Германы WPD, Хятадын Huawei: Монголд нар, салхины ЦС барих амбиц бий, бодлогын тогтвортой орчин хэрэгтэй

0

“Олон улсын шинэ эрчим хүчний чуулган – 2024” өнгөрсөн баасан гарагт зохион байгуулагдлаа. Энэ үеэр эрчим хүчний шинэчлэлд хувийн хэвшил, гадаадын компаниуд ямар үүрэг оролцоотой ажиллах боломжтой талаар сонирхолтой хэлэлцүүлгүүд өрнөсөн.

Ялангуяа сэргээгдэх эрчим хүчний төсөл хэрэгжүүлэх боломжтой, сонирхолтой гадаадын компаниуд цөөнгүй байна.

Тэдний төлөөлөл болгож, ХБНГУ-ын WPD болон БНХАУ-ын Huawei компанийн удирдах албан тушаалтнуудтай ярилцлаа.

WPD компанийн Үйл ажиллагаа хариуцсан захирал С.Мөнхжаргал: Төслийн хөгжүүлэлтийн сүүлийн шатанд гэнэт бодлогын өөрчлөлт орсон. Цаашид тогтвортой байгаасай

ХБНГУ-ын WPD компаниас онцлох,

  • Салхины ЦС-аар голчлон дагнадаг
  • 28 жилийн туршлагатай, 31 оронд үйл ажиллагаа явуулдаг
  • Монголд дөрвөн жилийн өмнөөс орж ирж, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь төсөлд ажиллаж байна. Төслийн хөгжүүлэлт дууссан
  • Хөгжүүлэлтийн сүүлийн шатанд бодлогын өөрчлөлт гарч, компаниудыг заавал баттерей хуримтлуур суурилуулах шаардлага тавьсан нь урьд тооцоолоогүй нөхцөл байдал үүсгэсэн
  • 100 хувь өөрсдөө хөрөнгө оруулалтыг хариуцдаг тул эрчим хүчээ тогтсон тарифаар, багадаа 20 жил худалдан борлуулах гэрээ байгуулдаг
  • Цаашид бодлогын орчин тогтвортой байвал олон төсөл хэрэгжүүлэх сонирхолтой

-Та компаниа танилцуулна уу?

-Манай компани 28 жилийн туршлагатай. Хуурай газрын салхин болон нарны цахилгаан станцын төсөл хэрэгжүүлдэг. Нийт 6 гегаваттын, 2750 салхин трубин суурилуулсан байна. 2016 оноос хойш мөн нарны төсөл хэрэгжүүлж байгаа. 31 оронд үйл ажиллагаа явуулдаг. Монголд 2020 оноос салбараа нээсэн.

-Монголд хэрэгжүүлж буй төсөл юу вэ. Аль шатандаа явна?

-120 мегаваттын хүчин чадалтай Ханбогд суман дахь салхин цахилгаан станц. Хөгжүүлэлтийн судалгаа бүгдийг хийж дууссан.

Олон улсын туршлагатай компани орж ирснээр төслийн хөгжүүлэлт хурдтай, сайн явсан. Төсөл маань хөгжүүлэлтийн шүүлийн шатанд хүрсэн байгаа. Тодорхой асуудлуудыг эрх бүхий байгууллагатай тохиролцвол ойрын 2-3 жилд хэрэгжих боломжтой, эрчим хүчний чадлын дутагдлаас гаргах чухал төсөл юм.

-Сэргээгдэх эрчим хүчийг бид шинэ тутам ярьж байна. Иймд хууль эрх зүйн орчин ч тогтвортой байх шаардлагатайг гадаадын компаниуд онцолж байна шүү дээ. Өнгөрсөн хугацаанд энэ тал дээр юуг ажигласан бэ?

-Энэ бол гаднын хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй хувийн хэвшлийн төсөл. Засгийн газраас санхүүжилт авахгүй, өөрсдөө эрсдэлээ даана. Тийм учраас эрчим хүчний реформын өмнө маш өндөр хүлээлттэй байгаа. Өмнө нь гацаатай байсан зүйлсийг хууль эрх зүйн орчноор сайжруулах гээд ажиллаж байна. Бид ч хүлээлттэй байна.

-Яг ямар хүлээлт?

-Бодлогын тогтвортой орчин, улс төрийн шийдвэртэй байдал. Хууль эрх зүйн ойлгомжтой орчин. Бидний хувьд жишээлэхэд, төслийн хөгжүүлэлтийн шүүлийн шатанд бодлогын өөрчлөлт гарсан. Улмаар нэмэлт санхүүжилт татах сорилттой тулгарсан. Иймд эрчим хүчний салбарт хувь нэмрээ оруулж чадах гаднын компани 1-2 жилийн дараа өөрчлөгддөггүй тогтворотой байдал, хүнд сурталгүй, харилцан ашигтай санал хүлээж авдаг төртэй байгаасай гэж хүсэж байгаа.

-Бодлогын ямар өөрчлөлт орсон юм бэ?

-Сүүлийн шатанд судалгаа шинжилгээ хийгээд дууссаны дараа баттерей хуримтлуур суурилуулах шаардлага, стандарт тавьсан. Энэ дан хөрөнгө оруулагчийн талд хүлээх зардал. Иймд 30-35 сая ам.доллар дахин шаардагдах, үүнийг хэзээ нөхөж авах зэрэг нь тодорхойгүй нөхцөл үүссэн. Сөргөөр нөлөөлөхүйц ийм бодлого шийдвэр гэнэт битгий гараасай гэж харж байна.

-Ханбогдоос гадна Монголд өөр томоохон төсөл хэрэгжүүлэх хүсэл, амбиц бий юу?

-Ханбогд суманд баригдах 102 мегаватт төсөл бол pilot project буюу бидний эхний төсөл. Зах зээл, хууль эрх зүйн орчин тохиромжтой, ээлтэй байвал олон жилийн туршлагаа хуваалцах, өөр төслүүд хэрэгжүүлэх сонирхолтой байгаа.

-100 хувь өөрсдөө зардал гаргахаар төслөөс хэрхэн ашгаа олох вэ. Үйлдвэрлэсэн эрчим хүчээ л тогтвортой үнээр худалдана гэсэн үг үү?

-Манай үндсэн түүхий эд бол салхи. Ханбогд сумын хувьд 300 мянган мегавтт салхи үйлдвэрлэх нөөцтэй. Салины өндөр нөөцтэй орон учраас WPD компани Монголыг сонирхож орж ирсэн. Хөрөнгө оруулагч ашигтай ажиллахын тулд төсөл өгөөжтэй байх ёстой. Өөрөөр хэлбэл эрчим хүчээ тогтсон тарифын дагуу урт хугацаатай худалдах гэрээ байгуулдаг. Олон улсад энэ гэрээ дунджаар 20 жилийн хугацаатай байдаг.


Huawei Technologies компанийн Байгууллагын бизнес болон Дижитал пауэр хариуцсан захирал Г.Мөнхбат: Бид төслөө хүлээлгэж өгөөд гардаг. Үндэсний аюулгүй байдлын асуудал огт хөндөгдөхгүй

Huawei Technologies компаниас онцлох,

  • Нарны ЦС нь тэдний тэргүүлэх таван чиглэлийн нэг
  • Монголд хувийн хэвшлийн захиалгаар хэд хэдэн төсөлд ажилласан
  • Төслөө захиалагч талд хүлээлгэж өгдөг. Цаашдын үйлдвэрлэсэн эрчим хүчний борлуулах үнэ тарифын асуудалд оролцдоггүй
  • Баттерей хуримтлуурыг шийдсэн нь давуу тал

-“Huawei”-г нарнаас эрчим хүч үйлдвэрлэдэг гэж дуулаагүй юм байна. Сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хэр туршлагатай компани юм бэ?

-Манай үндсэн чиглэл мэдээж харилцаа холбооны салбар. Харин топ таван чиглэлийн маань нэг бол сэргээгдэх эрчим хүч юм. 2005 онд бид Монголд салбараа нээсэн. Багагүй төсөл хэрэгжүүлээд байгаа. Global Huawei компанийн хувьд 1987 онд байгуулагдсан, 200 мянган ажилтантай.

-Засгийн газрын төсөл хэрэгжүүлээгүй гэж онцолж байсан. Ямар төслүүд дээр ажиллав?

-Монголын үүрэн телефоны ператор компаниудын бааз дээр нарны эх үүсвэртэй эрчим хүчний төслүүд хэрэгжүүлсэн. 400 гаруй, 100 хувь нараар ажилладаг станцыг суурилуулж, амжилттай ажиллаж байна. Том хэмжээний гэвэл Ховдын Мянгад суманд 10 мегаваттын төсөл хийсэн. Мөн 40 мегаватт бүхий, 100 мегаваттын баттерей хуримтлууртай төсөл дээр өдгөө ажиллаж байна.

-Үйлдвэрлэсэн эрчим хүчний үнэ тариф дээр хэрхэн тохирдог вэ? Айл өрхийн эрчим хүчний хэрэглээний үнийг өсгөсөн нь энэ тал дээр гадаадын хөрөнгө оруулагч компанид эерэг туссан уу?

-Бид төслөө хэрэгжүүлж дуусаад эзэмшигч компанидаа хүлээлгэж өгдөг онцлогтой. Өөрөөр хэлбэл захиалагч компани цааш үнэ тарифаа тохироод явна.

-Тэгэхээр захиалагч талаас л ашгаа олдог юм байна?

-Тийм. Бид төслийн хэрэгжилт, төхөөрөмжийн нийлүүлэлтийг хийгээд хамгийн багадаа гурван жил дэмжлэг үзүүлж, хянаж ажилладаг. Цаашдын төрийн зохицуулалттай холбоотой асуудалд оролцдоггүй.

-Салбарын зохицуулалт төрөөс хараат хэвээр яваа манай оронд энэ нь хувийн хэвшлийн хувьд тохиромжтой санагдлаа. Цаашид өөр төслүүд дээр ажиллуулах амбиц бий юу?

-Манай бизнесийн үндсэн зарчим бол төхөөрөмжөө, төслөө хүлээлгэж өгнө. Ингээд эанхүүгийн ямар нэг асуудал тулгарвал түүнийг дэлхийн санхүүгийн байгууллагатай холбогдож, босгох чиглэлд ажилладаг онцлогтой.

-Ерөнхий сайд БНХАУ-д айлчлахдаа Huawei компанитай уулзсан. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Анар тодорхой сөрөг байр суурь илэрхийлсэн. Эрчим хүчний төсөл дээр тийм агуулга хөндөгддөг үү?

-УИХ-ын гишүүн Ч.Анар харилцаа холбооны салбар дахь үндэсний аюулгүй байдлыг ярьж байгаа. Хариуцлагатайгаар хэлэхэд, манай компани 170 оронд үйл ажиллагаа явуулж, төхөөрөмж нийлүүлдэг. Мэдээлэл задалсан, дахин дамжуулсан тохиолдол гараагүй. Нэг ч албан ёсны мэдээ байхгүй. Улс төр л гэж харж байна. Эрчим хүчний хувьд бүр өрөөсгөл. Энэ салбарт дохио сигнал, дата дамжуулдаггүй. Харин эсрэгээрээ улс орны эрчим хүчний тусгаар тогтнол, үндэсний аюудгүй байдалд дэмжлэг үзүүлж байгаа алхам.

-Нарнаас өөр эх үүсвэрийн төсөл хэрэгжүүлдэг үү?

-Үгүй, зөвхөн нар. Дэлхийд нар, салхи ххоёрыг түлхүү ашигладаг. Салхины хувьд ТЭЗҮ хэсэгтээ их цаг авдаг. Станцаа байрлуулна, салхины дата цуглуулна гэх мэт хугацаа их шаардлагатай. Зардал бас өндөр. Тэдгээр том трубиныг ашиглаж дууссаны дараа устгалд оруулахад ч зардал ордог.

-Сүүлд сэргээгдэх эрчим хүчний төсөл хэрэгжүүлэх бол заавал баттерей хуримтлуур суурилуул гэж шаардлага тавьсан юм байна. Үүнийг танай компани хэрхэн харж байгаа вэ?

-Энэ маш зөв. Учир нь манай төсөл гэхэд зөвхөн нартай байхад л ажиллана. Гэтэл 17.00-22.00 цагийн оргил ачаалалд уначих эрсдэлтэй. Иймд нартай үед илүү гарч буй эрчим хүчээр баттерей станцаа цэнэглэж, наргүйд бусад системээ тэжээнэ гэсэн үг. Манай баттерей хуримтлуурын 100 мегаватт чадал нь Монгол улсын нийт хэрэглээний 10 хувийг нэг цаг хангана гэсэн үг. Салбарын увьд нийт чадлын дутагдлаас сэргийлэх том нэмэртэй, хувийн хэвшлийн зориг гарган хийж буй төсөл юм.

-Өнөөдрийн форумд нарны эх үүсвэр бүхий төсөл хэрэгжүүлдэг өөр компаниуд ч ирсэн байна, танай давуу тал юу вэ?

-Гурван онцлог бий. Нэгт, full stack буюу бид бүх төхөөрөмж, системээ өөрсдөө үйлдвэрлэдэг. Энэ давуу тал. Хоёрт, 100 гаруй монгол ажилтан, Монгол дахь оффис байна. Асуудалд гарвал шийдвэрлэх баг үргэлж бэлэн ажиллана гэсэн үг. Гуравт дээр дурдсан баттерей хуримтлуур юм. Төвийн эрчим хүчний систем унасан үед ажилласаар байх боломжтой. Мөн Lithium Iron Phosphate баттерей ашигладаг, энэ нь энгийн нийтлэг баттерейнаас 15 жилээр удаан ашиглах боломжтой гэсэн үг.

Эх сурвалж:Eguur.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *