ХНХЯ-ны ТНБД Г.Өнөрбаярыг Завханы Засаг дарга болгохоор зүтгүүлж байна
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргыг Завхан аймгийн МАН-ын хорооны даргаар сонгожээ.
Улс төрийн хүрээнд түүнийг Завхан аймгийн Засаг дарга болгохоор зүтгүүлж буй гэх мэдээлэл байна.
Завхан аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргалын талаар нутгийн иргэд хэвлэлийн бага хурал хийж, эсэргүүцэл илэрхийлж байсан удаа олон. Үүний шалтгааныг тус аймгаас УИХ-д сонгогдсон Б.Баярсайхан, Ц.Цэрэнпунцаг нарын зөрчилтэй холбон тайлбарладаг. Харин ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн зүгээс Г.Өнөрбаярыг Завхан аймгийн Засаг дарга болгохоор зүтгүүлсэн гэх мэдээллийг эх сурвалж бататгаж байгаа юм.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар аймгийн Засаг даргыг ИТХ-аар олонхын санал авсан хүнийг нэр дэвшүүлж, түүнийг Ерөнхий сайд томилох зохицуулалттай.
Холбогдох хууль:
56.5.Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагааг дараах журмаар явуулна:
56.5.1.иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч болон аймаг, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь нам, эвслийн бүлэг, түүнчлэн иргэдийн Нийтийн Хуралд оролцогч дангаараа буюу хамтарч энэ хуулийн 56.3, 56.4-т заасан шаардлага хангасан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэхээр санал гаргана;
/Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
56.5.2.энэ хуулийн 56.5.1-д заасан хүний талаар санал хураалт явуулж, Хуралд оролцсон иргэдийн, түүнчлэн нийт төлөөлөгчдийн олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх;
56.5.3.хэрэв санал хураалтаар хэн ч олонхын санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүний талаар дахин санал хураалт явуулж олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх;
56.5.4.нэр дэвшигч нь энэ хуульд заасан шаардлагыг хангасан байх.
56.6.Энэ зүйлийн 56.5-д заасны дагуу нэр дэвшүүлсэн хүнийг баг, хорооны Засаг даргаар сум, дүүргийн Засаг дарга, сум, дүүргийн Засаг даргаар аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргаар Ерөнхий сайд томилно.