Г.Анхболд: Залуусын дунд амиа хорлолт маш өндөр үзүүлэлттэй.Цаад шалтгаануудын нэг бол архинд донтох эмгэг

“Мансуурах, состуурах донтой хүнийг эмчлэхэд тулгамдаж буй асуудал, гарц гаргалгаа”
сэдэвт хэлэлцүүлэг Хууль Зүй, Дотоод Хэргийн Яам (ХЗДХЯ)-нд өнөөдөр боллоо.
Энэ үеэр Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (СЭМҮТ)-ийн тусламж үйлчилгээний өнөөгийн
байдлын талаар тус төвийн захирал Г.Анхболд дараах илтгэлийг танилцууллаа.
/ Тэрбээр хэлэхдээ “Архинд донтох эмгэгийн тусламж үйлчилгээ ямар шатанд явж байгааг Та
бүхэнд танилцуулья.
СЭМҮТ-ийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлд нийгэм, хамт олонд чиглэсэн сэргээн засах
тусламж үйлчилгээг өргөтгөн хөгжүүлэх талаар заасан байдаг.
Тэгвэл өнөөдөр
• Сэтгэц, нийгмийн сэргээн засах төвийг аймаг, дүүргүүдэд хэрхэн байгуулах вэ?
• Үүний санхүүжилт нь хаанаас шийдэгдэх вэ?
• Хүний нөөц ямар байх вэ?
Манай төвийн тухайд сэтгэцийн эмгэгийг оношлох, эмчлэх, сургалт судалгааг эрхлэх зэрэг
тэргүүлэх чиглэлтэй.
СЭМҮТ-д 2024 оны байдлаар 12 донтолт судлалын эмч, мэргэжилтэн бэлтгэгдсэн байгаа.
Одоогоор энэ тоо хангалтгүй. Иймээс Эрүүл Мэндийн Яам болон Эрүүл Мэндийн Хөгжлийн
Төвтэй хамтраад донтолт судлалаар мэргэшиж байгаа эмч мэргэжилтнүүдийн тоог нэмэгдүүлэх,
энэ төрлийн мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулах хэрэгцээ, шаардлага тулгарч байна”
гэлээ.
“Орны эргэлтийн 44 хувийг асрамжийн хүмүүс эзэлдэг. Тэд Гардаггүй, ордоггүй”
Үргэлжлүүлэн “2019 оноос хойших дата мэдээллийг харахад архи, мансууруулах бодисын
шалтгаант сэтгэц, зан үйлийн эмгэг ихсэх хандлагатай байна. Иймд аймаг, дүүргүүдэд сэтгэцийн
эмгэг сэргээн засах төвийг барьж байгуулах зайлшгүй шаардлага тулгараад буй.
Мөн амбулатори болон хэвтэн эмчлүүлэх орыг зөв зохион байгуулах нь чухал.
Манай улсын хувьд залуусын дунд амиа хорлолтын тоо маш өндөр үзүүлэлттэй.
Дэлхийн бусад орноос өндөр. Үүний цаад шалтгаануудын нэг нь архинд донтох эмгэг
гэж харж байгаа.
СЭМҮТ-ийн хувьд 24 цагаар яаралтай тусламжийн үйл ажиллагааг үзүүлдэг. Архинд донтох
эмгэгийн амбулаторийн тусламж үйлчилгээ, хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээ нь дөнгөж 46
ортой. Өдрийн эмчилгээ, өөртөө туслах бүлгийн 15 ор байдаг. Үүнээс хэвтүүлэн эмчлэх 46 ор нь
улсын хэмжээнд хаанаа ч хүрэхгүй.
Гэхдээ архинд донтох эмгэгтэй хүн болгон СЭМҮТ-д ирж тусламж үйлчилгээ авна гэдэг нь өөрөө
өрөөсгөл ойлголт. Үүний оронд 21 аймаг, есөн дүүрэгт байгаа орыг ажиллуулах, Сэтгэц,
нийгмийн сэргээн засах төвүүдийг бий болгох, улмаар мэргэжил арга зүйгээр хангах ёстой.
Амбулаторийн үзлэгийн тоон мэдээг харахад:
2022, 2023 онд архи болон сэтгэц идэвхт эм, бодисын шалтгаант сэтгэцийн эмгэг өссөн
үзүүлэлттэй.
Манайх хэвтэн эмчлүүлэх 550 ортой. Гэтэл 550 орны 244 нь буюу нийт орны эргэлтийн
44 хувийг асрамжийн хүмүүс эзэлдэг. Тэд гардаггүй, ордоггүй. Энэ хүмүүс манай орны
эргэлтийг хаачихдаг.
Энэ орны эргэлтээ хаалгахгүйгээр асрамжийн клиникийн өвчтөнүүдийг өөр тийш
шилжүүлж чадвал 244 орноосоо донтолтын орны тоогоо нэмэгдүүлээд явах боломж
нөхцөлөөр хангагдаж байна гэж хэлж болно.
Сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр 24 цагийн мэдээллийн 1800-2000 утас манай төв дээр
ажилладаг. Энэ утсаар дамжуулан
• Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ
• Донтох эмгэгийн ойлголт мэдээлэл өгөх
• Сэтгэл зүйн зөвлөгөө
• Хүүхэд өсвөр үеийн сэтгэцийн эрүүл мэндийн талаар мэдээлэл өгдөг.
Өөртөө туслах, дэмжих бүлгэмийнхэн маань жил бүр архигүй цагаан сар, архигүй шинэ жил,
архигүй наадам зэргээр тэмдэглэлт баяр ёслолоо хамтдаа тэмдэглэж заншсан.
Цаашид донтох эмгэгтэй хүмүүст үзүүлэх сэтгэц, нийгмийн сэргээн засах тусламж үйлчилгээг
өргөжүүлэх нь хамгийн чухал. Энэ төвд хөрөнгө оруулаад санхүүжүүлж болох ч цаашид үйл
ажиллагааг хэрхэн тогтвортой авч явах вэ? гэдэг асуудлыг хөндөх нь зүйтэй” гэж ярилаа.