Л.Энх-Амгалан: Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 500,000 хүртэлх живхний зардлыг төрөөс хариуцдаг болж байгаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв үүсэн байгуулагдсаны таван жилийн ойн арга хэмжээ өнөөдөр зохион байгуулагдлаа.
Тус төвийн дарга Г.Ууганцэцэг хэлэхдээ “Монгол Улсад эрүүл мэнд, боловсрол, нийгмийн сэргээн засах тусламж үйлчилгээг цогц хэлбэрээр үзүүлэх суурь бүрэн тавигдсан.
Хятад улсын 100 хувийн буцалтгүй тусламжаар манай төв баригдсан байдаг.
120 гаруй сэргээн засах үйлчилгээнд хэрэгцээ шаардлагатай багаж тоног төхөөрөмж, орчны
тохижилт, нөөц үүсгэвэр орц гарцны асуудлаас авхуулаад буцалтгүй тусламжаар баригдсан.
Энэ төвийг бүрэн үйл ажиллагаатай болгох, чанартай хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх нь чухал.
Өнгөрсөн таван жилийн хугацаанд Хятад, Солонгос, Япон болон бусад улстай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж ажиллалаа.
2025 онд Герман улсад болох дэлхийн чуулга уулзалтын сайн туршлага номинацид оролцохоор бэлтгэл хангаж байна ” гэлээ.
Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан “Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй 112,000 иргэн байна. Тэр дотроос хөгжлийн бэрхшээлтэй 12,000 хүүхэд байгаа бөгөөд 3,000 нь хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй.
Эдгээр хүүхдэд боловсрол, эрүүл мэнд, сэргээн засах үйчилгээ хэрхэн хүргэх, бие дааж
амьдрах чадваруудыг яаж бий болгох нь тулгамдсан асуудал.
Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Боловсролын сайдаар ажиллахад зарим төрийн бус байгууллагуудтай хамтарч хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд үйлчлэх, дэмжих дөрвөн төвийг ажиллуулсан, нийт 270 гаруй хүүхэд хамрагдаж байгаа.
Ирэх жил улсын төсөвт дэмжих төвүүдийн үйл ажиллагааг дэмжих, тогтвортой болгох, 1,000 орчим хүүхдийг дэмжих төвөөр дамжуулан эрүүл мэндийн үзлэг, боловсрол нийгмийн үйлчилгээг цогцоор нь үзүүлэх боломжоор хангая гэж төлөвлөж байна.
Мөн 2025 онд ерөнхийлөгчийн санаачилгаар хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд асаргаа сувилгаа үзүүлэх үндэсний төвийн хөрөнгө оруулалт батлагдаж байгаа. Үүнд 24 орчим тэрбум тегрөгийн төсөв батлагдаж байна.
Хоёрдугаарт хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, эцэг эх, асран хамгаалагчийн авдаг
тэтгэмжийн хэмжээг 36 хувиар нэмж байгаа.
Мөн 500,000 хүртэлх төгрөгийн живний зардлыг төрөөс хариуцдаг болж буй. Ирэх жилээс хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд үзүүлэх нийгмийн үйлчилгээний хүртээмжийн чанарыг сайжруулна” гэлээ