“Чайна Энержи” ЭТТ-н Онч хараат, Бортолгой ордод 16 жил олборлолт хийх санал тавьжээ

0

Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хилийн холболтыг БНХАУ-ын төрийн өмчит “Чайна Энержи” компани хийхээр талууд урьдчилан тохироод байна. Энэ хүрээнд хэлэлцээр хийх ажлын хэсэг байгуулж, Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Туваан ахлан ажиллаж байгаа аж.Ерөнхий сайд өөрийн биеэр намын бүлгүүдэд Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хилийн холболтын төслийн талаарх мэдээллийг өгсөн. Одоо байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар асуудлыг хэлэлцэнэ. Ерөнхий сайд гадаадад томилолттой учраас дараа долоо хоногийн сүүлээр УИХ-аар хэлэлцүүлэхээр хойшлуулжээ.Монгол Улс 2008 оноос эхлэн Гашуунсухайт-Ганцмод боомт чиглэлийн төмөр зам барих асуудлыг ярьж эхэлсэн бөгөөд 14 жилийн дараа буюу 2022 онд 233 км өргөн царигийн төмөр замыг барьж ашиглалтад оруулсан. Гэсэн хэдий ч 14 жилийн дараа барьсан манай төмөр зам өргөн царигтай учраас Хятадын нарийн царигтай төмөр замтай холбогдож чадахгүй, үндсэндээ тус төмөр зам хилийн наана очоод мухардсан билээ. Тиймээс БНХАУ-тай хамтран хоёр улсын төмөр замын хилийн холболтыг хийх хэлэлцээрийн ажлын хэсэг байгуулаад байгаа юм. БНХАУ-ын төрийн өмчит “Чайна Энержи” компанийн хувьд ямар ч асуудалгүй хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтыг хийхээ илэрхийлэхийн сацуу төсөл хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Монголын Засгийн газарт хэд хэдэн санал тавьжээ.

  1. Төмөр зам холбогдтол буюу бүтээн байгуулалтын ажил эхлэх 2025 оноос 27 сая тонн нүүрс Монголооос авъя. Цаашдаа жил бүр 20 сая тонн нүүрс авна.
  2. “Эрдэнэс Тавантолгой” компаниас 2022 онд зарласан тендерт “Чайна Энержи” компани оролцох саналаа өгсөн бөгөөд Тавантолгой бүлэг ордын Онч хараат, Бортолгой ордод 16 жил олборлолт явуулж, нүүрс нийлүүлэх урт хугацааны гэрээ хийх санал тавьжээ.

Монголын талаас “Чайна Энержи”-гийн тавьсан саналыг шууд хүлээн авах эрх зүйн боломжгүй байгаа аж. Тухайлбал, Биржийн тухай хуулийн “10.3-т зөвхөн хил дамнасан төмөр зам барих зориулалтаар урт хугацааны гэрээ хийж болно, 10.4-т энэ гэрээг байгуулахдаа биржийн дундаж үнээр тооцно” гэж заасан. Гэтэл Хятадын тал биржийн дундаж үнээр тооцохгүй, тусдаа аргачлал гаргаж тооцъё гэдэг санал гаргасан байна.Мөн Төрийн худалдан авах ажиллагааны тухай хуульд гурван жилийн хугацаатай л худалдан авах ажиллагааг зохион байгуулна гэж заасан нь 16 жилийн хугацаанд “Чайна Энержи” компанийг “Эрдэнэс Тавантолгой”-н туслан гүйцэтгэгчээр авах боломжгүй юм байна. Дээрх хоёр хуулийн дагуу хэлэлцээр түр зогсонги байдалд байгаа аж.Ажлын хэсгийн зүгээс “Чайна Энержи”-тай байгуулах гэрээг олон улсын гэрээ болгох, нэг удаагийн хууль гаргах гэх мэт хувилбар яригдаж байгаа аж. Гэхдээ хэрхэн шийдэх нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал юм.“Чайна Энержи” компани Онч хараат, Бортолгой ордод 16 жил олборлолт явуулахдаа эхний 5 жил 27, дараагийн 11 жил 20, нийт 247 сая тонн нүүрс гаргахаар төлөвлөжээ. Гэхдээ олборлосон нүүрсээ “Чайна Энержи” компани авахгүй. Зөвхөн “Эрдэнэс Тавантолгой”-н туслан гүйцэтгэгчийн үүрэг гүйцэтгэж нүүрс олборлох юм байна.Сонгуулийн өмнө манай талаас гэрээгээ зурах санал тавьсан ч БНХАУ-ын талаас төмөр замын холболт, нүүрс худалдааны урт хугацааны гэрээ, нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх гурван гэрээг хамтад нь зурна гэжээ. Учир нь Тавантолгой-Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн төмөр зам нь бүхэлдээ Тавантолгойн уурхайн бүлэг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах гол зам. Тиймээс урт хугацааны, тогтвортой нүүрс худалдааны гэрээ байгуулах ёстой гэж үзэж байгаа аж. Манай талаас дээрх хоёр асуудлыг шийдвэл ажил цааш үргэлжилнэ.Гашуунсухайт-Ганцмодны боомтын хил холболтын гүүрэн байгууламжийг 979 тэрбум төгрөгөөр барихаар ТЭЗҮ бэлэн болсон байна. 979 тэрбум төгрөгөөр хоёр царигийн гүүр, далангийн газар шорооны ажил, нарийн царигийн өртөө, хөдлөх бүрэлдэхүүн гэх мэт зургаан багц ажлыг хийхээр төлөвлөжээ. 2025-2027 онд барилга усгралтын ажлыг хийж, 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа аж.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *