АБГББХ: Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

0

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.12.09/ хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж, Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, Нийгмийн халамжийн сангаас олгох хүүхдийн мөнгөн тэтгэмж, халамжийн тэтгэвэр, амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж, асаргааны тэтгэмж,  түүнчлэн төрийн албан хаагчийн цалин хөлс болон тэтгэвэрт гарахад нэг удаа олгох тэтгэмж, хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмж, гадаад зээлийн үйлчилгээний төлбөр, мөн хуульд заасны дагуу Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос төсвийг нь хянаж жилийн төсөвт тусгуулахаар ирүүлсэн шүүхийн байгууллагууд болон Хүний эрхийн Үндэсний Комиссын урсгал зардлыг тус тус бууруулахгүй байхаар тусгасан байна.

Төсөвт байгууллагын үйл ажиллагааны зарим зардлыг дараах байдлаар 10-100 хувь бууруулахаар тусгажээ.

1/салбар харгалзахгүйгээр бүх төсөвт байгууллагуудын тавилга, эд хогшил худалдан авах, сургалт, семинар, хурал зөвлөгөөн хийх, биеийн тамирын уралдаан тэмцээн зохион байгуулах, гэрээт ажилтан ажиллуулах, дуудлагын автомашин хөлслөх, зөвлөл, хороо, комиссын гишүүний урамшууллын зардлыг 100 хувь бууруулах;

2/соёлын эрхийн бичиг, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, Кино урлагийг дэмжих сан, засаг захиргааны нэгж, төрийн захиргааны байгууллагыг үр дүнгээр шагнах, урамшуулах, идэвхтэй амьдралын хэвшлийг дэмжих болон эрүүл идэвхтэй амьдрал хөтөлбөрийн зардлыг 100 хувь бууруулах;

3/эрүүл мэнд болон тусгай чиг үүргийн байгууллагаас бусад бүх байгууллагын тээвэр шатахууны зардал, төрийн өндөр дээд айлчлал болон гадны өндөр түвшний зочин төлөөлөгч хүлээн авахаас бусад гадаад албан томилолтын болон зочин төлөөлөгч хүлээн авах зардал, эрүүл мэнд, боловсрол, батлан хамгаалах, гадаад харилцаа, хууль зүй, дотоод хэргийн салбараас бусад салбарын дадлага, бэлтгэл сургуулилт хийх зардал, бүх шатны төсвийн байгууллагын дотоод албан томилолт, бичиг хэргийн зардал, багаж техник хэрэгсэл худалдан авах зардлыг тус тус 50 хувиар бууруулах;

4/Улсын төсвийн хөрөнгөөр шинээр гүйцэтгэх геологийн хайгуул, судалгааны ажлыг 50 хувь бууруулах;

5/дээр дурдсан 50-100 хувь бууруулах зардлуудаас гадна байр ашиглалтын зардал, хангамж, бараа материал, нормативт эм бэлдмэл, нормын хувцас, хоол, урсгал засвар, хөдөлмөр хамгааллын хэрэгсэл, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад олгох татаас, шилжүүлэг, эргэж төлөгдөх зээл, бараа үйлчилгээний бусад зардал, төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх арга хэмжээ, боловсролын  тэтгэлэг, авто зам, гүүрэн байгууламжийн засвар ашиглалтын зардлыг 10 хувиар тус тус бууруулахаар тусгасан байна.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 онд хэрэгжүүлэхээр тусгагдсан төсөл, арга хэмжээнээс гэрээ байгуулсан, ажлыг эхлүүлсэн төслүүдийг дуусгахаар төлөвлөжээ.

Гэрээ байгуулаагүй, ажил эхлээгүй улсын төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг эрэмбэлж, хойшлуулахаас гадна зарим их засвар, ТЭЗҮ, зураг төсөв, тоног төхөөрөмжийн санхүүжилтийг бууруулж, хэлэлцээрийн шатанд байгаа төслийг хойшлуулахаар төлөвлөсөн байна.

Мөн гадаад зээлийн ашиглалтыг бууруулж, хэлэлцээрийн шатанд байгаа Үндэсний хиймэл дагуулын төсөл болон бусад төслийн зээлийн ашиглалтыг хойшлуулж, “Хавдар судлалын Үндэсний төв-II” хөрөнгө оруулалтыг нэмж тусган нэгдсэн төсвийн нийт орлогыг төсвийн хөрөнгө оруулалт, зарлагын бууралттай холбогдуулан 394.8 тэрбум төгрөгөөр буурахаар тооцжээ.

Ингэснээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн дүн 33.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35.2 хувь, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 33.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35.2 хувьд хүрч нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл алдагдалгүй болж, суурь тэнцэл дотоодын нийт бүтээгдэхүүний 3.3 хувийн ашигтай болохоор байна хэмээн Сангийн сайд мэдээлсэн.

Аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч З.Цэдэнжав танилцуулав.  

Тус аудитын зорилго нь Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөл нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангасан эсэх, төсвийн санхүүжилтийн үр ашгийг дээшлүүлэх зорилтод нийцсэн эсэхийг хянаж, дүгнэхэд чиглэсэн гэдгийг тэрбээр онцолсон.

Монгол улсын 2025 оны төсвийн төсөл урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогын үзэл баримтлал, улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нийцсэн боловч гадаад хүчин зүйлийн нөлөөлөл, уул уурхайн салбарын голлох нэрийн бүтээгдэхүүний эрэлтээс шалтгаалж нүүрсний экспорт төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй тохиолдолд зарлагыг санхүүжүүлэх эх үүсвэр дутагдах, орлого тасрах эрсдэлийг тооцох шаардлагатай хэмээн дүгнэжээ. Мөн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийг төсөвт өөрчлөлт оруулах бүрд нэмж өөрчилж байгаа нь төсвийн удирдлагын зарчим, сахилга батыг алдагдуулж, дунд хугацааны төсвийн төлөвлөлтийн ач холбогдлыг бууруулж байгааг анхааруулсан байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал УИХ-ын гишүүн Г.Хосбаяр, гадаад орон дахь Элчин сайдын яамдын барилгын асуудлыг хөндсөн. Тухайлбал, Япон Улс дахь Элчин сайдын яамны барилга хуучирч, газар хөдлөлт болбол нурах аюултай болсныг дурдаад, тус байрыг засах, шинэчлэн барих хөрөнгө ирэх оны төсөвт туссан эсэхийг тодруулсан.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Гадаад харилцааны яам 2016 оноос хойш хэмнэлтийн горимоор явж ирснийг тодотгоод, ганц Япон Улс дахь биш олон орон дахь Элчин сайдын яамны барилгыг засах, үл хөдлөх хөрөнгө худалдан авах шаардлага байгаа хэмээсэн.

Япон Улс дахь ЭСЯ-ны байр газар хөдлөлтөд тэсэхгүй гэсэн дүгнэлтийг японы эрх бүхий байгууллагаас гаргаад барилгыг засах шаардлагыг тавьж байгаа ч өртөг зардал нь өндөр учир боломжгүй байна гэсэн тайлбар өгсөн. Тэрбээр, тэрхүү барилгад жижиг засвар хийгээд ч нэмэргүй болсон учир нэг бол барилгыг буулгаж шинээр барих, эсвэл газрыг нь зараад шинэ газар байр худалдаж авах гэсэн хоёр сонголт үлдсэн. ЭСЯ-ны байрыг шинээр барина гэвэл 15-20 сая ам.долларын зардал гарах тооцоо гарсан бөгөөд тэрхүү төсвийг ирэх оны төсвийн төсөлд тусгуулж чадаагүй гэсэн хариулт өгсөн.

УИХ-ын гишүүн Л.Энхнасан, Бразил, Индонези Улсад ЭСЯ нээн ажиллуулах асуудал хэрхэн шийдэгдсэн талаар лавласан. Мөн Дублин, Франкфуртэд дипломат төлөөлөгчийн газар нээх асуудлыг хөндсөн бөгөөд дипломат үйл ажиллагаа өргөжсөн энэ үед Гадаад харилцааны яамны орон тоо хүрэлцээтэй эсэхийг тодруулсан.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бид Бразилд ЭСЯ нээхээр ажиллаж байна. Багагүй ажил болж ЭСЯ байгуулсан ч төсөв хэмнэж байна гээд түр царцаасанИрэх жил Бразил дахь ЭСЯ-ыг нээнэ. Индонезид ЭСЯ-ыг энэ жил буцаагаад нээсэн. Дублин болон Франкфуртад Консулын газар байгуулахаар ажиллаж байгаа. Гадаад харилцааны яамны орон тоо өөрчлөгдөөгүй явсаар ирсэнЕр нь гадаадад ажиллаж байгаа дипломатууд дотоодод ажиллаж байгаа дипломатын тоотой тэнцүү харьцаатай байх олон улсын жишиг байдаг. Харин манайд хоёр дахин багадипломатуудын цалин дэлхийн дунджаас 40 хувиар бага байна. Сүүлийн үед гадаад харилцаа тэлж байна. Хүний нөөцийн бодлого, бусад төлөвлөлтүүдээ хийгээд орон тоог 40-өөр нэмэхээр саналаа оруулан ирэх оны төсөвт тусгуулсан хэмээн хариуллаа.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Онцгой байдлын ерөнхий газрын сургалт, семинар, биеийн тамирын үйл ажиллагааны зардлыг 50 хувиар бууруулснаар зайлшгүй шаардлагатай дадлагажих, суралцах үйл ажиллагаа доголдох эрсдэл үүсэх талаар, үр ашиггүй зардлыг танах талаар, УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл батлан хамгаалах, гадаад харилцаа, онцгой байдлын чиг үүргийг хариуцдаг байгууллагуудыг төсвийг хасахгүй байхад Сангийн яам анхаарах, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилт, үр дүнг тооцох нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн.  

Байнгын хороо төслүүдийг ийнхүү хэлэлцээд санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

Дараа нь Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Засгийн газарт чиглэл өгөх тухай”, “Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Байнгын хорооны хуралдаанаар төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Г.Хосбаяр хөдөө, орон нутагт Төрийн хэмнэлтийн хуулийн хэрэгжилттэй холбоотой унаа, машины хүртээмжгүй байдал бий болсноор шаардлагатай ажил хийхэд хүндрэл үүсэж байгаа талаар, мөн тус хуулийн төслийн хугацаа, хэрэгжилттэй холбоотой асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Байнгын хорооны хуралдаанаар дээрх төслүүдийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүдээс зарчмын зөрүүтэй саналын томьёолол гаргаагүй бөгөөд анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *