МУИС-ийн муу муухайг уудалж, ил гаргасан профессор Л.Мөнх-Эрдэнийг “хавчиж” эхэлжээ

0

МУИС-ийн Антропологи-Археологийн тэнхимийн профессор Л.Мөнх-Эрдэнэ тус сургуулийн булай булхай бүхнийг илчилсний улмаас хичээлүүдээ зааж чадахгүйд хүрчээ. Иймд тэрбээр гомдол гаргаж буйгаа мэдэгдлээ.

Л.Мөнх-Эрдэнэ профессор гомдолдоо “2025 оны 3-р сарын 18-ны өдөр МУИС-ийн ШУС-ийн захиргаа Антропологи-Археологийн тэнхимийн профессор Л.Мөнх-Эрдэнэ миний зааж буй хичээлүүдийг надад мэдэгдэлгүйгээр цуцалсан бөгөөд оюутнууд маань гомдол гаргасан ч одоо болтол хичээлүүдийг цуцалсан хэвээр байна.

Мөн миний 3-р сарын цалинг одоо болтол тавиагүй байгаа. Хичээлийн улирал гуравны нэгтээ орсон энэ үест оюутнууд маань санаа зовнин, түгшиж “Багш аа, та бидэнтэй хүч нийлүүлж гомдол, хүсэлт гаргаач” гэсэн учир миний бие дараах хоёр гомдлыг гаргах нь зүйтэй гэж үзэв.

Эрдмийн эрх чөлөө, эрдмийн соёлыг үл ойшоон, Дээд боловсролын тухай хууль, МУИС-ийн сургалтын үйл ажиллагааны журмыг зөрчин МУИС-ийн үндсэн үйл ажиллагаанд халдсан дээрх үйлдэл нь МУИС-ийн захиргааны зүгээс өнгөрсөн оны 9-р сараас хурцадсан зүй бус үйлдлүүдийн сүүлийнх болно.

МУИС-Асуудал ШИЙДЭЛ хэмээх Фэйсбүүк групп дээр миний тавьсан “МУИС муугийн үүр, загасны нүхэмж?” нийтлэлийн хариуд “Дэд профессор цолгүй мөртөө профессорт өрсөлдөөд, энгийн шалгуурт бүдрэхээрээ намайг хэлмэгдүүллээ гэж сошиалаар бархирдаг. Өөрөө зохиосон эх дээрээ оюутны нэрсээ бичүүлж сэвдэг.

Миний асуудлыг хөндөх юм бол чамайг хусна шүү гэж шантаажилдаг. …Чиний шантаажнаас айна гэж хөөрцөглөж байвал бүү горьд!” гэсэн МУИС-ийн Сургалт оюутны хөгжил эрхэлсэн проректор Д.Заяабаатарын хариу асуудлын учрыг ч, МУИС-ийн захиргааны хандлагыг ч харуулж байгаа.

Хэдийгээр энэ гомдол МУИС-ийн захиргаанд хандсан боловч холбогдох алба, ажил хариуцсан хүмүүс тавигдсан асуудалд анхаарлаа хандуулж, Монгол улсын хууль, дүрмийн дагуу шуурхай шийдвэрлэнэ гэдэгт найдаж буй тул гомдлыг нээлттэй тавьж байна. Гомдол 1-д миний хичээлүүдийг цуцалсантай холбоотой асуудлуудыг, Гомдол 2-т хичээл цуцлалтад хүргэсэн Д.Заяабаатарын “бархирдаг” “шантаажилдаг” гэсэнтэй холбоотой асуудлуудыг тавьж байна.

Гомдол 1:

1. 2025 оны 3-р сарын 18-ны өдөр МУИС-ийн ШУС-ийн захиргаа Антропологи Археологийн тэнхимийн профессор Л. Мөнх-Эрдэнэ миний зааж буй хичээлүүдийг надад мэдэгдэлгүйгээр цуцалсан нь МУИС-ийн үндсэн үйл ажиллагаа, нэр төрд халдсан, Дээд боловсролын тухай хууль (5.1.1, 13.1.6, 13.1.7.) [3], МУИС-ийн сургалтын үйл ажиллагааны журам (4.1.2) [4] зөрчсөн болохыг,

2. МУИС-иас ямар нэг хууль ёсны шийдвэргүйгээр миний 2025 оны 3-р сарын цалинг одоо болтол тавиагүй байгаа нь Хөдөлмөрийн тухай хууль (104.7.) [5] зөрчсөн болохыг,

3. ШУС-ийн захирал Б.Болд-Эрдэнэ намайг өөртэйгөө хөдөлмөрийн гэрээ байгуулахыг шаардсан нь Хөдөлмөрийн тухай хууль (50.1) [6], заавал биеэр ирэхийг шаардсан нь Хөдөлмөрийн хууль (48.1.) [7], мөн бүх багш нартай цахимаар гэрээ байгуулсан (өмнөх гэрээний нүүрийг солиулж авсан) мөртөө намайг заавал биеэр ирэхийг шаардсан нь МУИС-ийн хөдөлмөрийн дотоод журам (2.1.3) [8] зөрчсөн болохыг,

4. Миний бие 2024.10.01-д ШУС-ийн захиргаанд гаргасан тайлбартаа зайны цахим сургалт нь МУИС-ийн сургалтын нэг үндсэн хэлбэр, магистр, докторын сургалтын голлох арга төдийгүй, Монгол улсын Хөдөлмөрийн тухай хууль, МУИС-ийн хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн зүйлгүйг цохон тэмдэглэсэн.

Хөдөлмөрийн тухай хууль нь гэрээсээ (67) болон зайнаас (68) ажиллах хувилбарыг хуульчилсан тул хэрвээ МУИС-ийн зүгээс шаардлагатай гэж үзвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 67, 68-р зүйлийн аль нэгийн дагуу хөдөлмөрийн гэрээг гэрээс, эсвэл зайнаас ажиллах болгон өөрчилж болохыг үгүйсгэхгүй байна гэдгээ мэдэгдсэн болно. Харамсалтай нь МУИС миний санал болон Хөдөлмөрийн тухай хуулийг (67, 68) [9] үл хүндэлсэн болохыг,

5. ШУС-ийн захирал Б.Болд-Эрдэнэ, Археологи-Антропологийн тэнхимийн эрхлэгч У.Эрдэнэбат нар МУИС-ийн профессорууд бакалаврын хичээл заавал заах үүрэгтэй гэсэн нь МУИС-ийн дүрэм, журамд огт байхгүй зүйл шаардсан, төдийгүй МУИС-д дагнан магистр, докторын хичээл ордог профессорууд цөөнгүй байдаг төдийгүй магистр докторын төвшний хичээлээр илүү цагийн мөнгө авдаг асуудлыг зохицуулах шаардлага үүсэж байсан учир тэдний шаардлага нь МУИС-ийн хөдөлмөрийн дотоод журам (2.1.3) зөрчсөн болохыг,

6. Б.Болд-Эрдэнэ, У.Эрдэнэбат нар намайг цагийн багшаар хичээлээ үргэлжлүүлэн орохыг санал болгосон нь Хөдөлмөрийн тухай хууль (59.3.) [10], бакалаврын хичээл заахыг тулган шаардсан нь Хөдөлмөрийн тухай хууль (91.2.) [11], 2025 оны 2-р сарын 1-нд хичээл эхлэхээс 1 өдрийн өмнө нэгэн хичээл сургалтын хуваарьт тавьсан нь МУИС-ийн сургалтын үйл ажиллагааны журам (4.1.5.) [12] зөрчсөн болохыг тус тус мэдэгдэж байна.

Антропологи-Археологийн тэнхимийн профессор Л.Мөнх-Эрдэнэ

Зүүлт:

[1] “4.1.7. Гомдол гэж зөрчлийн улмаас МУИС-ийн гишүүний болон бусад этгээдийн эрх, эрх чөлөө, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж сэргээлгэхээр гаргасан өргөдөл, мэдээлэл, хүсэлтийг” (МУИС-ийн багш, ажилтан, суралцагчийн ёс зүйн дүрэм).

[2] Энд тоочсон зүйлс надад тохиолдсон зүйлс, тэдгээртэй холбоотой хууль, дүрэм, журмыг миний бие авч үзсэнээр хязгаарлагдаж байгааг тэмдэглэх хэрэгтэй. Жагсааж буй үйлдлүүд ямар хууль зөрчсөнийг хуульчид мэргэжлийн үүднээс тодорхойлох биз ээ.

[3] Дээд боловсролын сургалтын байгууллага үйл ажиллагаандаа “5.1.1. Эрдмийн эрх чөлөөг эрхэмлэх”; Суралцагч “13.1.6. Хичээлийн хөтөлбөр болон багшийг сонгох; 13.1.7. Суралцах хугацааг төлөвлөх”

[4] “4.1.2 Сургалтын хөтөлбөрийг танхим, цахим болон холимог хэлбэрээр … хэрэгжүүлж болно.”

[5] “104.7. Хууль тогтоомжийн дагуу олговол зохих цалин хөлс, олговрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй, эсхүл хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээгээр тогтоосноос доогуур хэмжээгээр олгосон бол буруутай этгээдэд энэ хууль, Зөрчлийн тухай хууль болон холбогдох бусад хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ”

[6] “50.1. Хөдөлмөрийн гэрээг доор дурдсанаас бусад тохиолдолд хугацаагүй байгуулна”

[7] “48.1. Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр үйлдэж талууд гарын үсэг зурах бөгөөд гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй.”

[8] “2.1.3. үл ялгаварлан гадуурхах.”

[9] 67 дугаар зүйл. Гэрээсээ ажиллах ажилтны хөдөлмөрийн гэрээ, 67.1.Ажилтан ажил олгогчийн үйл ажиллагаа явуулдгаас өөр газарт, гэрээсээ, эсхүл өөрийн сонгосон байршилд ажил олгогчийн, эсхүл өөрийн тоног төхөөрөмж, түүхий эд материалыг ашиглан ажил олгогчийн удирдлага, хяналтын доор ажил үүрэг гүйцэтгэж цалин хөлс авахаар ажил олгогчтой тохиролцон гэрээсээ ажиллах хөдөлмөрийн гэрээ байгуулж болно.

68 дугаар зүйл.Зайнаас ажиллах ажилтны хөдөлмөрийн гэрээ. 68.1. Ажил олгогч нь ажилтныг ажил үүргээ зайнаас цахим сүлжээгээр байнга, эсхүл хэсэгчлэн гүйцэтгэхийг зөвшөөрч, түүнтэй зайнаас ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ байгуулж болно.”

[10] “59.3. Ажилтантай тохиролцоогүй бол ажилтныг албан тушаал, цалин хөлсийг бууруулж сэлгэн ажиллуулахыг хориглоно.”

[11] “91.2.1.улс орныг батлан хамгаалах, хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалахад зайлшгүй шаардлагатай ажил гүйцэтгэх; 91.2.2.гамшиг, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, түүний хор уршгийг нэн даруй арилгах; 91.2.3.нийтийн усан хангамж, цахилгаан, дулааны эрчим хүч, зам тээвэр, холбооны хэвийн ажиллагааг алдагдуулсан гэмтлийг арилгах;

91.2.4. урьдчилан мэдэх боломжгүй бөгөөд яаралтай гүйцэтгэхгүй бол аж ахуйн нэгж, байгууллагын буюу түүний салбар, нэгжийн хэвийн үйл ажиллагаанд учирч болзошгүй саадаас урьдчилан сэргийлэх, эсхүл учирсан саадыг арилгахад чиглэгдсэн хойшлуулшгүй ажил гүйцэтгэх зэрэг “ажилтныг илүү цагаар ажиллуулж болох” “тохиолдол” ( 91.2.) бус болно.

[12] “4.1.5. Хичээл сонгон баталгаажуулах хугацаа нь тухайн хөтөлбөрийн хичээллэх хугацаа эхлэхээс өмнөх 2 долоо хоног байна. Жич: Сургалтын албаны холбогдох мэргэжилтэн Д.Цэнд-Аюуш “Национализм: Үндэстэн ба угсаатан (ANTH404) хичээлийн хуваарийг тэнхимийн эрхлэгчийн зөвшөөрлөөр өнөөдөр тавьсан тул одоогоор оюутан сонгоогүй байгаа бөгөөд 2-р сарын 2-ны 17,00 цаг хүртэл хичээл сонголт явагдах тул оюутнууд сонгоно гэж найдаж байна” гэж 2025 оны 1-р сарын 31-нд бичсэн нь хэрэг дээрээ сургалтын журам зөрчигдөж буйг тэмдэглэсэн хэрэг.

Миний бие ч мөн “хичээл эхлэхээс 1 өдрийн өмнө ямар нэгэн хичээлийг хичээлийн хуваарьт шинээр оруулах, мөн хэн нэгэнд тулган хуваарилах нь эрдмийн соёлд ч, эрдмийн байгууллагын нэр хүндэд ч огт үл нийцэхийн дээр сургалтын технологийн ноцтой зөрчил. Мөн багшийн ч, суралцагчдыг ч үл хүндэлсэн байж үл болох үйлдэл. Тиймээс та бүхэн энэ зүйлийг эргэж харж, залруулна уу” гэж бичсэн болно” гэжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *