Онон-Балжийн байгалийн цогцолборт газар, түүний орчны бүсийг хамгаалахаар жил бүр $1 саяын санхүүжилтийг Legacy Landscapes Fund-аас олгоно

0

Онон-Балжийн байгалийн цогцолборт газрын биологийн олон янз байдал, өвөрмөц экосистем, соёлын өвийг тогтвортой хамгаалах зорилгоор Legacy Landscapes Fund (LLF), The Nature Conservancy (TNC) болон WWF-Mongolia буюу Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар хамтран “Өвлөгдөн үлдэх газар нутаг – Онон-Балжийн байгалийн цогцолборт газар” төсөл хөтөлбөрийг 15 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр боллоо.

Онон-Балжийн байгалийн цогцолборт газар (БЦГ), түүний орчны бүс нь 11,534 кмталбайг хамардаг. Энэхүү хөтөлбөрийн зорилго нь газар нутгийг хамгаалахдаа нийгэм, эдийн засгийн хөгжлийг хамтад нь бүрдүүлэх ‘загвар’ бүхий тусгай хамгаалалттай газрыг бий болгоход оршино.

ⓒ Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар

Байгаль хамгаалах чиглэлээр дэлхийд тэргүүлэгч The Nature Conservancy байгууллага нь Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаад, үндэсний болон орон нутгийн удирдлага, эрх баригчид болон орон нутгийн иргэдтэй нягт хамтран ажиллах юм. Энэхүү хөтөлбөр нь Онон-Балжийн байгалийн цогцолборт газрын үр ашгийг нэмэгдүүлэх, байгальд ээлтэй мал аж ахуйн тогтвортой үйл ажиллагааг дэмжих, тогтвортой аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулалт хийх, улмаар газар нутаг, цэнгэг усаа хамгаалах чиглэлд дэлхийд үлгэр жишээ болох зорилго тавьж буй юм. Орон нутгийн иргэдийн санал, санаачилга нь тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд нутгийн иргэд манлайлсан байгаль хамгаалах үйл ажиллагааг дэмжсэн түншлэлээр дамжуулан юу хийж болохыг харуулах юм.

LLF нь төр, хувийн хэвшлийн санхүүжилтийн загвартаа нийцүүлэн 10 сая ам.доллар, My Good Fund болон Жереми, Ханнелоре Грантхам байгаль орчны итгэлцлийн сангаас 5 сая ам.долларын буцалтгүй санхүүжилтийг тус тус олгож буй юм.

Энэхүү санхүүжилт нь 15 жилийн хугацаанд 198 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг орон нутгийн тогтвортой хөгжил, тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг сайжруулах, байгаль хамгаалахад дэмжлэг үзүүлэх зорилготой “Өнө мөнхийн Монгол” байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд LLF-ийн оруулж буй хувь нэмэр юм.

“LLF нь Онон-Балжийн БЦГ-ыг санхүүжүүлэх зорилгоор TNC байгууллагатай энэхүү урт хугацааны санхүүжилтийг үзэглэн баталсандаа бахархалтай байна. LLF-ийн санхүүжилттэй тус хөтөлбөр хэрэгжсэнээр Зүүн Ази болон хүлэрт намгархаг газрын чухал экосистемийн хамгааллын ажил өргөжиж байна. Бид LLF болон Өнө мөнхийн Монгол хөтөлбөрийн хамтын ажиллагааны үр шимийг хүртэж, Монгол улс дахь өргөн хүрээний түншүүд болон зохих талуудтай хамтран ажиллахыг тэсэн ядан хүлээж байна” гэж LLF-ийн Гүйцэтгэх захирал Стефани Ланг онцолсон юм.

ⓒ Б.Гантулга / Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар

Сибирийн ой тайгын өмнөд хэсэг болон Дагуурын хээр талд орших Онон-Балжийн сав газар нь олон төрлийн амьтан, ургамал, амин чухал экосистемийн өлгий нутаг болсон хүлэрт намгархаг газар юм. Энэхүү газар нь нэн ховордсон цагаан зээр, Азийн хонин тоодог зэрэг олон тооны хөхтөн амьтад, шувуудын амьдрах орчин нь бөгөөд Зүүн Ази-Австралазын замнал дагуу  нүүдэллэдэг шувуудын хамгийн чухал зогсоол болдог. Онон-Балжийн гол мөрөнд биологийн олон янз байдал, усны нөөцийн тогтвортой байдалд чухал үүрэг гүйцэтгэдэг хэдий ч тун эмзэг Сибирийн Тул загас үржин амьдардаг. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байх, нүүрстөрөгчийг шингээх, усны зохицуулалтад тус бүс нутгийн ой, хүлэрт намгархаг газар нь чухал үүрэг гүйцэтгэдэг. Соёлын хувьд Монголын нүүдэлчдийн өв соёл өвлөгдөн дамжсан, мал аж ахуйн бэлчээр бүхий онгон дагшин газар юм.

“Бид хамтрагч талуудтайгаа LLF сангийн дэмжлэгтэйгээр Онон-Балжийн БЦГ-т хэрэгжих тус хөтөлбөрийг удирдан хэрэгжүүлэх болсондоо туйлын баяртай байна. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлснээр Онон-Балжийн БЦГ-ыг тусгай хамгаалалттай газар ямар байх ёстой тэрхүү жишиг газар болгон хөгжүүлж, улмаар уур амьсгалын өөрчлөлтийн эрчмийг саармагжуулах, түүнд дасан зохицох, байгаль хамгааллын ажлыг сайжруулах асар том боломжийг олгоно гэж харж байна” хэмээн TNC байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Д.Галбадрах хэлсэн юм.

“Экосистемийг нөхөн сэргээх, байгалийн үйл явцыг дэмжих, эсвэл байгаль хамгаалах чиглэлд олон нийтийн мэдлэгийг нэмэгдүүлснээрээ байгаль хамгааллын ажил шууд үр дүнгээ өгдөггүй эсвэл шууд нөлөө үзүүлдэггүй. Тийм ч учраас энэхүү төсөл нь Онон-Балжийн БЦГ – т 15 жилийн турш хэрэгжих гэж буйгаараа ихэд онцлог юм. Үүний нэг жишээ болгож Монгол улсын баруун бүс нутаг дахь ижил төстэй тохиолдлыг эргэн санацгаая. Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар нь Аргаль хонины популяцийг тогтвортой түвшинд хүргэх чухал зорилтод хүрэхийн тулд арав гаруй жил ажилласан юм. Энэ хүчин чармайлтын амжилт нь зөвхөн аргалийн тоо толгойг нэмэгдүүлэхээс гадна тэдний амьдрах орчны эрүүл аюулгүй байдал, идэш тэжээлийн эх үүсвэрийн хүртээмжийг хангахтай холбоотой байсан юм. Иймд бид Онон-Балжийн БЦГ урт хугацаанд цэцэглэн хөгжүүлж, тэнцвэртэй экосистемийг бий болгохоор зорьж байна” хэмээн Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын захирал Д.Батболд онцолсон юм.

ⓒ Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар

Онон-Балжийн БЦГ нь 75 сая хүний ​​амьжиргааг тэтгэдэг Амар мөрний эх бөгөөд дэлхийн хамгийн чухал эко бүс нутгийн нэг юм.

2022 оны эхээр LLF-ийн төслийн нээлттэй уралдааны дагуу Онон-Балжийн БЦГ сонгогдсон юм. Тус уралдаанд шаардлага хангасан 19 өргөдлөөс биологийн олон янз байдлын үнэ цэнэ, амьдрах орчны олон янз байдал, уур амьсгалын өөрчлөлтийн хамаарал, байгаль хамгааллын арга барил, уугуул болон нутгийн иргэдийг нэгтгэх, экосистемийн үйлчилгээ, дэлхийн газарзүйн тэнцвэрт байдал зэрэг шалгуурыг үндэслэлд тулгуурлан сонгогдсон юм.

“Дэлхийн олон сая хүний амьдрал болоод ховордсон амьтан, ургамлыг тэтгэдэг энэхүү чухал экосистемийг хадгалахын тулд бид санхүүгийн бэрхшээлтэй тулгардаг байсан. Тэгвэл бид тус төсөл хөтөлбөрийн үр дүнд үнэ цэнэ бүхий энэхүү газар нутгийг онгон дагшнаар нь ирээдүй хойч үедээ хадгалж үлдээх боломжтой боллоо” хэмээн Онон-Балжийн БЦГ-ын захиргааны дарга О.Цэндгомбо хэлсэн юм.

***

Legacy Landscapes Fund буюу LLF нь дэлхийн биологийн олон янз байдлыг хамгаалахад санхүүжилтийн дутагдлыг арилгах замаар байгаль, хүн төрөлхтөн, уур амьсгалыг дэмжих зорилгоор 2020 онд бие даасан буяны сан хэлбэрээр байгуулагдсан төр, хувийн хэвшлийн олон улсын сан юм.

The Nature Conservancy буюу TNC байгууллага нь амьтай бүхнийг тэтгэгч газар нутаг, усаа хамгаалах зорилготой байгаль хамгааллын олон улсын байгууллага юм. TNC байгууллага нь хүн байгальтайгаа зохицон амьдарч, зэрэгцэн хөгжих дэлхий ертөнцийг бүтээхийн тулд дэлхийн хамгийн хүнд сорилтуудыг шийдвэрлэхдээ шинжлэх ухаанд суурилсан шинэлэг арга барил, практик шийдлийг бий болгон ажилладаг. TNC байгууллага нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэж, газар нутаг, ус, далайг далайцтай хамгаалж, хүнс тэжээл, усаар тогтвортой хангаж, улс хотуудыг илүү тогтвортой болгоход тусалж байна. Одоогоор 70 гаруй улс орон, нутаг дэвсгэрт ажиллаж буй TNC байгууллага нь орон нутгийн иргэд, засгийн газар, хувийн хэвшил болон бусад түншүүдийг оролцуулсан хамтын ажиллагааны арга барилыг ашиглаж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг nature.org сайтаар зочлох эсвэл Х (Twitter) дээр @nature_press хаягийг дагана уу.

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF) нь дэлхийн 100 гаруй оронд салбартай, 35 сая гаруй дэмжигчтэй, орон нутгийн удирдлагаар дамжуулан идэвхтэй сүлжээтэй, бие даасан байгаль хамгаалах байгууллага юм. Дэлхийн байгаль хамгаалах сангийн эрхэм зорилго нь биологийн олон янз байдлыг хамгаалах, байгалийн нөөцийн тогтвортой ашиглалтыг хангах, бохирдол болон замбараагүй хэрэглээг бууруулах замаар байгаль хүн хоёр харилцан шүтэлцээтэй орших ирээдүйг бий болгож, манай гаригийн байгаль орчны доройтлыг зогсооход оршино. Дэлгэрэнгүй мэдээллийг panda.org сайтаас авна уу.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *