Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо үйлдвэрлэгчдийн гомдлыг шийдвэрлэж ажиллана

0

УИХ-ын 2024 оны намрын чуулганы хугацаанд хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагааныхаа талаар Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга, гишүүд энэ сарын 29-нд мэдээллээ.

Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар хэлэлцсэн хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олон улсын зээл тусламжаар хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт, үр дүнгийн асуудлаарх ажлын хэсгийг байнгын хорооны дарга С.Ганбаатар ахалж байгаа аж. Ажлын хэсгүүд чуулганы завсарлагааны хугацаанд нийслэл, орон нутагт ажиллаж, бодит байдал, тулгамдаж буй бэрхшээлийг судалж ажилласны үндсэн дээр холбогдох шийдвэрийн төслийг боловсруулж, УИХ-ын чуулганы хаврын чуулганд тайлагнах аж.

Цаашид тус байнгын хороо аж үйлдвэржилтийн бодлого, түүний хэрэгжилттэй холбоотой аливаа мэдээллийг ил тод, нээлттэй болгож, үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдийн гомдол саналыг хүлээн авч шийдвэрлэн, үндэсний хөтөлбөр, төслүүдийн хүрээнд олгож буй үйлдвэрлэл, бизнесийн дэмжлэг, татаасыг хэрхэн авах, ямар шат дамжлага, дүрэм журам үйлчилж байгааг танилцуулж ажиллана гэж байнгын хорооны дарга С.Ганбаатар мэдээлэлдээ онцоллоо.

Байнгын хороо тус хугацаанд 10 удаа, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороотой хамтран 2 удаа хуралдаж, 21 асуудлыг хэлэлцэн, хуулийн 3 төсөл, УИХ-ын тогтоолын 2 төслийн талаар шийдвэр гаргасны зэрэгцээ эрхлэх асуудлынхаа хүрээнд байнгын хорооны 12 тогтоолыг баталжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *