Хүүхдийн төлөө санд 19 тэрбум төвлөрч, шагналд 490.9 саяыг зарцуулжээ
Засгийн газрын 172 дугаар тогтоолоор 2021 онд Хүүхдийн төлөө сан байгуулагдсан бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд нийтдээ 19 тэрбум төгрөг төвлөрснөөс 217 хүүхдэд 490.9 сая төгрөгийг шагнал урамшуулал болгон олгожээ.
Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас өгч буй мэдээллээр Авто тээврийн хэрэгслийн улсын дугаар борлуулсны орлогоос 16.9 тэрбум, Хүүхдийн фонд төрийн бус байгууллагаас буюу соёл урлаг спортын тоглолтын орлогоос 2.1 тэрбум, байгууллага иргэдээс ирүүлсэн хандиваар 17.2 сая төгрөг нийт 19 тэрбум төгрөг цугларсан юм байна.
Уг санд төвлөрсөн мөнгийг журамд заасны дагуу олон улсын тив, дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээнд амжилттай оролцож, болзол шалгуур хангасан 217 хүүхдэд шагнал урамшуулал болгон 490.9 сая төгрөг зарцуулжээ.
Одоо харин дээрх мөнгөнөөс хүүхдэд зориулсан барилга байгууламж барих, өргөтгөх, мөн тоног төхөөрөмж худалдах авах зэрэгт зарцуулах шинэ журмыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас шинэчлэн баталжээ. Тодруулбал, шинэчлэн баталсан журамд:
- Хүүхдэд зориулсан барилга байгууламж шинээр барих,
- Хүүхдэд зориулсан барилга байгууламжийг өргөтгөх, шинэчлэх,
- Хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтад шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах зохицуулалт тусган, хүрээг тогтоосон,
- Мөн тус сангаас санхүүжилтээр дэмжих төслийн саналыг тухайн жилийн төсвийн хуулиар батлагдах хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалтад тусгуулах хүртэлх үе шат, хугацааг нарийвчлан тусгаласан,
- Хүүхдийн төлөө сангаас олон улс, тив, дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээн, наадамд амжилт гаргасан хүүхдэд олгож буй шагнал урамшууллыг Засгийн газраас олгох шагнал урамшуулалтай давхардуулан олгохгүй байх зохицуулалтыг тусгаж, уралдаан тэмцээн, наадам, олимпиадын жагсаалтыг шинэчлэн баталжээ