НДС-д үүссэн 4.2 их наядын алдагдлыг зогсоох зориг бий юу?

0

Ерөнхийлөгч асан Х.Баттулгын тэтгэвэр тэглэсэн шийдвэрээс болж, “Эрдэнэс Монгол” компани 930 тэрбум төгрөгийн өрөнд унасан бол УИХ-ын сонгууль угтан гаргасан шийдвэрээс болж, Нийгмийн даатгалын сан/НДС/-д 4.2 их наяд төгрөгийн алдагдал үүсээд байна.

НДС-д үүссэн дээрх алдагдлыг Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан “Гуравхан хуулийн популизмын өртөг 4.2 их наядыг давсан” гэж мэдэгдээд буй.

Учир нь, УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ нар анх 2012 онд Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийг санаачлан, УИХ-аар батлуулж байв. Ингэснээр 1990-1995 онд ажил хөдөлмөр эрхлээгүй, эрхлэх боломжгүй байсан иргэд 1995-2000 оны хооронд шимтгэл төлөөгүй буюу төлөх боломжгүй байсан иргэдэд энэ хууль үйлчилсэн.

Тухайн үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192 мянган төгрөг байсан бөгөөд дээрх хуульд хамрагдах иргэд сарын 19200 төгрөгөөр тооцож НДШ нөхөн төлсөн. Энэхүү хуулийн үйлчлэлд нэг сая орчим иргэн хамрагдана гэж тухайн үед салбар хариуцсан сайд нь мэдэгдэж байв.

Мөн МАН 2016 оны УИХ-ын сонгуулийн амлалтаа хэрэгжүүлэх зорилгоор УИХ-аар 2017 онд малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид НДШ-ээ нөхөн төлөх боломжтой хуулийг баталсан бол 2022 онд малчдын тэтгэвэрт гарах насыг таван жилээр урагшлуулах хууль баталсан. Тухайлбал, эхний хуулийн зохицуулалтаар 15-60 насны малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч нь 1995-2019 оны тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломжтой байх эрхийг нээж өгсөн. Ингэхдээ Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувьтай тэнцэх шимтгэл төлсөн. Тухайн үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөг байсан тул иргэн нэг сард 42 мянган төгрөгөөр тооцож НДШ төлж байв.

Энэ хуульд 608 мянган иргэн хамрагдаж, 38 тэрбум төгрөгийг 11 жилээр нөхөн төлсөн ч одоогоор 300 мянга гаруй хүн тэтгэвэр авч буй бөгөөд авсан тэтгэвэр нь 1.5 их наяд төгрөгт хүрчээ.

Одоо дахиад ч НДШ нөхөн төлсөн 300 мянга гаруй иргэн тэтгэвэрт гарахад 1.5 их наяд төгрөгийг давсан тэтгэвэр авах болж буй. Нэг үгээр хэлбэл, 608 мянган иргэн 38 тэрбум төгрөгийг НДШ-д нөхөн төлсөн ч 3 их наядаар тогтохгүй тэтгэвэр авах болоод байна.

Дээр нь малчдын тэтгэвэрт гарах насыг таван жилээр урагшлуулснаар эрэгтэй 55, эмэгтэй 50 насандаа тэтгэврээ тогтоолгодог болсон нь улам нэрмээс болж байгаа гэж хэлж болно. Мөн малчдын НДШ-ийн 50 хувийг төрөөс даах болсон. Төр нэрийн дор татвар төлөгчид л төлж эхэлсэн.

Дээрх сонгуульд зориулсан шийдвэр нь зөвхөн татвар төлөгчдийн нуруун дээр ачаа үүрүүлээд зогсохгүй насаараа ажиллаж, НДШ төлсөн иргэдээ хохироох болсон юм. Тиймээс бодлогын дээрх алдааг засах шаардлага үүсээд буй.

Гол нь Засгийн газар хуулийн төслийг өргөн мэдүүллээ гэхэд УИХ –д алдааг засах эр зориг бий юу гэдгийг олон нийт сануулж байгаа.

Хэрвээ өмнөх УИХ, Засгийн газрын гаргасан алдааг засахгүй бол өнөөдрийн НДШ төлж байгаа залуус ирээдүйд хохирох эрсдэл бий. Учир нь, НДС-гийн алдагдлыг энэ хэвээр үргэлжлүүлсээр байвал ирээдүйн ахмадууд тэтгэвэр авах боломжгүй болох юм.

НДС-гийн алдагдлыг нөхөх зорилгоор энэ жил төсвөөс 1.4 их наяд төгрөгийн татаас олгосон бол ирэх жил 2 их наядын татаас олгох шаардлага үүссэн. Харин 2026 онд 3 их наядын татаас олгох хэрэгцээ үүсч буй.

Төрийн мөнгө гэж байдаггүй, энэ нь эцсийн дүндээ татвар төлөгчдийн мөнгө. Тиймээс УИХ өмнөх гаргасан алдааг дахин давтахгүй байхад анхаарахгүй бол УИХ-ын сонгууль бүрээр популист амлалтыг ард иргэддээ өгдөг. Сонгуульд ялалт байгуулсны дараа амлалтаа хэрэгжүүлэх шаардлага байна гээд сангаа хоослох хууль баталдаг. Эцсийн дүнд нь даатгуулагч хохирдог буруу жишиг тогтоод байна.

Иймээс НДС-тай холбоотой асуудалд нухацтай хандаж явахгүй бол төлсөн нь хохирч, хөнгөлөлт эдэлсэн нь завшдаг буруу жишиг тогтоод удлаа.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *