14 мега төсөл: 27 жил гацсан “Ураны төсөл”-ийг хөдөлгөх цаг

0

Засгийн газрын 14 мега төслийг цувралаар танилцуулж байна. Бодлого тодорхойлогчид алсын хараагаа бүсчилсэн хөгжил рүү чиглүүлээд байгаа. Ийм ч тул Хамтарсан Засгийн газар “хөгжлийн хөдөлгүүр” гэгдэх 14 мега төслийг зорилго болгон ажиллахаа зарлаад буй.


Монгол Улс анх 2009 онд Цөмийн энергийн тухай хуулийг баталсан байдаг. Үүнээс хойш даруй 15 жилийн хойно бусад хууль хоорондын зөрчлийг арилгах, гадны хөрөнгө оруулагчдад ээлтэй эрх зүйн орчин зэргийг бүрдүүлэх үүднээс Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэж, өнөөдөр эцсийн хэлэлцүүлгийг хийх товтой байна. Дэлхийн нийт ураны нөөцийн 2 хувь нь Монгол Улсад бий. Тодруулбал, одоогоор Монгол Улсад тогтоогдсон ураны нөөц 192 мянган тонн гэдгийг доктор Н.Тэгшбаяр чуулганы хуралдааны үеэр хэлж байв. Мөн ирээдүйн ураны нөөц ойролцоогоор 1.5 сая тонн агаад тогтоож чадвал дэлхийд ураны нөөцөөр тэргүүлдэг 5 орны нэг болох боломжтой аж. Түүнчлэн манай улсад ураны гурван том орд байгаа нь Зөөвч овоо, Дулаан уул, Өмнөд. Франц улстай хамтран хэрэгжүүлэх ураны төсөл нь нийт нөөцийн 60 орчим хувийг эзэлж байгаа талаарх мэдээлэл бий. 

Дорноговь аймаг орчмын бүс нутагт хэдэн арван сая жилийн хугацаанд ураны ордууд бүрэлдэн тогтсоныг судалгаагаар илрүүлсэн байна. Зөөвч-Овоо (93,291т), Дулаан-Уул (6260т) ураны ордын нөөц нь Монгол Улсын ураны бүртгэгдсэн нөөцийн 50 гаруй хувийг эзэлж байна.

МОНГОЛ-ФРАНЦЫН ХАМТАРСАН УРАНЫ ТӨСӨЛ

Тэртээ 1997 он буюу одоогоос 27 жилийн өмнө Францтай ураны чиглэлээр хамтарч ажиллах яриа хэлэлцээрийг эхлүүлсэн боловч дорвитой урагшлаагүйгээс гадна ураны талаарх зарим мэдээлэл иргэдийг айдаст автуулан бүчин авч байж. 

Цөмийн реакторуудынхаа түүхий эдийн эх үүсвэрийг төрөлжүүлэх зорилттой 1.6 тэрбум ам.долларын ураны төслийн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахаар Монгол-Франц хэлэлцэж буй. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Францад Төрийн айлчлал хийж, тус улсын Төрийн тэргүүн Эммануэль Макронтой уулзах үеэрээ Монгол Улсын Засгийн газар болон Францын “Orano” компанийн хооронд байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах ажлын хэсгийн хэлэлцээний протоколд талууд гарын үсэг зурсан юм.

Улмаар Засгийн газрын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрт Монгол, Францын хамтарсан ураны төслийг хэрэгжүүлнэ гэж заасан. Төсөл хэрэгжиж, үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлсэн тохиолдолд жил бүр 2500 тонн уран экспортлох тооцоолол бий.  Мөн төсөл хэрэгжих хугацаанд улсын болон орон нутгийн төсөвт нийтдээ нэг тэрбум гаруй ам.долларын татвар төлөх юм. Мөн олборлолт хийж эхлэхэд 1000 гаруй ажлын байр бий болж, томоохон хэмжээний худалдан авалт хийж, бизнесийн боломж нэмэгдэнэ гэж үзэж буй.

​Энэ төсөл хэрэгжихтэй зэрэгцээд Монгол Улс атомын цахилгаан станц барих суурь судалгааг хийнэ гэх мэдээлэл бий. 

ЗӨӨВЧ ОВОО УРАНЫ ОРДЫН ТУХАЙ

2013 онд Зөөвч-Овоо ураны ордын нөөцийг бүртгүүлж, тухайн онд  АРЕВА Майнс ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн гэрээ байгуулжээ. 2015 онд Зөөвч-Овоо төслийн ТЭЗҮ-г батлуулж, 2016 онд ашиглалтын гурван тусгай зөвшөөрөл олгосон байна. 2017 онд төрийн өмчит Мон Атом ХХК хувьцаа эзэмшигч 34 хувийн болсон байдаг. Харин 2018 АРЕВА Майнс ХХК нэрээ Бадрах Энержи ХХК болгож өөрчилжээ. Тухайн онд Зөөвч-Овоо үйлдвэрлэлийн туршилтын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Улмаар 2020 онд Зөөвч-Овоо ураны ордын батлагдсан нөөц 93,291 тн болж өсжээ. 2021 Зөөвч-Овоо ГДУО үйлдвэрлэлийн туршилт эхний торлолоор эхэлжээ. 

Бадрах Энержи ХХК нь Дорноговь аймгийн нутагт нөөцөөрөө дэлхийд дээгүүрт орох Зөөвч-Овоо ураны ордын нарийвчилсан судалгааг хийж байна. Тус компани Дорноговь аймгийн нутаг дахь Зөөвч-Овоо, Дулаан-Уул, Өмнөт ураны ордыг хамарсан ашиглалтын гурван тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Мөн Зөөвч-Овоо ураны орд дээр ГДУО үйлдвэрлэлийн туршилт, нарийвчилсан ТЭЗҮ боловсруулах нарийвчилсан судалгааны ажил гүйцэтгэж байна. Бадрах Энержи компанийн үйл ажиллагаа 2017 оны 6 дугаар сард ТУЗ-ийн анхны хурлаа хийснээр идэвхжжээ.

Франц улсын “Орана Майнинг” компани Монгол Улсад уран олборлохын тулд Засгийн газартай хэлэлцээр хийж буй.

ФРАНЦ УЛСЫН “ОРАНО”

Орано групп нь Франц улсын төрийн өмчит компани агаад цөмийн материал боловсруулж байна. Түүнчлэн уран олборлохоос эхлээд боловсруулах, баяжуулах, ашигласан түлш дахин боловсруулах, логистик, инженерчлэлийн үйлчилгээ үзүүлэх хүртэлх цөмийн түлшний бүх үе шатыг хамарсан өндөр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлдэг байна. Орано нь ураны салбарт ажилласан 70 гаруй жилийн туршлагатай аж. Мөн уран олборлолтоор дэлхийд тэргүүлэгч 3 компанийн нэг гэх. Түүнчлэн нэр бүхий улсуудад уурхайн олборлолт явуулж байгаа гэсэн мэдээлэл бий. 

ТУЗ 9 гишүүнтэй байх агаад 6 гишүүнийг АРЕВА Монгол ХХК (Орано Майнинг компанийн салбар) өөрийн төлөөлөл болгон томилдог байна.

МОНГОЛ УЛСЫН “МОН-АТОМ” 

Засгийн газрын 2009 оны 45 дугаар тогтоолоор “Мон Атом” компанийг байгуулжээ. “Мон-Атом” төрийн өмчит компани Монгол Улсын нутаг дэвсгэрт уран болон бусад төрлийн цацраг идэвхт ашигт малтмал, эрэл хайгуул, тандан судалгааны ажлыг гүйцэтгэн нөөцийг тогтоох, олборлон баяжуулах, үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хувь эзэмшигчээр оролцох, хяналт тавих, салбарын материаллаг бааз, өндөр мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, уул уурхайн хариуцлагатай зарчмаар гүйцэтгэх, үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг хангах, ураны ашиглалтын хэтийн бодлого чиглэлийг тодорхойлох судалгаа хийх, хамтарсан төслүүдэд төрийн өмчийн оролцоог хуулийн дагуу төлөөлөн хангах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Хувьцаа эзэмшигчдийн гэрээний дагуу 2017 оны 6 дугаар сард Бадрах Энержи ХХК-ийн 34 хувийг Мон-Атом ХХК-д шилжүүлжээ. Монгол Улсын Засгийн газрын хувь эзэмшлийг хэрэгжүүлэх эрхийг Засгийн газар Мон-Атом компанид олгосон байдаг.

УРАНЫ ХЭРЭГЛЭЭ

Ураны хэрэглээ зөвхөн цахилгаан үйлдвэрлэлээр хязгаарлагддаггүй. Уран болон бусад цөмийн материалыг сансар судлал, хүнсний аюулгүй байдал, эрүүл мэндийн салбарт хэрэглэдэг байна. Цөмийн энергийн комиссын мэдээлснээр Монгол Улсын хэмжээнд цацрагийг дараах 6 салбарт хэрэглэж байгаа аж. Үүнд:

  • Эрүүл мэнд: Рентген зураг авахад цацрагийг хамгийн өргөн ашигладаг. Хорт хавдрын эс устгах цацрагийн эмчилгээнд ионжуулагч цацрагийн энерги ашигладаг
  • Хүнс, хөдөө аж ахуй: Вирус, нян устгах, хоол хүнсний савлагаа ариутгах.
  • Геологи, уул уурхай: Геологийн тогтоцуудын насжилтыг тогтоох.
  • Боловсрол, шинжлэх ухаан: Түүхийн дурсгалт зүйлсийн насжилт тогтоох.
  • Байгаль орчин: Ус, агаарын бохирдлын судалгаа.
  • Үйлдвэрлэл: Бараа материалын чанарын хяналт, агаарт хуримтлагдсан төрөл бүрийн хий илрүүлэх (тухайлбал гал мэдрэгч) 

УРАНЫГ ХЭРХЭН ОЛБОРЛОДОГ ВЭ?

Өнгөрсөн зуунд ураны хүдрийг ихэвчлэн ил уурхай болон далд уурхай хэлбэртэйгээр олборлодог байсан тул ураныг бусад элементээс ялгахын тулд ураны хүдрийг буталж, тээрэмдэж, цэвэршүүлэх шаардлагатай байжээ. Харин одоо энэ аргуудыг аажмаар “Газар доор уусган олборлох (ГДУО)” аргаар сольсон. 2000 онд энэ аргаар ураны дөнгөж 16 хувийг үйлдвэрлэж байсан бол одоогийн байдлаар уран олборлох хамгийн түгээмэл арга нь ГДУО арга юм. 2020 онд дэлхийн нийт олборлосон ураны 58%-ийг ГДУО аргаар олборлосон байна. 

Манай улсад уран олборлохдоо дээрх буюу “Газар дор уусган олборлох” аргаар уран олборлоно гэж буй. 

Эх сурвалж: 24tsag.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *