Бүлэглэн дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүүхдийг хугацаанаас нь өмнө суллав
Өсвөр насны хүүхэд болох “А” нь 2021 онд бусадтай бүлэглэн, зэвсэг хэрэглэн “Дээрэмдэх” гэмт хэрэг үйлджээ. Шүүхээс түүнийг 3 жил 4 сарын хорих ялаар шийтгэж, өсвөр насны хүнд оногдуулсан хорих ялыг хоёр дахин багасгахаар заасан Эрүүгийн хуулийн дагуу түүний биеэр эдлэх ялыг 1 жил 8 сарын хугацаагаар тогтоож, уг хорих ялыг Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байв.
Уг шийдвэрийн дагуу хорих ял эдэлж буй өсвөр насны хүүхэд А-г хугацаанаас нь өмнө суллаж, хяналт тогтоох тухай дүгнэлтийг прокурорын газраас шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хуульд 5 жил хүртэл хугацаагаар оногдуулсан хорих ялын хоёрны нэгээс доошгүй хувийг эдэлсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлж, зан байдлаараа нийтэд аюулгүй болсноо нотлон харуулж, ял эдлэх хугацаандаа ноцтой зөрчил гаргаагүй хоригдлыг шүүх хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоохоор шийдвэрлэж болно гэж заасан.
Шүүхийн хэлэлцүүлгээр өсвөр насны хоригдол А нь бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, ял эдлэх хугацаандаа сахилгын зөрчил гаргаагүй, зан байдлаараа нийтэд аюулгүй болсноо нотлон харуулсан, оногдуулсан ялын хоёрны нэгээс доошгүй хувийг биеэр эдэлсэн нь тогтоогдсон тул шүүхээс түүнийг үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, засарч хүмүүжсэн хувийн байдал зэргийг харгалзан эдлээгүй үлдсэн 9 сар 2 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хяналт тавихыг тогтоож, хяналтын хугацаанд “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.