Хулгайн 264 гар утсыг “Монтел”, “Тedy” худалдааны төвийн дөрвөн ченжээс хураан авчээ
Нийтийн тээврийн автобус, автобусны буудал, Их дээд сургууль, гудамж талбайд халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг гурван этгээд хулгайлсан гар утсаа борлуулдаг байсан нь удаа дараагийн үйлдлээр тогтоогджээ.
Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монтел”, “Тedy” худалдааны төвийн гадна болон дотор талд үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий 4 ченжид тухайн гар утаснуудыг зарж, хямд үнээр өгдөг байжээ.
Тус хэргийг Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс илрүүлэн нийт 264 гар утсыг хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.