Х.Тэмүүжин: Яахаараа Засгийн газрын архиваас гэрээ нь байхгүй болчихдог юм

0

16 : 06

2025-3-31

Х.Тэмүүжин: Яахаараа Засгийн газрын архиваас байгуулсан гэрээ нь байхгүй болчихдог юм

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайлан болон Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Энэхүү тайлантай холбогдуулж УИХ-ын гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн О.Саранчулуун:

-Хүний хамгийн анхдагч хэрэгцээ бол орон байр болон хоол хүнс. Манайд хөгжлийн бэрхшээлтэй 113 мянган иргэний 13-хан хувь нь орон сууцанд амьдарч байна. Үлдсэн хүмүүс нь түрээс, зарим нь айлын хашаанд зарим нь орон байргүй. Ийм хүмүүсийг анхаарах юм уу. 2023 онд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг орон байраар хангах хөтөлбөр гарсан байна. Аргаа бараад тандалт судалгаа авлаа.  

Ажил хийж байгаа хүмүүс зөндөө байна.  Холбогдох гурван байгууллага руу хандахаар хайхрамжгүй хандаж байна.

Барилга хот байгуулалтын сайд Ж.Батсуурь:

-Монгол Улсын хэмжээнд 5000 айлын орон сууц түрээсээр ашиглагдаж байна, үүнээс тодорхой хувьд нь Хөгжлийн бэрхшээлтэй иргэн хамрагдаж байна. Суманд баригдах орон сууцнаас  сан бий болгоод орлого багатай иргэнд хуваарилах боломж бий болгоно. Алслагдсан суманд 8-15 айлын орон сууц барихаар тендер зарласан,  хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хуваарилна.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:

Өнгөрсөн таван жилд юу болоод өнгөрсөн бэ гэдэг үнэлгээ л яваад байна. Аудитын байгууллага үнэлэхээс гадна олон улсын байгууллага хэрхэн үнэлж байгаа талаар Бум-Очир гишүүн хэлнэ лээ. Монгол Улс дарангуйллын тогтолцоо руу шилжчихсэн юм биш үү. Том төслүүд, эдийн засгийн тоо баримтаа илүү хэлээд байгаа болохоос биш иргэний ардчилал, хуулийн засаглал руу юу хийсэн юм бэ гэдэг үзүүлэлт маш сул байна.

Энэ тайлангийн өмнө Төмөр замын хил холболттой холбоотой асуудлыг хэлэлцэх үеэр Ерөнхий сайд маш ноцтой үг хэлсэн. Монгол Улсад хариуцлага алдагдсаны жишээ байх. Монгол Улсын Засгийн газар өөрийнхөө хийсэн гэрээг өөрөөсөө олохгүй, айл гэрээс энэ гэрээг олж ирлээ гэсэн. Үндэсний аюулгүй байдал бараг хялгасан дээр тогтож байгаа юм шүү гэдэг үг хэлсэн.

Яахаараа Засгийн газрын архив дотор байгуулсан гэрээ нь байхгүй болчихдог юм. Хариуцаж байсан албан тушаалтан нь юу хийж байдаг юм.

Засгийн газар өөрөө өөрийнхөө дотор байгаа алдаа завхарлыг,  төр өөрийнхөө дотор байгаа авлига гэх юм уу, ашиг сонирхол гэж хэлэх юм уу зүйлийг олж тогтоож чадахгүй байж алдаагаа яагаад иргэний хувийн амьдрал, бизнес эрхлэгчдийн  бизнес дундаас босгож ирээд байгаа юм бэ. Энэ бол манай ардчиллыг хойш татсан сул үзүүлэлтийн нэг шүү.  

Монгол Улсын албан тушаалтан архивыг бүтнээр нь айлын тал руу гаргахад бид эрүүгийн хэрэг үүсгээд хариуцлага тооцох гээд явахад тэрийг нь таслан зогсоогоод төрийн том шагнал өгч байсан.

Энэ мэт галзуурал чинь төр дотор байгаа хариуцлагагүй байдлыг өөгшүүлээд байгаа юм аа. Сүүлд Засгийн газар их аюултай үйлдэл хийж байна лээ, түүхийг өөрчлөх гэж оролдсон шүү. Эцсийн дүндээ юмыг гацаадаг хулгай хийдэг, гадны гар хөл бодог хэсэг нь эх орончид болж хувираад бизнесээ босгох гэж явдаг, хууль дагаж амьдрах гэж оролддог хэсэг нь дайсан болоод хувирчихсан уу, яасан. ийм мэдээллийг ингэж бохирдуулж болохгүй.

Монгол Улсын ардчилал яагаад ингэж дампуураад байгаагийн шалтгаан энэ танхим дотор ч байгаа.

Парламентын чуулганы толгой дээр гүйцэтгэх эрх мэдлийн толгой гараад суучихдаг улс байхгүй шүү. энэ улсыг гурван даргын улс обллоо, авторитор дэглэм бий болчихлоо эдгийн илэрхийлэл сандал суудлын ухваарилалт.

Ерөнхий сайд нь парламентынхаа толгой дээр гараад суудаг улс хаана байна вэ. Та бүхэн бусад ардчилсан улсын парламентын дотоод зохион байгуулалтыг хараарай, Ерөнхий сайд нь гишүүнийхээ суудал дээр сууж байгаа. УИХ ын гишүүдийн толгой дээр сууячихаад даргалж байгаа юм шиг ярьж болохгүй.

Зг ын хуралдааны танхимд УИХ ын дарга хажууд нь сандал тавиад суувал Үндсэн хуулийн зөрчил болно. Ядаж ийм асуудлаа шийдэж байж, парламентын ардчилалтай урагшаа явж байгаа улс юм байна гэж

Засгийн газрын гишүүд хорондоо маргаад сууж байна, Шадар сайдууд нь Ерөнхий сайдынхаа харалдаа суух ёстой ш дээ.

УИХ-ын гишүүн Б.Жаргалан:

-Таван жилийн коммунист төлөвлөгөө баталлаа гээд иргэдийн амьжиргаа сайжирдаг бол хамаа алга. Гэтэл хангалттай хэрэгжсэн зүйл алга, тодорхой үр дүнд хүрээгүй гэдэг дүгнэлттэй байна. Сүүлийн хэдэн өдөр УИХ гүйцэтгэлийн тайлан хэлэлцэж байгаа сургаар яамдын дарга, төрийн албан хаагч ордны хаалга үүд сахиж, суулаа. Одоо ч бас сууцгааж байна.

Цаашид УИХ-д сайд нар ажлаа тайлагнах ёстой,  төрийн албан хаагч нар орж ирэх шаардлагагүй гэж УИХ ын даргын сануулаад байгааг дэмжиж байгаа.

Ерөнхий сайдад хандаж хэлэхэд Монгол Улсын түүхэнд хамгийн удаан Ерөнхий сайдаар ажиллаж байгаа хүн.  Тав дахь жилдээ Ерөнхий сайдаар ажиллаж байна. Гэтэл энэ хугацаан дахь Засгийн газрын ажлын үнэлгээ 66 хувьтай гарлаа. 66 хувь гэдэг F үнэлгээ мөн биздээ. Ерөнхий сайд гүйцэтгэлээ танилцуулах үеэрээ ковидыг ялсан гээд ярьсан. Ковидын үед юу болсныг сануулах хэрэгтэй юм шиг санагдлаа.

Эх орондоо ирж чадалгүй гэр бүлээсээ хагацсан хүмүүс, Улаанбаатар хот руу орж ирж чадалгүй 22-ын товчоон дээр амь насаа алдсан эмэгтэй, 8 сая төгрөгийн ковидын багц, үй түмэн хүний хүний эрхийн зөрчил, эдийн засаг 5 хувиар агшсаныг тэр үеийн алдагдлаа өнөө хэр нь нөхөж чадалгүй дампуурсан маш олон аж ахуй нэгж байна.

Энэ хооронд юмны үнэ хэд дахин өсч, ард иргэд үнийн өсөлтөд дарлуулсан хэвээр байна, боловсролын хоцрогдлоо нөхөж чадахгүй маш олон мянган хүүхэд байна.

Гэтэл  ковидоос хойш нүүрсний үнэ өссөн учраас ДНБ өссөн гээд байгаа боловч иргэд үнийн өсөлтөд дарлуулсан хэвээр байна.  Төсөв данхайсан хэвээр, төр нь мөнгөөр туйлсан хэвээр байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ улсын төсвийн 100 гаруй их наяд төгрөгийг захиран зарцуулсан хэр нь аудитын байгууллага таван жилийн үндсэн чиглэдл туссан 21.7  их наяд төгрөгийн зарцуулалт нийгэмд эерэг өөрчлөлт авч ирээгүй гэдэг дүгнэлт хийсэн байна. Энэ бол 21.7 их наяд төгрөг үр дүнгүй зүйлд зарцуулагдсан гэсэн үг. Гэтэл нүүрсний 40 их наяд гэдэг шиг замхраад алга болох юм уу гэлээ.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайлан болон Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг сонсч дууслаа.

Мөн Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Таван толгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 2025 оны 01 дүгнэлт, Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 2025 оны 03 дугаар дүгнэлтийг хүлээн авсан талаарх УИХ-ын тогтоолын төслийн эцсийн найруулгыг сонслоо. Улмаар өнөөдрийн хуралдааныг өндөрлүүлэв. 

12 : 59

2025-3-31

Г.Очирбат: Хүнс хөдөө аж ахуйн яам Халамжийн яам болсон

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайлан болон Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Энэхүү тайлантай холбогдуулж УИХ-ын гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Г.Очирбат:

-Монголбанк бодлогын хүүгээ 2 хувиар нэмснээр хамгийн хүнд хэцүүг нь ард иргэд үүрч байна. Апликейшний зээлийн хүү нэмэгдлээ. “Хүнсний хувьсгал” хөтөлбөрийн хүрээнд 2 их наяд, “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд 700 тэрбум, “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд 700 тэрбум төгрөг зарцуулсан. Үр дүн нь хаана байна вэ. ард иргэд дээр ачаалал үүсгэчихсэн явж байна. Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэ өслөө. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам халамжийн яам болсон. Бодлого хэрэгжиж байх ёстой байтал бодлогын үр дүн байдаггүй, төгрөг л сулраад байдаг. Аудитын байгууллагаас гаргасан зөвлөмж хэрэгждэг үү.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал:

-Аудитын зөвлөмжөөр арга хэмжээ авсан тохиолдол өнгөрсөн жилүүдэд байхгүй. 2023 оноос анх Хяналт хэрэгжүүлэх газраас үнэлгээ хийж эхэлсэн. Хоёр аймгийн Засаг даргад арга хэмжээ авсан практик бий. Энэ жилийн хувьд аудитын зөвлөмжийг хүлээж аваад хариуцлага тоовцол мэдээлэл өгье.

Сангийн сайд Б.Жавхлан:

-Төв банкны шийдвэр маш зөв. Төв банкны бодлогын нэгдүгээр асуудал нь төгрөгийн худалдан авах чадвар. Энэ сувгаараа ард иргэдийн өрхийн орлогын эдийн засгийн байдлыг хамгаалж байна гэсэн үг. Зээлийн асуудал гурав, дөрөвдүгээр асуудал гэж үзжээ энэ удаа. Макро бүх үзүүлэлтүүдийг нэг дор бүгдийнг эерэг барих боломж байдаггүй. Бид өрхийн орлогыг дэмжиж байна гээд цалин, тэтгэвэр бүх юмыг дэмжсэн. Энийг дагаад хэрэглээ нэмэгдсэн. Дотоодын үйлдвэрлэл бага учраас импортод очиж суудаг. Энэ нь ханшид эргээд инфляцид нөлөөлдөг.

Тийм учраас Ерөнхийлөгчийн зүгээс, Засгийн газрын зүгээс олон хөтөлбөрийг санаачлаад бүрэн дэмжээд ажиллаж байгаа.

Төв банкны мөнгөний бодлогыг хатууруулах төлөвтэй байгаа нь зөв. Ямар хугацаанд хэрэгжих вэ гэдэг нь олон мега төслүүд хэр хурдан эргэлтэд орж үр өгөөжөө өгөх вэ, мөн дотоодын үйлдвэрүүдээ хэрхэн хамгаалах вэ зэргээс шалтгаална.

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр:

-Хөдөөгийн хөгжил нь Монгол Улсын гол бодлого байх ёстой. Хөдөөд хүн ажиллаж амьдрах бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлж байж сорилт болоод байгаа төвлөрлийг сааруулна, хүнсний хангамжийг нэмэгдүүлнэ, нүүдлийн соёл иргэншлээ хадгална.

Хүнсний хувьсгал бодлогын хүрээнд 1.2 их наяд төгрөгийн зээл гарсан, 3146 аж ахуй нэгжид зээл очсон 39 шинэ үйлдвэр ашиглалтад орж, 350 төрлийн шинэ хүнсний бүтээгдэхүүн бий болоод худалдаанд нийлүүлэгдээд байна.

Та бүхэн худалдан авч байгаа хүнсний бүтцээ хараарай. Хүнсний барааны  16 нэр төрөл хангамж 2021 онд 54 хувьтай байсан бол 2023 оны эцсээр 74.5 хувьд хүрсэн.  Маш том амжилт. Монголчууд тарьдаг, ургуулдаг, үйлдвэрлэдэг, улмаар хүнс экспортолдог болсон. Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн экспорт 1 тэрбум ам.доллар хүрэх гэж байна. Махны экспорт ажилттай явж байна, жилдээ 80-90 мянган тонн буюу 300 гаас дээш сая ам.долларын мах экспортолдог болсон.  Хамгийн үнэтэй махны зах зээл Араб, Орхи Дорнод, Төв ази, хоёр хөрш, Зүүн өмнөд Азид амжилттай мах экспортолж байна. Гадаад худалдааны зах зээл тэлж байна

Одоо ноолуур самналт үргэлжилнэ. “Цагаан алт” хөтөлбөр зарлагдаад нэг сар болж байна, үйлдвэрүүд бэлтгэлээ хангаж байна. Эхлээд ноолуураа 100 хувь угаадаг болсон бол одоо 100 хувь  самнадаг болно.

Ингэснээр дотоодод ажлын байр бий болно, өрсөлдөх чадвар сайжирна. Ноолуураасаа жилд 400 сая ам.доллар олдог байсан бол 1 тэрбум ам.доллар олдог орлогын эх үүсвэр бий болгохоор ажиллаж байна.

Мах 100 хувь экспортод гарч байна. Сар шинийн өмнө үнийг хөөрөгдөх илрэл гарсан тул Засгийн газраас богино хугацаанд техникийн зохицуулалт хийгээд одоо экспорт хэвийн үргэлжилж байна.

Газар тариалангийн эрчимжүүлэлтийн үр дүнд 270 мянган тонн тэжээлийн бааз бэлдлээ. Хэзээ байтлаа дөрөвдүгээр сард сард мах бэлтгэл явагдаж байлаа.

УИХ-ын гишүүн Г.Очирбат:

-Гол 12 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээс гурил, махны үнэ өссөн.  Төрөөс дандаа татаас өгөөд яваад байх юм уу, Гаалийн татвар дээр нь хөнгөлдөг, зах зээлийг нь хамгаалдаг байх ёстой.

УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан:

-Эрчим хүчний үнийн өсөлтийг иргэд шүдээ зуугаад гарсан. Тавдугаар сараас дулаан болоод усны үнийг нэмнэ. Гарцаагүй нэмэх шаардлага байна уу. Судалгаа шинжилгээ хийсэн үү.

Валютын нөөц ханшийн асуудал хүндэрчихээд байна. Төсвийн тодотголын бэлтгэл хийж байгаа юу. Судалгаа шинжилгээ хийж байгаа юу. Своп дээрх 2.8 тэрбумаар амьдрахаар явж байна гэх зүйл сонсогдох. Оройтоогүй байгаа дээр төсвийн тодотголоо хийж, зардлаа бууруулбал яасан юм бэ?

Сангийн сайд Б.Жавхлан:

-Зардлын асуудал дээр нэг шугам дээр байгаа гэж ойлгож байгаа. Бүтээн байгуулалтаа эрэмбэлээд төсөв дээр тавьсан.  Гагцхүү төсвийг гарцаагүй нэмэх шаардлага байгаа нь хууль эрх зүйн орчинтой холботой. Төсвөөс болж шууд зардал өсөөд байгааг УИХ- аас судалах ёсстой гээд эжлын хэсэг байгуулаад ажиллаж байна.  Судалж байна, тун удахгүй УИХ д оруулна. Зардлуудаа хэмнээд тодорхой болгочихвол багагүй хэмжээгээр зардал багасна.

Шууд хуулийн заалтаар энэ жил 4.5 их наядын зардал нэмэгдэж орж ирсэн, багтаагүй 2 их наядын зардал бий.

Валютын нөөцийн хувьд амаргүй үеэ бид давж байна. Тулж байгаа эрсдэл. Нүүрсний үнэ нэлээд уначихлаа, үүнээс болж орлого дээр цохилт ирнэ. Нэгдүгээр улирал дууслаа. Хоёр, гуравдугаар улиралд экспорт нэмэгддэг. Бусад түүхий эдийн үнэ боломжий байна. Бүх нөөц боломжоо шавхаж ажиллаж байна. Свопын хувьд бас нэг хэрэгсэл, нөөцөө нэмдэг. Тэгэхдээ хэрэгслүүдээ эрэмбэлж байгаад сөрөг үр дагаврыг тооцоолж эрэмбэлнэ. Төсвийн тодотголын хувьд хүсэлтээрээ хийчихдэг зүйл биш. Хуулиараа тодорхой заасна. Түүндээ хараахан хүрээгүй байна. Төсвийн орлогоо хамгаалах, нэмэгдүүлэх, зарлагаа бууруулах гээд Засгийн газар өөрийн хэмжээнд хийдэг ажил байна. Ажлын хэсэг байгуулаад ажиллаж байна, үр дүн гарч байна.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн:

-Дулааны үнийг тавдугаар сарын 16-наас нэмэх байсан. Засгийн газраас гурван долоо хоногийн өмнө “Дулаан болон бусад хураамжийг нэмэгдүүлэхийг энэ оныг дуустал хойшлуулъя” гээд шийдвэрээ гаргасан. Инфялци хоёр оронтой тоонд хүрэх гээд байсан учраас дулааны үнийн нэмэгдлийг хойшлуулсан.

11 : 33

2025-3-31

Н.Учрал: 250 сая доллараар зарсан Төгрөг нуурын ордыг ярих цаг болсон

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайлан болон Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Энэхүү тайлантай холбогдуулж УИХ-ын гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг:

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт байгаа бүх зүйлийг хийж амжихгүй.  Гол асуудлуудаа л анхаармаар байна. Жишээлбэл, Монгол Улс уул уурхайн эдийн засагтай орон. Энэ чиглэлийн бодлого хаана явна вэ. Баялгийн сан амилах юм уу. Стратегийн ордууд чинь ямар байдалтай байна вэ. Сайдасаа даваад БЭТ гэдэг нэг нөхөр орчилчихож байгаа.  

Ногоон эдийн засаг гээд яриад байдаг боловч моодны үг болж хэрэглээд байна. Тодорхой төрийн бодлого хэзээ гарах вэ. Цэвэр эрчим хүчний асуудлыг яримаар байна. Газрын гүний дулааны асуудлыг шийдэж чадвал аймгийн төвүүд болоод нийслэлийн дулааны эх үүсвэрийг шийдэх боломжтой. Хөрөнгө оурулалт татъя гэхээр хууль эрх зүйн орчин тодорхой бус байна?

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал:

-Үндэсний баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэх ажлын хэсгийг миний бие ахалж байгаа. 2007 онд УИХ -ын тогтоол гарч, 16 ордыг стратегийн ордод хамааруулсан.  Дахиад 39 стратегийн орд ДНБ ийн 5-аас дээш хувийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бололцоотой орд, УИХ-д оруулж ир гээд шийдчихээд байхад 18 жил хав дарсан.

18 жилийн хугацаанд 39 стратегийн ордыг гадаадын иргэдэд зарсан үрсэн, оффшор луу аваачиж хийсэн.

18 жилийн хугацаанд баялагтаа эзэн болох боломж байсан. Гэтэл 18 жил өнгөрчихсөн. Тэгэхээр хэлэлцээр хийж байгаа. Хэлэлцээр гэдэг бол хэрүүл биш, тулган шаардалт бас биш. Хэлэлцээр гэдэг ширээний ард суугаад санхүүгийн модел дээрээ түшиглээд Үндсэн хуулийн газрын хэвлийн баялгийн 50+1 ард түмэн эзэмшинэ гэдэг заалтыг хангуулах босгыг давахын төлөө хийж байгаа. 39 стратегийн ордыг эргээд харахад хэлэлцээр хийхэд түвэг учирна. Энд энэ танхимд сууж байгаа хүмүүсийн манлайлал хэрэгтэй. Орон нутгаар Үндэсний баялгийн сангаа иргэддээ авч ирье, 34-өөс 50 хувиа авъя гээд төрийн тэргүүн байсан Х.Баттулга гишүүн яриад явж байгаа. Үгээрээ бус үйлдлээрээ үзүүлэх хэрэгтэй.

Тантай нэр холбогддог Төгрөг нуурын ордыг ярих цаг ирсэн. 39 стратегийн ордыг ярихаар бүгдээрээ энийг ярьж байгаа. Тавантолгойн бүлэг ордын 50 хувь 3 тэрбум тоннын нөөцтэй 15 их наяд төгрөг зөвхөн тусгай АМНАТ-ийн 5 хувиар ард түмэнд ирэх ёстой байсан ийм орд.

Улаанбаатар хотоос 1 цаг яваад очдог ордыг 250 сая ам.доллараар 4 гадаадын иргэнд зарсан. Хонконгийн сайт дээр байна, оффшороор дамжуулаад гаргасан.

Энийг хэлэлцэх юм уу. ялгаж аваад хэлэлцээр хийх юм уу. Тэгвэл 39 орд дээр хэлэлцээр хийе тийм учраас би Монгол төрийн тэргүүн байсан хүн үгээрээ бус үйлдлээрээ хийж гэж харуулаасай гэж хүсэж байна. Е-Мongol дээр байгаа 138 мянган төгрөгийг яаж нэмэгдүүлэх вэ гэж ажлын хэсэг үйлээ үзэж байгаа.  Одоо Ц.Туваан сайд 39 орд дээр УИХ- ын тогтоол оруулж ирж, бүгдтэй нь хэлэлцээр хийнэ. Ингэсэн цагт 138 мянган төгрөг нэмэгдэнэ, ард түмний дэмжлэг дор Монголын ард түмэн байгалийн баялагтаа эзэн болно.

Шадар сайд Т.Доржханд:

-Ногоон эдийн засгийн хувьд 2030 он гэхэд нийт эрчим хүчний эх үүсвэрийн 30 хувь ногоон байна гээд УИХ -аараа баталчихсан, үүний төлөө ажиллаж байгаа. Энийгээ хийнэ. Хөрсний гүний дулааныг ашиглах тухайд санал нэг байна. Энэ дээр анхны зардал их юм билээ, суурь судалгаа өрөмдлөг хийхэд зардал өндөр. Нэг хийсэн тохиолдолд урт хугацаандаа зардал бага. Үр өгөөжтэй. Гол нь хөрөнгө оруулалтын зардал л гарч ирнэ. 30 жилийн хугацаанд дэд бүтэц рүүгээ мөнгө хийж чадаагүй. Үйлдвэр баръя гээд сайхан юм яриад байдаг ч дэд бүтэц байхгүй бол ямар юмны үйлдвэр байх вэ дээ.  Эрчим хүч байхгүй бол зам, төмөр зам бариад үр ашиггүй. Гаднаасорэ ирж байгаа хөрөнгө оруулалтыг эрчим хүчрүүгээ оруулж байж, бид хөгжинө.

10 : 22

2025-3-31

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхлээд байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхлээд байна.  УИХ-аар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайлан болон Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.

УИХ өнгөрсөн Баасан гаригийн нэгдсэн хуралдаанаар энэхүү тайланг хэлэлцэж эхэлсэн ч сайд нарын ирц тааруу байснаас дуусгаж чадалгүй, Даваа гаригт үргэлжлүүлэн хэлэлцэхээр болсон юм.

Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн тайлан, хяналт шинжилгээний үнэлгээний дүнгээр 67.0 хувьтай гарсныг мэдээлсэн юм. “Алсын хараа 2050” бодлогоор Үндэсний нэгдмэл үнэт зүйл, Хүний хөгжил, Амьдралын чанар ба дундаж давхарга, Эдийн засаг, Засаглал, Ногоон хөгжил, Амар тайван, аюулгүй нийгэм, Бүс, орон нутгийн хөгжил, Улаанбаатар ба дагуул хот гэсэн үндсэн есөн зорилгын 47 зорилтыг дэвшүүлж, 243 багц арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.  Үндэсний нэгдмэл үнэт зүйл зорилгын хүрээнд хэрэгжүүлсэн Чингис хааны музей, Өөдөө тэмүүлэх Монгол буюу Гөү Монголия үндэсний брэндинг, Нүүдэлчин ахуйг сурталчилсан соёлын арга хэмжээнүүдийн үр дүнд Монгол Улсын талаарх эерэг ойлголт 57.0 хувиар нэмэгдэж, зөөлөн хүчний бодлогын индекс 14 байраар урагшилсан.

Хүний хөгжлийн зорилтын хүрээнд дэлхий нийтийг хамарсан цар тахлыг эрсдэл багатай даван туулсан, орон даяар зохион байгуулсан эрт илрүүлгийн оношилгоонд 1.5 сая иргэнийг хамруулсан, 2020-2024 онд улсын хэмжээнд 197 сургууль, 285 цэцэрлэг ашиглалтанд оруулсан, нийслэлд 27 хорооны 26800 хүүхдийг цэцэрлэгт хамруулж, сугалааг халсан. Амьдралын чанар ба дундаж давхарга зорилтын хүрээнд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг УИХ-аар батлуулж, стратегийн ордуудын 34 хувьд ноогдох ногдол ашгийг иргэдийн хуримтлалын дансанд төвлөрүүлж, эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зориулалтаар зарцуулахаар шийдвэрлэснийг онцолж, одоогоор төрийн өмчийн компаниудаас 495.6 тэрбум төгрөг иргэдийн хадгаламжинд төвлөрөөд байна. Энэ эх үүсвэрээр 5000 орчим иргэний ипотекийн зээлийг санхүүжүүлсэн.

Эдийн засгийн зорилтын хүрээнд Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласны үр дүнд 2023 онд 600 мянган, 2024 онд 800 мянган жуулчин хүлээн авсан нь дээд амжилт болж, салбарын жилийн орлого 1,5 тэрбум ам.долларт хүрсэн.  Чойбалсан, Багануур, Эрдэнэбүрэн, Бөөрөлжүүт, Тосон зэрэг цахилгаан станцын төслүүдийг хэрэгжүүлснээр эрчим хүчний нийт хүчин чадал 358 мВт-аар нэмэгдсэн байна. Эдийн засгийн өсөлт  Ковид19 цар тахлын үед 4.6 хувь байсан бол 2023 онд 7.4 хувь, 2024 онд 4.9 хувьтай гарчээ.  Сүүлийн дөрвөн жилд Монгол Улсын экспортын орлого хоёр дахин өсөж, дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий хэмжээ 37.4 их наяд төгрөгөөс өнөөдрийн байдлаар 80.0 их наяд төгрөг болж нэмэгдсэн байна. Нэг хүнд ноогдох ДНБ 2020 онд 4121 ам.доллар байсан бол гурван жил дараалан тогтмол өсөж, 2023 оны байдлаар 6008 ам.долларт хүрсэн бөгөөд 2024 оны урьдчилсан гүйцэтгэлээр 6890 ам.долларт хүрэхээр байна. Олон улсын зэрэглэл тогтоогч агентлагуудаас манай улсын зээлжих зэрэглэлийг 2024 онд нэг шат ахиулж, B+ тогтвортой зэрэглэлд шилжүүлээд байна гэж энэхүү тайланд дурдаад буй.

Эх сурвалж : Nnews.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *