Ирэх онд нүүрсний үнэ 10 гаруй хувиар буурах эрсдэлтэй
Дэлхийн банкнаас мэдээллээ.
Монгол Улсын хэмжээнд 2024 оны эхний хагаст хөдөлмөрийн зах зээл цар тахлын өмнөх үеийн түвшинд хүрч сэргэсэн. Инфляци 2023 оны дундажтай харьцуулахад 2024 онд буурсан. Инфляци доогуур түвшинд хадгалагдаад ирэхээр өрхийн олж байгаа орлогод эерэгээр нөлөөлнө. Тиймээс Монголбанк энэ онд гурван ч удаа мөнгөний бодлогын хүүг бууруулах шийдвэр гаргасан гэлээ. 2023 оны дунд үеэс эхлэн хэрэглээний зээл тогтмол өндөр түвшинд хадгалагдаж ирсэн. Эрсдэл багатай учраас банкууд цалин болоод тэтгэврийн зээл олгож ирсэн. Бизнесийн зээл өсөж, хэрэглээний зээлтэй тэнцсэн гэдгийг тус банкны эдийн засагч Б.Ундрал хэллээ.
Тэрбээр үргэлжлүүлэн “Харин энэ жил төлбөрийн тэнцлийн дарамт энэ жил эрчимжсэн дүр зурагтай байна. 2024 оны сүүлийн улиралд энэхүү хандлага хэвээр хадгалагдаж, эдийн засгийн өсөлт 5.3 хувьтай гарах болов уу. Улмаар эдийн засгийн өсөлт 2025 онд эргэн сэргэж, 6.5 хувь руу орно гэж үзэж байна. Үүнд нөлөөлж байгаа хоёр үзүүлэлт бий. Оюутолгойн гүний уурхайн үйлдвэрлэлийг эрчимжүүлж, зэсийн баяжмалын экспорт нэмэгдсэнээр эдийн засгийн өсөлт болон төсвийн балансад нөлөө үзүүлнэ. Түүнчлэн энэ өвөл зуд тохиохгүй бол хөдөө аж ахуйн салбар эргэн сэргэх хандлагатай байна.
Харин дэлхийн эдийн засгийн өсөлт 2025, 2026 онд алгуур буурахаар байна. Тэр дундаа Хятадын эдийн засгийн өсөлт тогтмол буурахаар байна” гэдгийг дурдлаа. Энэ нь Монгол Улсын эдийн засгийн экспортын бараа бүтээгдэхүүний эрэлтэд нөлөөлөх, нөгөө талаасаа дэлхийн зах зээлийн гол түүхий эдийн үнэд нөлөө үзүүлэхээр байгаа аж.
Дэлхийн банкны төсөөлснөөр 2025 онд нүүрсний үнэ 12-13 хувиар буурна.
2026, 2027 онд уул уурхай тогтворжиж, эдийн засгийн өсөлт 6 орчим хувьд тогтворжих суурь төсөөллийг боловсруулаад байгаа аж. Эдийн засаг уул уурхай болон дотоод эрэлтээ дагаад өндөр өсөлттэй байна.