Одоо Б.Жаргалсайханы Ерөнхийлөгчөөр хөтлүүлж, төрийн ордноор гүйх ээлж

0

Б.Жаргалсайханы Улсын ерөнхий прокуророор ажилласах хуулийн зургаан жилийн хугацаа 2025.04.05-ны өдрөөр дуусгавар болж буй.

Тиймээс удахгүй Б.Жаргалсайханы томилгоог УИХ-аар хэлэлцүүлэх чигтэй байна. УЕП-оор томилох хүний нэрээ төрийн тэргүүн УИХ руу оруулж, хэлэлцүүлдэг зохицуулалттай юм.

Өнгөрөгч долоо хоногт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бүрэн эрхийнхээ хүрээнд АТГ-ын даргаар З.Дашдавааг улираан томилох саналыг УИХ руу оруулж, томилгоог дэмжүүлсэн. Харин энэ долоо хоногт Б.Жаргалсайханыг УЕП-оор улираан томилох саналаа төрийн тэргүүн УИХ руу оруулах хувилбар хүчтэй яригдаж байгаа юм.

Хөшигний ард, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АТГ-ын даргаар З.Дашдавааг, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УЕП-оор Б.Жаргалсайханыг улираан томилох хувилбар дээр тохиролцсон гэх. Өмнө нь АТГ-ын дарга З.Дашдаваа, УЕП Б.Жаргалсайхан хоёрыг Ерөнхийлөгч асан Х.Баттулгын санал болгосны дагуу тус албан тушаалуудад томилох асуудлыг УИХ хэлэлцэж байв. Харин энэ удаа тэд нэг нутгийн угшилтай төрийн өндөрлөгүүдээс хоёул зэрэгцсэн байдлаар дэмжлэг авч байгаа нь энэ юм.

Төрийн тэргүүн У.Хүрэлсүхийн хувьд бүрэн эрхээ хэрэгжүүлээд удаагүй байхдаа шүүхийн байгууллагын хараат бус байдалд толгтолцооны шинжтэй өөрчлөлт хийж, хууулийн байгууллагуудыг бие даасан байдлаар ажиллахад анхаарна гэдгээ илэрхийлж байв.

Нөгөө талд, улс төрийн шинжтэй томоохон хэргүүд Прокурорын байгууллагад очоод гацдаг, хэрэг наймаалцдаг, эс үйлдэхүйгээр дардаг гэхчлэн шүүмжлэх өнцөгүүд тогтолцооны шинжтэйгээр хэлбэр дүрсээ хадгалсаар байгаа юм.

Үүний нэг адилаарх шүүмж АТГ дээр ч тасраагүй. Хөгжлийн банкны хэрэг, Боловсролын зээлийн сангийн хэрэг, нүүрсний хулгай, ногоон автобусны хэрэг, ЖДҮХС-гийн зээл зэрэг өнгөрөгч жилүүдэд олны анхааралд өртсөн хэргүүдийг АТГ-ынхан шалгаж, прокурорт илгээсэн хэдий ч яг ялах дээрээ тулахаар бүгд хонгилоор өршөөгддөг хэлбэр тогтсон.

Мөнхүү гаднаас бөөн дуулиан болгож авч ирсэн Т.Бадамжунай нарт хамаарах хэргүүд гацаж, сахал Д.Эрдэнэбилэгт хамаарах хэргүүд хууль шүүхийн шатанд сүүлийн зургаан жилийн туршид гацсан хэвээр байгаа юм. Нэг нь боож өгөөд явуулдаг, нөгөө нь яллаад шүүх рүү шиддэг. Эл урвалууд хоорондоо гүн гүнзгий холбогдож, арга шидтэй нь хэргээ сугалуулдаг, даруулдаг, гацаадаг байдал шалгах, хянах, шүүх тогтолцоондоо хүчтэй оршин тогтносоор байна.

Нөхцөл байдал ийм байхад З.Дашдавааг ч, Б.Жаргалсайханыг ч улираан томилж байгаа нь эрхгүй анхаарал татаж буй. Тав алхаад танилын сүлжээгээр баригдчихдаг монгол шиг жижиг улсад суурьтай, буурьтай төрд олон жил ажилласан хүмүүс шалгах, мөрдөх, шүүх рүү шилжүүлэх чиг үүрэгтэй газруудаа удаан ахлахаар урагштай үр дүн гарах магадлал ихсэх үү, багасах уу. Ийм ужгирсан тогтолцоо нь хүмүүсийг урагш алхах зарчмын хөлгүй болгож уядаг нюанс л институц бүрд харагддаг.

Б.Жаргалсайханд хамаарах хамгийн наад захын жишээ дурдахад л гэхэд, хэрэг төвөгт өчнөөн олон УИХ-ын гишүүн өмнөх парламентын үед холбогдчихоод байхад тэр түдгэлзүүлэх бичиг барьж ирээгүй. Ямагт төрийн ордонд суугчдыг хамгаалсаар, авлига өгч байхдаа гардаж баригдсан А.Адьяасүрэн хүртэл дөрвөн жилийн эрх ямбаа эдлээд гарсан билээ. Эл парламентын толгой дахин ингэж эрхлүүлэх магадлал хамгийн өндөр хүн нь дахин УЕП-оор томилогдохоор хүчтэй яригдаж байгаа нь энэ юм.

Ингэж З.Дашдавааг өнгөрөгч долоо хоногт Ерөнхий сайд хөтөлж, ордноор нэг гүйсэн бол энэ удаа Б.Жаргалсайхан төрийн тэргүүндээ хөтлүүлээд гүйх нь ээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *