МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвших амбиц хэн хэнд байгаа вэ

0

 

2027 онд зохион байгуулагдах Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас өрсөлдөх амбицтай дүрүүдийг нэрлэж байна. Нэрсэд У.Хүрэлсүх, Г.Занданшатар, С.Амарсайхан, Б.Батцэцэг, С.Бямбацогт, Ж.Энхбаяр нарыг онцолж болох юм.


Нэг. У.Хүрэлсүх Үндсэн хуулийн өөрчлөлт хийж, дахин дэвших хувилбар

МАН-ын 2021 оны сонгуульд Х.Баттулгыг дахин өрсөлдүүлэхгүйн тулд, “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн заалтыг Үндсэн хуулинд суулгачихсан.

Одоо энэ заалтыг Үндсэн хуулийн цэц дээр өөрчлүүлэх, ард нийтийн санал асуулга өрнүүлчих хувилбарууд У.Хүрэлсүхэд бий. ҮХЦ-ийн 9 гишүүнийг ч тэр үүнд бэлтгэх мэтээр өөриймчлөн томилуулж бэлтгээд байна. Ер нь их мэдрэмжтэй улс төрчийн хувиар нийтэд таалагдах ажлуудаа сүүлийн саруудад идэвхжүүлэх болов. 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гадаад бодлого, гүйцэтгэх засаглал, төрийн өмчийн гэсэн гурван чиглэлд хамгийн хүчтэй нөлөөлөл үзүүлсээр байна. Тэрбээр,

  • Тэрбум мод, цагаан алт, хүнсний хувьсгал, илгээлтийн эзэд зэрэг байгаль орчин, хөдөө аж аж ахуй, боловсрол, эрүүл мэндийн салбарт Засгийн газартай зэрэгцсэн хэмжээнд хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна.
  • Мөнхүү У.Хүрэлсүхийг төрийн тэргүүнээр ажиллах хугацаанд Монгол Улсын гадаад бодлого хамгийн хүчтэй сэргэж, томоохон гүрний удирдагчид ч манай улсад хараа бэлчээх болов.
  • Улмаар У.Хүрэлсүх сайн найзууд, улс төрийн хүрээний төлөөллүүдээрээ дамжуулан, Эрдэнэт үйлдвэр, УБТЗ ХНН, ЭТТ тэргүүтэй хамаг л том өмчүүдийн удирдлагыг хангаж буй.

Олон нийтэд үзүүлэх рейтингийн жингээрээ ч У.Хүрэлсүх МАН-даа хамгийн өндөр хэвээр байгаа юм. Дахин нэр дэвшихгүй гэх агуулгаар Үндсэн хуулиа өөрчилж байгаад төрийн тэргүүн болсон ч уг заалтаа эвдэх эзнээр хөшигний ард нэрлэгдсээр байна. Улс төрийн нөхцөл байдал ингэж эргэвэл тэр Ерөнхийлөгчөөр улиран томилогдох хамгийн өндөр магадлалтай билээ.

Хоёр. УИХ-ын даргаар улиран сонгогдож, ҮХНӨ хоёр удаа хийсэн Г.Занданшатар

МАН дотор У.Хүрэлсүхийн араас олон нийтийн дэмжлэг хүлээх дүр нь Г.Занданшатар юм. Тэрбээр УИХ-ын даргаар хоёр удаа улиран сонгогдож, өөрийнхөө өөрчилсөн Үндсэн хуулинд дахин гар хүрч зассан спикер бол Г.Занданшатар.

У.Хүрэлсүх нэр дэвших хүслээ татлаа гэхэд өөрийнхөө оронд санал болгох дүрүүдийн эхэнд Г.Занданшатар нэрлэгдэж буй. МАН доторх Зүүний хүчний холбоонд хамтдаа зүтгэж, улс төрийн бүхий л тавцанд нэгнээ түшиж явсан хоёр бол У.Хүрэлсүх, Г.Занданшатар нар юм.

МАН дотооддоо асар сайн эв эеэ хичээж Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохгүй л бол С.Ганбаатарт алдчихаж мэдэх нигуртай. Тиймээс сонгуульд хожил авах нүдээр харвал “У.Хүрэлсүх биш бол ерөөсөө л Г.Занданшатар” гэсэн хувилбар түлхүү яригдаж байгаа юм. Гэвч тэр олон жилиййн нөхөрлөлөө бодсон ч тэр, У.Хүрэлсүхээ авж хүслээ явууллах биш, харилцан ойлголцлоор урагш явах эсэхээ шийдэх дүр билээ.

Гурав. Ерөнхийлөгчийн дэргэд Аюулгүй байдал хариуцаж явсан Ж.Энхбаяр

У.Хүрэлсүх эдүгээ Засгийн газарт ч, шинэ парламентад ч өөрийн хүрээний гишүүд, сайд нартай. Тэрбээр Засгийн газар бүрдэхэд шууд байдлаар нөлөөлж, Ж.Энхбаяр, Б.Батцэцэг, Б.Жавхлан, С.Бямбацогт тэргүүтнийг сайдаар томилоход дэмжлэг үзүүлсэн байдаг. Эдгээр сайд нар дотроос “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” хөтөлбөрүүдийг хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлж яваа төлөөлөгч нь Ж.Энхбаяр юм.

Төрийн тэргүүнээр сонгогдсоныхоо дараа У.Хүрэлсүх ҮАБ-ын нарийн бичгийн даргын албан тушаалд Ж.Энхбаярыг томилж, геополитикийн шинж чанартай олон ажлуудаа түүгээр амжуулсан. ЖДҮХС-гийн зээл авснаас үүдэж, УИХ-ын даргын түвшинд яригддаг амбицаасаа ухрахад хүрсэн Ж.Энхбаяр энэ удаа хар, хор нь баахан гарсан дүрээр сайдын алба залгуулж, Л.Оюун-Эрдэнийн танхимд багтаж яваа.

Ж.Энхбаярын хувьд төрийн тэргүүнд өрсөлдөх амбиц бүхий дүрээр нам дотроо нэлээд эртнээс нэрлэгдсэн. У.Хүрэлсүх ямар стратеги бодохдоо түүнийг сайдаар илгээж, Г.Занданшатарыг дэргэдээ авсныг ирэх өдрүүд илүү тодорхой болгох биз ээ.

Бусад. С.Бямбацогт, Б.Батцэцэг, С.Амарсайхан

МАН бол системиийн шинжтэй, боловсон хүчнүүд нь харьцангуй төлөвшил сайтай бүтэц. Тэр утгаараа Ерөнхийлөгчид нэр дэвших боломжтой арай дөнгүүр дүрүүд нь ч энэ намд байна. Дээрх гурван эрхмийг нэрлэж бичсний дараа ч өөр дүрүүд гарч ирж л байгаа юм.

Б.Батцэцэг: Хүний хүсэл өөрөө ер хязгааргүй учир Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэмжлэгээр гадаад харилцааны салбараа ахалсан болж, нэг их гоё дээл, хэл устайгаараа тодотгол авдаг Б.Батцэцэг жишээ нь төрийн тэргүүний сонгуульд өрсөлдөх амбицтай яваа гэх. Тэрбээр Баянхоногорын гэдэг угшлаараа Х.Баттулга нартай уулзаж, дэмжлэг хүссэн гэх мэдээлэл яваа. Гадаад харилцааны салбарын нэрээр МҮОНРТ-ийн “Цагийн хүрд” мэдээллийн цагаар тасралтгүй өөрийгөө цацуулж, холын зайнаас хоногшуулалт хийсээр ирсэн нэгэн билээ.

С.Амарсайхан: УИХ-ын дарга Д.Амарбаясгалантай удаан хугацаанд дөрөө нийүүлж, түүний дэмжлэгээр хотын дарга, Шадар сайдын суудалд тухалж яваа хүн бол С.Амарсайхан. Нөгөө талд Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай худ ургийн холбоотой тул нам дамнасан хөл, бизнесийн сүлжээ нь харьцангуй өндөр юм. Нэгэн үес Засгийн газрыг унагаж, түүнийг Ерөнхий сайдаар хэсэг ажиллуулж байгаад, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэх хувилбар ч тодорхой хүрээнд бодитоор яригдсан юм. Нам дотроо дэмжлэг авах дүрээр С.Амарсайхан нэрлэгдэх боломжгүй. Нөгөө талд “Монголын заяа иих дээ, яаж С.Амарсайхан байх вэ” гэ яриа ч улс төрийн хүрээнд хчүчтэй аргумент болон яригдаж буй.

С.Бямбацогт: УИХ-д олон удаа дараалан сонгогдож, хууль, зам тээвэр, батлан хамгаалахын салбар дамнан сайдаар ажиллаж яваа С.Бямбацогтыг МАН дотроос Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжтой дүрээр нэрлэсэн. Гэвчиг түүнд ирэх намын дэмжлэг их биш, нөгөө талд У.Хүрэлсүхэд Г.Занданшатар, Ж.Энхбаяр нар шиг ч ойрын бус хүн юм. Мөнхүү Ховдын угшлаар нь түүнийг Ц.Элбэгдоржтой хамруулан үздэг зэрэг сөрөг үзүүлэлтүүд бий.

Дараачийн агуулгаар АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой дүрүүдийг нэрлэнэ. Таны бодлоор АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг нэр дэвшээсэй гэж хүсэж байна вэ. Сэтгэгдэл хэсэгт бичээрэй

Эх сурвалж: Eguur.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *