З.Дашдавааг Л.Оюун-Эрдэнэ, Б.Жаргалсайханыг У.Хүрэлсүх хамгаалахаар тохирлоо, том хэргүүд тэгээд урагшлах уу

0

 

АТГ-ын даргыг хууль ёсондоо анх удаа монголд Засгийн газрын тэргүүн томилох онцгой эрхийг энэ удаа эдлэх байв. Гэтэл тэр эрхээ Л.Оюун-Эрдэнэ эдлэхээс “түдгэлзэж”, өнөөгийн АТГ-ын дарга З.Дашдаваагийн гараас хөтлөн гүйж, УИХ дахь намын бүлгүүдийн хуралд ороод “Хуучин хүнийг нь дэмжээд өгөөч” гэж гуйв.

Хөшигний ард төрийн тэргүүн У.Хүрэлсүх ч удахгүй Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг улираан томилох хүсэлтээ УИХ-д уламжлахаар тогтжээ. Гэхдээ төрийн тэргүүн бол Л.Оюун-Эрдэнэ шиг бүлгийн хурал хэсч Б.Жаргалсайханы томилгоог гуйхгүй. Засгийн газарт эл томилгоо бүр хамааралгүй бөгөөд УИХ-д шуудхан нэрийг нь оруулчихна.

Ингэж АТГ-ын дарга З.Дашдаваа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн дэмжлэгээр, Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан төрийн тэргүүн У.Хүрэлсүхийн саналаар албан тушаалаа хадгалж үлдэцгээх тохироо хийгджээ.

Төрд өчнөөн жил ажиллаад, танилын хүрээ нь баарагжуу болон бэхжиж, олон гуйлт төдий чинээ холбоосонд орчихсон хүмүүсээр өнөөгийн ажлыг нь хийлгэнэ. Тэгэж байж, тодорхой үр дүн гаргана гэж тооцсон гэвэл танд хэр итгэлтэй сонсогдож байна.

Аа харин, АТГ дээр баахан мөрдөгчид шинэ дарга ирснээр солигдож, хэргүүд эхнээсээ мөрдөн байцаагдах хэмжээний манаргаан үүсч, ажил төлөвшлөө бараг жил болох хэрийн цаг хугацаа алдахгүй. Энэ бол үнэн. Үүний ижил уур амьсгал УЕП-ын ажил үүргийн хүрээнд ч хадгалагдана гэсэн үг. Товчилбол, шинэ халаа сэлгээ явагдаж бужигнах нөхцөл үүсэхгүй л гэсэн үг. Цаг алдахгүй.

Гэхдээ АТГ дээр ч, УЕП-ын хүрээнд ч одоогийн баг нь үнэхээр цойлоод, ажлууд нь авлигаа ч, хэргүүдээ ч шийдээд, дараачийн шат руу нь маш хурднаар шидээд яваа юу гэвэл үгүй юм аа. Харин ч эсрэгээрээ Ерөнхийлөгч асан Х.Баттулгын үед томилогдсон эдгээр эрхмүүдийн шалгаж буй хэргүүд нь, шалгаад дууссан гэх хэргүүд нь маш удаан л явж байгаа. Хөшигний ард комиссаруудын хэрэг наймаа мөрдөгчийн итгэл үнэмшлийг мохоох болсоор ч асар удлаа.

Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банкны хэрэг, нүүрсний хулгайн хэрэг, ЖДҮХС-гийн кэйсүүд бөөн дуулиан дэгдээсэн. Баахан сүр дуулиантай шалгагдсан хэргүүд яг эцсийн байдлаар харахад албан тушаалтнуудаа яаж ийж өршөөлийн хаалгаар оруулж, хэдэн ААН-үүдийнхээ данс цавууг хааж баахан шалгасан нэртэй дуурь, жүжгийн өрнөл болоод л өнгөрсөн.

Тав алхаад танилын сүлжээгээр баригдчихдаг монгол шиг жижиг улсад суурьтай, буурьтай төрд олон жил ажилласан хүмүүс шалгах, мөрдөх, шүүх рүү шилжүүлэх чиг үүрэгтэй газруудаа удаан ахлахаар урагштай үр дүн гарах магадлал ихсэх үү, багасах уу. Ийм угжирмал тогтолцоо нь хүмүүсийг урагш алхах зарчмын хөлгүй болгож уядаг нюанс л институц бүрд харагддаг.

Тийм атал төрийн өндөрлөгүүд нь хуучин хүмүүсээ дэмжээд сууж байгаа нь тэднийг нийтэд нь юу ч гэж хармаар юм бэ дээ гэсэн эргэлзээ төрүүлнэ. Тэд лав шинэ шатанд асар олон хэрэг илрүүлээд, шүүх рүү шилжүүлээд, ёстой нэг маналзуулаад өгнө гэдэгт итгэхгүй байна. Томчууд л харин итгэсэн шиг байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *