“Дипломатуудад олгодог 2000 доллар хаанаа ч хүрэлцдэггүй”

0

УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2024.12.09/ болж, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн дүн 33.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35.2 хувь, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 33.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35.2 хувьд хүрч нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл алдагдалгүй болж, суурь тэнцэл дотоодын нийт бүтээгдэхүүний 3.3 хувийн ашигтай болохоор байна хэмээн Сангийн сайд танилцуулав.

Энэ үеэр тус байнгын хороонд харьяалагддаг яамдын төсөв ирэх онд хүрэлцэх эсэх болон бусад асуудлууд хөндөгдлөө.

УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл:

-Цөмийн энергийн комиссын зардал алга байна, хаачив. Батлан хамгаалах, Гадаад харилцааны сайд нараас тодруулахад төсөв хэр тавигдсан бэ. Батлан хамгаалах яаман дээр УИХ-ын гишүүд ажиллахад хүндрэл бэрхшээлтэй асуудлууд яригдсан. Дипломат байгууллагад ажиллагсдын цалин яалт ч үгүй бага байгаа.  Цалинг нь нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байгаа.  Олон улсын үйл ажиллагаа идэвхтэй явж байгаа үед үр ашигтай талаас нь хандаж төсвийг нь хасах биш нэмэх шаардлага байна.

Аудитаас асууя. Монгол Улсын 2025 оны төсөвт хориг тавигдсанаар дахин УИХ-руу орж ирсэн, өмнөхөөсөө ялгаа байна уу.

Төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудад баахан Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/ ажилладаг. Ихэвчлэн яамдын дарга, Төрийн нарийн бичгийн дарга нар ТУЗ-д ордог. Яамны дарга, Төрийн нарийн бичгийн дарга нар давхардаж олон ТУЗ-д орж, цалин авдаг. Энэ талаар гаргасан судалгаа юм байна уу. Сангийн сайд хариулт өгөөчэ.

Сангийн сайд Б.Жавхлан:

-Гадаад харилцааны хувьд улам идэвхжих тэлэх, он цаг мөчид байгаа. Дахин баргидсан төсөв дээр гадаад харилцааны зардал дээр байгааг нь дэмжиж өгөөсэй.

Шинээр 2025 оны төсөв боловсруулж оруулж ирэхдээ төрийн гурван өндөрлөгийн гадаад айлчлал болон өндөр дээд түвшний гаднаас ирэх айлчлалыг хүлээн авах  зардлаас нэг ч төгрөг бууруулаагүй.

Харин яамдын гадаад томилолтыг 50 хувь бууруулсан. Алдагдал төсөв тэнцлээ барихын тулд ингэсэн. Төрийн дээд айлчлал хийсний дараа энэ мөрөөр дунд, доод шатны техникийн төвшинд гадаад харилцаа үрргэлжлэх нь логиктой зүйл байдаг учраас оруулж ирсэн төсвийг цааш нь аваад явахад дэмжиж өгөхийг хүсье.

Үндэсний аудитын газрын тэргүүлэх аудитор Ц.Наранчимэг:

-Засгийн газар 2025 оны төсвийн төслийг өргөн барихдаа урсгал зардлыг 2.3 их наядаар бууруулж, анх удаа алдагдалгүй төсөв өргөн барьсан нь ахиц гарсан гэж үзсэн.

Эхэлж өргөн барьсан төсөв,  сая өргөн барьсан төсөв хоёулаа урт болон дунд хугацааны хөгжлийн бодлого, улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалтай нийцсэн, төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагуудыг хангасан.

Засгийн газрын 2024 оны наймдугаар сарын 30-нд өргөн барьсан төсөвт 3.2 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй, 898 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 50 төсөл арга хэмжээг сая өргөн барьсан төсвөөс хассан.

Төсвийн зарлагын хэлтсийн дарга н.Бат-Эрдэнэ:

-Өмнөх төсөвт Цөмийн энергийн комиссын төсвийг 4.7 тэрбум төгрөгөөр өргөн мэдүүлээд баталсан байсан.

Алдаглагүй төсөв өргөн мэдүүлэх хүрээнд Цөмийн энергийн комиссын төсвийг 411.9 сая төгрөгөөр бууруулж, 4.3 тэрбум болгосон.

Голлох бууралт нь багаж техник хэрэгсэл 61.9 сая төгрөгөөр буурсан. Бусад зардлын хувьд 10 хувь буурсан. Цалин хөлсний хувьд бууралт байхгүй.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг:

-Харамсалтай нь, Засгийн газрын гишүүний хувиар төсвийнхөө бодлогод уягдахаас аргагүй байгаа. Манай дипломатуудын цалин маш бага. Маш бага цалингаар цөөхөн хүн ажилладаг. Яваандаа хүний нөөцийн тогтвор суурьшилд нөлөөлөх эрсдэлтэй. Одоо ч нөлөөлөөд эхэлж байгаа.

Хилийн чанадад ажиллаж байгаа, ялангуяа өртөг өндөртэй орон болох Нью-Йорк, Женев, Хонконг, Сингапур зэрэг оронд ажилаж байгаа дипломатууд сарын цалин 2000 ам. доллар нь хаанаа ч хүрдэггүй.

Гэр бүлээ тэжээх нь битгий хэл байдаг. Гурав, дөрвөн хэлний мэдлэгтэй, ур чдавартай дипломатуудаа хувийн хэвшилд алдах эрсдэлүүд гарч байгаа. Гадаад харилцааны яамыг төрийн тусгай алба гэж ярьдаг, гэсэн хэрнээ цалингийн ангилал нь төрийн тусгай алба шиг байж чаддаггүй. Цаашдаа төрийн тусгай алба гэдэг ангилалдаа ороод сүлжээгээр цалинжих шаардлага бий. Зарим оронд дипломатууд нь гадаад, дотоодод ажиллахад адилхан цалин авдаг, тэгэхээр гадаад явах гэж уралддаггүй,  гадаад явах дөрвөн жилдээ тэр хүний амьдрал, санхүү бэхэждэг, энд ажиллахдаа төрийн албан хаагчийнхөө нэгэн адилаар цалинждаг. Тэгэхээр энийг бол цаашдаа төрийн тусгай алба гэдэг ангилалд оруулж, цалинг нь харгалзаж үзэх ёстой.

Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт:

-2025 оны төсөвт батлан хамгаалах сайдын төсөв буурч орж ирсэн. 821 тэрбум нь нийт зардал. Үүнээс 746 нь урсгал зардал, хөрөнгө оруулалт нь 75 тэрбум. Энэ төсөв ирэх жил үйл ажиллагаа явуулахад хүрэлцэхгүй. Урьд нь ч батлан хамгаалах салбарт бага төсөв тавьж, үйл ажиллагаа зарцуулахад нь хоёрдугаарт тавьж ирсэн юм билээ. Дэлхий нийтийн геополитик, улс төр нөхцөл байдал амаргүй болж байгаа. Улс орон бүр батлан хамгаалах салбарынхаа зардлыг нэмэгдүүлж, зэр зэвсэг техникээ шинэчилж байгаа.

Энэ цаг үед манай төсөв холбогдох хуулиараа бол нийт төсвийн зарлагын 2 хувьтай тэнцэх хэмжээний зардал байх ёстой ч 0.6-0.7 хувийг тавьдаг. Улс орнууд хамгийн багадаа төсвийн зардлынхаа 2 хувийг, дээд тал нь 15 хувийг батлан хамгаалах салбарт тавьдаг.

Манайд бол дотооддоо ч нөхцөл байдал амаргүй. Цэргийн байр, цэргийн штабын байр их засвар хийх аардлагатай, 70, 80 жилийн насжилттай.

Цэргийн ангиа удирдаж байгаа удирдагч захирагч нар нь гахай явган, нохой нүцгэн гэж хэлдэг шиг байдалтай байна. Энийг шийдэхэд зайлшгүй хөрөнгө оруулалт хэрэгтэй.

Цэргийг зөвхөн цэргийн эрдэмд сургахаас гадна жолооны курс, гадаад хэл, компьютерийн мэдлэгтэй болгохооор ажиллаж байна.

УИХ-ын гишүүн Г.Хосбаяр: 

–Япон улс дахь Элчин сайдын яамны барилга хуучирч, газар хөдлөлт болбол нурах аюултай болсон тул тус байрыг засах, шинэчлэн барих хөрөнгө ирэх оны төсөвт туссан уу гэв.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг:

-Гадаад харилцааны яам 2016 оноос хойш хэмнэлтийн горимоор явж ирсэн. Ганц Япон улсаар тогтохгүй олон орон дахь Элчин сайдын яамны барилгыг засах, үл хөдлөх хөрөнгө худалдан авах шаардлага байгаа. Япон улс дахь Элчин сайдын яамны байр газар хөдлөлтөд тэсэхгүй гэсэн дүгнэлтийг японы эрх бүхий байгууллагаас гаргаад барилгыг засах шаардлагыг тавьж байгаа ч өртөг зардал нь өндөр учир боломжгүй байн. Уг барилгад жижиг засвар хийгээд ч нэмэргүй болсон учир нэг бол барилгыг буулгаж шинээр барих, эсвэл газрыг нь зараад шинэ газар байр худалдаж авах гэсэн хоёр сонголт үлдсэн. Элчин сайдын яамны байрыг шинээр барина гэвэл 15-20 сая ам.долларын зардал гарах тооцоо гарсан бөгөөд тэрхүү төсвийг ирэх оны төсвийн төсөлд тусгуулж чадаагүй.

УИХ-ын гишүүн Л.Энхнасан:

-Бразил, Индонези улсад Элчин сайдын яам нээн ажиллуулах асуудал хэрхэн шийдэгдсэн бэ Мөн Дублин, Франкфуртэд дипломат төлөөлөгчийн газар нээх асуудал юу болов. Дипломат үйл ажиллагаа өргөжсөн энэ үед Гадаад харилцааны яамны орон тоо хүрэлцэх үү гэлээ.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг:

-Бид Бразилд Элчин сайдын яам нээхээр ажиллаж байна. Багагүй ажил болж Элчин сайдын яам байгуулсан ч төсөв хэмнэж байна гээд түр царцаасан. Ирэх жил Бразил дахь Элчин сайдын яамыг нээнэ. Индонезид Элчин сайдын яамыг энэ жил буцаагаад нээсэн.

Дублин болон Франкфуртад Консулын газар байгуулахаар ажиллаж байгаа. Гадаад харилцааны яамны орон тоо өөрчлөгдөөгүй явсаар ирсэн.

Ер нь гадаадад ажиллаж байгаа дипломатууд дотоодод ажиллаж байгаа дипломатын тоотой тэнцүү харьцаатай байх олон улсын жишиг байдаг. Харин манайд хоёр дахин бага, дипломатуудын цалин дэлхийн дунджаас 40 хувиар бага байна. Сүүлийн үед гадаад харилцаа тэлж байна. Хүний нөөцийн бодлого, бусад төлөвлөлтүүдээ хийгээд орон тоог 40-өөр нэмэхээр саналаа оруулан ирэх оны төсөвт тусгуулсан гэлээ.

Байнгын хорооны хуралдаанаар дээрх төслүүдийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүдээс зарчмын зөрүүтэй саналын томьёолол гаргаагүй бөгөөд анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *