С.Ганбаатараас Ч.Сайханбилэг илүү гавъяатай!

0

“Ямар ард түмэн байна, тийм төр байдаг” гэдэг. УИХ-ын гишүүн С.Ганбаатар бол энэ тодорхойлолтын бодит жишээ юм. Тэрбээр УИХ-д гурвантаа сонгогдсон, Төрийн ордонд цөөнгүй жил  “шавилсан” С.Ганбаатар гудамжнаас явсан ч, гудамж түүнээс огтхон ч яваагүйг үг-үйлдлээс нь харж болно.

Монголын парламентын гишүүнээр ажилласан найман жилийг нь харвал С.Ганбаатар улс төрөөр мэргэшихээ байг гэхнээ улс төрийн дунд боловсрол эзэмшсэн байх  хугацаа юм.  Энэ хугацаанд түүний Монголын эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулсан хувь нэмэр бага. Ихэнхдээ л Монголын хөгжилд, монголчуудын амьдралд, улс орны эдийн засаг, аюулгүй  байдлын эсрэг, илтэд гадаадын гар хөл биш биз гэх хардлага төрүүлмээр хандлага гаргадаг.

Тэрбээр Төрийн ордонд суугаа гадаадын ганц гар хөл биш. Монголын эрх ашгаас илүү эзнийхээ үүрэг, чиглэлд үйлчилдэг улстөрчид Төрийн ордонд цөөнгүй сууж байна. Эхнээсээ ч ил шударгаар гадны ашиг сонирхлыг илтэд дэмжсэн үг-үйлдэл гаргаж буй нь Монголын эмгэнэлт жишээ болсон.

Хэдий далайд гарцгүй ч Монгол газрын хэвлийн доороо асар их баялгийн нөөцтэй. Нүүрс, зэс алт, мөнгө гээд ашигладаг нь цөөхөн. Ашигт малтмалаа ашиглах, уурхайнуудаа эдийн засгийн эргэлтэд оруулах бүрт парламентын суудлаасаа “босч” зогсдог хүн бол С.Ганбаатар.

Тэрбээр Оюутолгойн гэрээг үргэлжид шүүмжилж, хөрөнгө оруулагчдыг хөөж, туухдаа ч тулж байсан.  Гурван жилийн өмнө Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлахдаа “Гадныханд өгсөн 400 тэрбум ам.долларын Оюутолгойн баялгийн мөнгө Монгол руу ачигдсан” гэж мэдэгдэж байсан удаатай. С.Ганбаатарын ачуулсан баялаг замдаа “төөрсөн үү” эсвэл С.Ганбаатар зүүдэлсэн үү? гэдгийг хэлэхэд хэцүү. С.Ганбаатар ч өөрөө энэ асуултад хариулж чадахгүй байх.

С.Ганбаатар ганц Оюутолгойн хөрөнгө оруулагчдад харшилтай биш аж. Гуравдагч орны том төсөл яригдах бүрт С.Ганбаатар “босно”, төсөл унана. Түүний хувьд ураны төслийг ч унагах сонирхолтой байгаа нь илэрхий.

УИХ-ын чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх үеэр С.Ганбаатар “Би Н.Учрал гишүүнийг хүндэтгэдэг. Оюутолгойн гэрээ байгуулаад АНУ руу зугатчихсан хүмүүсийн нэг болчих вий гэж санаа зовж байна. Ураны асуудлыг нийт иргэдээсээ асуухгүйгээр 126 гишүүн дур мэдэн шийдэж болохгүй. Уранаас цахилгаан эрчим хүч гарах уу. Монголчууд хямд цахилгаан эрчим хүчтэй болж чадах уу. Шар нутаг зөөх гэж байгаа тухай ярьж байна. Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай. Энэ тэнэглэлээ зогсоо” гэж шаардсан.

2009 онд Оюутолгойн гэрээг зурснаас хойш 15 жилийн хугацаанд Монголд гуравдагч орны хөрөнгө оруулалт орж ирээгүй.

Ч.Сайханбилэг алдаа оноотой шийдвэр гаргасан байхыг үгүйсгэхгүй. Гэвчиг Оюутолгойн санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөөг хөрөнгө оруулагчтай байгуулаагүй бол далд уурхайн бүтээн байгуулалт өдгөө ашиглалтад орохгүй байсан нь баттай. Тэр ч бүү хэл Оюутолгой төсөл улс төрөө даахгүй уначихсан байхыг ч үгүйсгэхгүй.

Юм үнэнээрээ сайхан, С.Ганбаатарын дэргэд Ч.Сайханбилэг эх орныхоо эрх ашиг, эдийн засагт илүү олон ажил хийсэн, хэрэгжүүлсэн.  НӨАТ-ын реформоос эхлээд Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлж, Оросын “Ростех”-ийн мэдэлд байсан “Эрдэнэт”-ийн 49 хувийг эх орондоо авчирсан нь түүний намтарт бичигдэх үнэн яах аргагүй мөн. Харин ч  Ч.Сайханбилэгийн хийсэн ажлын үр дүнг МАН болоод С.Ганбаатар хүртэж яваа нь худлаа биш юм.

Эцэст нь дүгнэхэд С.Ганбаатар улс төрд хөл тавьсан цагаас түүний популизм улс орны эдийн засгийг хорлож, хохироож явснаас ашиг орлого авчирч байгаагүй нь бас үнэн билээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *