлыг хариуцсан төрийн байгууллагаас шийдвэрлэдэг байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС