Судлаач О.Чулуунбилэг: Бид хайбрид дайны нөлөөнөөс зугтаж чадахгүй

0

Орчин цагийн хайбрид дайны бүх туршилтыг буфер улсын зовлонгоос харж болно. Үүний тод жишээ бол монголчууд байна. Энэ сэдвээр Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн докторант, судлаач О.Чулуунбилэгтэй ярилцлаа.


-Монгол хайбрид дайны фронт дахь улс. Хоёр их гүрний дунд буфер зонд байгаа бидэнд энэ дайн яаж нөлөөлж байна вэ?

-Технологийн холболт, даяаршлын харилцан хамааралтай холбоотой дайн мөргөлдөөн нь зөвхөн төр улсуудын хийдэг, зохион байгуулдаг ажил биш болж оролцогчдын тоо нь огцом өргөсөж, төрөл хэлбэр нь ч асар хурдтайгаар хувирч байгаа учраас хайбрид дайн гэж ерөнхийд нь нэрлэх боллоо. Энгийн үгээр бол цэрэг армийн ажиллагаатай хамт зэрэгцэж мэдээллийн, соёлын, кибер, үзэл суртлын, эдийн засаг, худалдааны гэх мэт олон хэлбэрийг хослуулж их гүрнүүд өөрийн эрх ашгаа хэрэгжүүлэх замаар хоорондоо өрсөлдөж байна. Дэлхийн II дайнаас хойш тогтсон олон улсын дэг журам сорилтод өртөж, шинэ хүйтэн дайны өрсөлдөөний бүрэнхий үе учраас бид хайбрид дайны нөлөөнөөс зугтаж чадахгүй.

Миний харж байгаагаар хайбрид дайны нөлөө бидэнд маш олон янзаар илэрч байгаа. Тэр дундаа гурван гол нөлөөлөл байна. Нэгдүгээрт, шинэ хүйтэн дайнтай холбоотой их гүрнүүдийн геополитикийн дарамт нэмэгдэж гуравдагч хөршийн бодлого хэрэгжих нь суларч байна. Хоёрдугаарт, худал ташаа мэдээллийн урсгал бүхий кибер аюулгүй байдал манай нийгмийг талцуулах, үндэсний эв нэгдэлд аюултай түвшинд очсон.

Гуравдугаарт, оросын сулралтай холбоотой Орос-Хятадын хүчний тэнцвэрт буфер үүрэгтэй манай аюулгүй байдлын орчин хурдтай өөрчлөгдөж байна.

-Ер нь буфер улс болохоор хайбрид дайны голлох бүх туршилтыг нь үзэж байгаа орон болчихоод байна уу?

-Дээр хэлснээ давтахад, хайбрид дайн бол ядаж л бүс нутагтаа нөлөөлөх чадвартай том гүрнүүдийн хийдэг ажил. Том улсуудын хооронд өрсөлдөөн ширүүсэхэд жижиг улс хавчуулагдан шахагдаж тэсэж үлдэхийн тулд их хүнд дарамт амсдаг, өртөг өндөр төлдөг. Түүнээс ганцхан Монголд зориулаад хайбрид дайны туршилт хийгээд байхаар тийм ач холбогдолтой байршилтай, улс төр, эдийн засгийн нөлөө бүхий улс бид биш. Монгол Улс өөрийн үндэсний эрх ашгийн үүднээс бие дааж шийдвэр гаргах, гаргасан шийдвэрүүдээ хамгаалж чадаж байна уу гэдэг том шалгуур манайд явагдаж буй хайбрид дайны гол сорил байх болов уу. Манай үндэстний сөрөн тэсвэрлэх чадвар хэр байгаа вэ гэдэг тест энэ сорил дээр яригдах ёстой.

-Тэгвэл бид хайбрид дайны сорилыг яавал давж гарч чадах вэ?

-Хоёулаа арай амьдралтай жишээ авч үзье л дээ. Яг энэ долоо хоногоос эхлэн Монгол Улс Евразийн Эдийн Засгийн Холбоотой чөлөөт худалдааны түр хэлэлцээр хийх тухай парламент дээр хэлэлцэгдэж эхлэх нь. Мэдээж бидний хүсэл гэхээсээ ноён Путин Монголд айлчлахдаа манайхыг элсүүлэх гээд шахчихсан том лобби. Оросын хувьд энэ том холбооны гол санаачлагч, хамгийн том эдийн засаг хэдий ч Монголоос харах ашиг бага. Гол ашиг нь том хоригт, дайны эдийн засагт байгаа улсын тэргүүний хувьд олон улсад нэр хүнд нь хэвээрээ, барууны эдийн засагтай өрсөлдөхүйц шинэ холбоог нь бусад улсууд дэмжиж нэгдсээр байгаа гэдэг мессэжийг дотоод иргэддээ харуулах улс төрийн ашиг гэж харж байна.

Монголын хувьд эрчим хүч, шатахуун, дэд бүтцээс хараат байгаа жижиг улс учраас түүний хүслээс зугтаж чадахгүй, яаж хохирол багатай тэсэж гарах, цаг хожих вэ гэдгээ бодох цаг. Сөрлөө гээд өвөл цахилгаангүй, шатахуунгүй хэцүүднэ. Шууд хүлээгээд авчихлаа гэхэд оросын хямд, чанаргүй бараанд манай үндэсний үйлдвэрлэл цохилт амсана. Нэгдсэн стандарт мөрдөнө гэдгээр оросууд дахиад төмөр замын өргөн цариг, эрчим хүч, дэд бүтцийн бүтээн байгуулалт дээр өөрийн стандартаа тулгана. Бүр хэцүү нь Монголтой чөлөөт худалдааны гэрээтэй, Оросын хоригт нэгдмэл байгаа барууны түншүүдээс ирэх дарамт нэмэгдэнэ. Хөрөнгө оруулалт нь царцана, бүр хориг тавих хүртэл анхааруулга ирнэ. Үр дүнд нь Монгол алх дөшний хооронд гараа ээлжилж тавингаа азаа үзэх л нөхцөл байдал үүсч байна. Тэгэхээр үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги гээд миний яриад байдаг нь ирж буй геополитикийн дарамтыг хэрхэн зөөллөөд буцаж хурдан сэргэх тухай л арга замтай болъё гэж яриад байгаа нь тэр юм шүү дээ.

Гадаад бодлого, аюулгүй байдлын бодлогыг Монгол Улсын Их Хурал шийддэг номтой. Тэр дундаа гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хороо голлох ёстой. Тэр мэргэжлийн байнгын хороон дээр л зөөллөх, сөрөн тэсвэрлэх бодлого яригдах ёстой. Түүнээс ганцхан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн асуудал мэтээр хандаж болохгүй. Цаашдаа хэдэн жилдээ ч ийм олон асуудлыг шийдэж байж тэсэж үлдэх, хөгжих хэцүү бодлогууд манай үеийнхнийг хүлээж байна.

-Улс орны хөгжлийг хурдасгах томоохон төслүүд дандаа гацаанд ордог. Цахим сүлжээнд иргэдийг талцуулж, элдэв хөдөлгөөн өрнүүлж байгаад зогсоодог. Энэ хайбрид дайны тод жишээ биз дээ. Үүний цаад зорилго нь юу вэ. Энэ янзаараа удаан үргэлжилбэл үр дүн нь жирийн ард түмэнд яаж тусах вэ?

-Аюулгүй байдлын зэрэглэлийн хувьд цахим аюулгүй байдал нэгдүгээрх асуудал боллоо гэдгийг олон улсад хүлээн зөвшөөрчихсөн. Монгол Улсын хувьд хуурамч мэдээлэлтэй тэмцэх стратеги байхгүй, дэд бүтэцгүй, сөрөн тэмцэх үндэсний нэгдмэл тогтолцоогоо байгуулж чадаагүй байна. Ер нь манай Үндэсний аюулгүй байдлын хамгийн эмзэг цэг бол кибер аюулгүй байдал, тэр дундаа хуурамч (dis­information) эсвэл ташаа мэдээлэл (misinformation)-тэй тэмцэх асуудал гээд хэлчихэд хэтрүүлсэн болохгүй болов уу. Хуурамч, ташаа мэдээлэлтэй тэмцэх хамгийн шалгарсан арга бол тэдгээрийг таньж сурах, зөв мэдээлэл өгөх, хуурамч мэдээлэл тараадаг хаягуудтай тэмцэх, хориглох юм. Сошиал орчин ялангуяа фэйсбүүк бол Монголын нийгмийн эв нэгдлийг бусниулах, ардчиллыг гутаах, түүхийг гуйвуулах, дарангуйлагчдыг сурталчилах, аливаа дайныг зөвтгөх, хөршүүдээ үзэн ядуулах үзэл суртлын зорилготой, морь мал, бөх, хөшөө, баатрын зурагтай монгол хаягнууд хөгжүүлдэг тролл фармуудын диваажин болсон. Харамсалтай нь улс төрийн шүүмжлэл хэлсэн хаягнуудтай тэмцэхээс жинхэнэ үндэсний аюулгүй байдалд хортой, гадаад санхүүжилттэй байх магадлалтай тролл фармуудтай манай төр тэмцэхгүй байгаа. Үр дүн нь нэг өдөр өнгөт хувьсгал, иргэний зөрчилдөөнд хүргэх бодит эрсдэл бий. Ядаж л тэмбүүтэй таавчиг байхгүй, Оюу толгойн гүнд хятадууд нууцаар ухах техникийн боломжгүй, газрын ховор элемент бол уран биш, уран ашиглах нь хөгжил дэвшил гээд сошиал орчинд соён гэгээрлийн ажлыг Боловсролын яам нь хийчих дэд бүтэцгүй сууж байна шүү дээ.

-Тэгвэл иргэд өөрсдөө хайбрид дайны дам нөлөөнд автахгүй байх ямар боломжууд байна?

-Нөлөөнд автахгүй байх боломж байхгүй. Нөлөөнд бага автах, үндэсний эрх ашгаа хамгаалж байх боломж бол мэдээж бий. Хамгийн чухал нь Засгийн газар, Ерөнхийлөгч, Их хурал бүгд тус тусдаа тэмцээд дийлэхгүй гэдгээ хүлээн зөвшөөрөх ёстой. Иргэдтэйгээ харьцангуй нээлттэй байж, тэднийгээ мэдээлэлжүүлж, хувь хүн, компани, төр засаг бүгд үндэстнээрээ нийлж ойлголцож байж л сөрөн тэсвэрлэж чадна. Тийм нээлттэй, либерал сэтгэлгээ шийдвэр гаргагчдад сул байгаа нь үнэн.

-Улаанбаатарчууд утаандаа хордож дууслаа. Эрх баригчид идэж ууж ханахгүй юм гэж хүн болгон ярьдаг бас бичдэг. Гэтэл өөрсдийнхөө эрүүл мэнд, эдийн засаг, ирээдүй хойчийнхоо төлөө дотуур өмдтэйгөө гүйж очоод тэмцэх хүн энэ гурван сая иргэн дунд бараг байхгүй болчихлоо шүү дээ. Энэ нь хайбрид дайны уршиг уу?

-Монголчуудын улс төрийн тэмцэл талбайн жагсаалаас сошиал орчин руу шилжээд удаж байна. Учир нь хөлсний тэмцэгчдээс болоод талбайн жагсаалд итгэх итгэл буурсан. Улс төрийн тэмцэл хүнийссэн. Тэмцэгчдийн шинэ лидерүүд төрөх, танигдахад хугацаа хэрэгтэй байх. Сонгуулийн цикль өнгөрсөнтэй холбоотойгоор сөрөг хүчний идэвхжил буурсан, парламентад олон намын төлөөлөл орж ирсэн зэрэг шалтгаанууд байгаа байх. Энэ хавраас гудамжны тэмцэл олширч, Их хурлын танхимаас гудамж руу халих магадлал бий болсон. Гагцхүү дотоод тэмцэл гадны ашиг сонирхолд ашиглагдах вий гэдэг талаас нь бас харахгүй бол болохгүй. 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалын дараагаар Швейцарь лугаа үндсэн хуультай болох монголчуудын хүсэл эрмэлзэл 1924 онд оросуудын бичсэн коммунист Үндсэн хуулийг баталснаар дууссан шиг түүх давтагдахгүй байх нь чухал. Засгийн газар, Ерөнхийлөгчийн институци парламенттайгаа, иргэдтэйгээ нээлттэй, ойр байх нь чухал байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *