О.Алтангэрэл: “Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах тухай“ хуулийн төслөө боловсруулж дууссан. Өнөөдрөөс эхлэн бүх яамд болон хуулийн байгууллагаас санал авахаар илгээж байна
УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл Авлигын эсрэг хуулийг санаачлаад буй. Уг хууль батлагдснаар ямар нэг тайлбар, хөөн хэлэлцэх хугацаа сонсохгүйгээр хууль бус хөрөнгийг хураах нөхцөл бүрдэх юм. Тэгвэл уг хуулийн төсөл ямар шатандаа яваа талаар цахим хуудастаа мэдээлэл өгчээ. Тэрбээр “Өнгөрсөн гурван сар гаруйн хугацаанд манай яамны залуус, МУИС, ДХИС-ийн эрдэмтэн судлаачид болон олон байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийнхэн маш их судалгаа хийж, толгой өөд татах завгүй ажилласны эцэст “Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах тухай” хуулийн төслөө боловсруулж дуусаад маргаашнаас эхлэн бүх яамд, шүүх, прокурор, цагдаа, АТГ, хуульчдын болон өмгөөллийн холбоо зэрэг байгууллагуудаас санал авахаар илгээж байна.
Засгийн газраас өргөн барьж, хэлэлцүүлж эхлэхээр энэхүү хуулиар эрх ашиг нь хөндөгдөх авилгачин, албан тушаалтан этгээдүүд эсрэг пиар, элдэв үйл ажиллагааг идэвхжүүлэх магадлалтай тул урьтаад хэлэхэд бид судалгаагаа маш сайн хийсэн, манай нийгмийн идээ бээр болсон хэсгийг цэвэрлэж цаашдаа илүү гэрэлтэй ирээдүйг бий болгохын тулд энэхүү төслөө хийсэн гэдгийг онцлох байна. Судлаачид маань адил төстэй хууль баталж хэрэгжүүлж байгаа улс орнуудад биечлэн очиж, өөрийн орны онцлогыг ч тусгаж анхдагч, томоохон хуулийн төслөө гараас гаргасан, одоо гагцхүү хууль тогтоогчдын маань чин хүсэл, зориг мэднэ” гэлээ.