Л.Болд: Чингис хааны алтан хөшөө миний оргил бүтээл

“Монументаль шийдлүүд хотын архетиктуртай салшгүй холбоотой. Бидэнд одоо үзүүлэх ганц юм Зайсан толгой л байх шив. Уран барималч, зураач хүн болгон монументаль хийхгүй. Энэ бол тусгай эзэмшсэн мэргэжил” хэмээн өгүүлэх энэ эрхэм бол Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, уран барималч Лувсангийн Болд. Тэрбээр Төрийн ёслол хүндэтгэлийн цогцолбор, Хэлмэгдэгсдийн хөшөө, Мэгжид Жанрайсаг, Чингис хааны алтан хөшөө гээд томоохон хөшөө дурсгалын автор. Түүний хувьд энэ мэргэжлээр ЗХУ-д суралцаж, эзэмшсэн гуравхан хүний нэг гэдгийг тодотгох нь зүйтэй биз. Түүнтэй ярилцах боломж олдсонд ихэд олзуурхаж, Чингис хааны музейд уулзахаар өдөр, цагаа товлосон юм. Яг цагтаа ирсэн түүнийг музейн үүдээр ороход ажилтнууд нь халуун дотно хүлээн авч, мэндэлцгээв. Өнгөрсөн хугацаанд гар, сэтгэл нийлэн хамтран ажилласандаа сэтгэл хангалуун байж, үзэгчдийн хөлд дарагдаж байгаагаа музейн ажилтнууд ярина. Ингээд тус музейн хамгийн дээд хэсэгт байрлах Их хааны өргөөнд бидний ярилцлага эхлэв.
-Чингис хааны хөшөөг алтаар урлахад хэцүү байв уу?
-Энэ бүтээл уран барималч миний дөрвөн жилийн хөдөлмөр. Монументаль ажил цаг хугацаа их шаарддаг. Алтан хөшөөний эх загвараа 2021 онд гаргасан. Л.Болд гэдэг хүн гоё юм хийчихээд энд тэнд шууд тавьчихгүй. Монументаль ажил тухайн орчиндоо таарсан, тухайн архитектур, нийгмийн шаардлагад нийцсэн ажил байх ёстой. Тэгэхийн тулд олон шат дамжлага дамжина.
Миний хамгийн хялбар бүтсэн ажил гэвэл, хувь байгууллагаас захиалсан ажлууд байдаг.
Ер нь улс орны чанартай бүтээлүүд маань үргэлж л тодорхой цаг хугацааг шаардаж ирсэн. Жишээлбэл, Чингис хааны алтан хөшөөн дээр гэхэд Монголбанкны Эрдэнэсийн сангийн дэргэхэд эрдэмтдийн зөвлөл, Чингис хааны музей, салбар яам, МУИС-ийн эрдэмтэн судлаачдыг оруулсан ажлын хэсэг байгуулж, хамтран ажиллах он цаг эхэлсэн.
-Монументаль баримал хийхэд багадаа хэр хугацаа зарцуулдаг вэ?
-Ер нь нэг бүтээл төрөхөд 4-5 жил дундаж л байдаг. Монументаль бүтээл гэхээр ганц Л.Болдын урлаг уран сайхны асуудал биш. Эргээд маш их төсөв мөнгөний асуудалтай холбоотой. Миний ажлын 50 хувь нь энд явж байдаг. Их хааны хүндэтгэлийн өргөөн дотор Төрийн цагаан шүтээн тугийг шинээр бүтээхээр 21 аймгаас хурдан морины дэл сүүл цуглуулах гээд олон цогц ажил өрнөсөн. Тэр нь музейн бүхий л зүйлстэй уялдах ёстой. Ингэж явсаар 2021 онд эхэлсэн ажил 2025 онд л дууслаа.
Эрдэмтдийн өндөр шалгуурыг давахаас гадна Ерөнхий сайдын дэргэдэх эрдэмтдийн зөвлөл, Засгийн газрын хуралдаан, УИХ болон ҮАБЗ-өөр орж баталгаажуулдаг. Гэх мэтчилэнгээр ингээд явж байтал хоёр жил энүүхэнд өнгөрсөн.
-Танд анх энэ бүтээл хийх саналыг хэн тавьсан. Эсвэл өөрөө ийм бүтээл хиймээр байгаагаа хэлэв үү?
-Энэ бүтээлийн тухай ярихын тулд өнөөгийн нийгмээ ярих ёстой байх. Монголд буддизм, христ, муслим гээд шашны олон урсгал байгаа ч тэр болгоныг өөрийн болгож, ном ёсоор нь явж ирсэн үү гэвэл учир дутагдалтай. Яагаад гэвэл бид 70 жил атейст үзлийг үгүйсгэж ирсэн улс. Өнөөдөр ч нийгмээрээ үймэж байна. Энэ үйл явцад биднээс дээш үеийнхэн атейст үзэл рүү орж, хэрэв шашин шүтдэг бол илүү мухар сүсэг тал руугаа орсон.
Оюун санааны энэ орон зайг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх маш соргогоор харсан гэж ойлгож байгаа. Энэ музейг бий болгох, Их эзэн Чингис хааны алтан баримлыг хийх нь түүний санаачлага байсан.
Монгол Улсын Ерөнхийлөгч хүн өнөөгийн нийгэмд юу хэрэгтэй байгааг мэдэрч, хийж чаддаг гэдгийн сонгодог жишээ энэ. Чингис хаан музей бидний өмнөх үеийн агуу түүхийн илэрхийлэл болж чадсан учраас энд хүмүүс олноор цугларч байна.
-Ер нь монголчууд Чингис хааныхаа баримлыг ийм их хэмжээний алтаар хийж байсан түүх бий юу?
-Ер нь монголчуудын хувьд Их эзэн Чингис хааныгаа алтаар хийчихвэл нэгэн шинэ эрин эхэлнэ гэж ярьж ирсэн. Хүн болгон л мэдэх байх. Өмнө нь Чингис хааныхаа хөшөөг алтаар хийхдээ бага хэмжээтэй хийж байсан. Төр засгаас Их эзэн Чингис хаандаа зориулсан байгууламж дотор ийм том хэмжээтэй алтан хөшөөг хүндэтгэлийн өргөөнд залсан нь анхны тохиолдол. Тэрнээс биш айл болгоны гэрийн хойморт Чингис хааны хөрөг байгаа болов уу. Тэгэхээр энэ бүтээл нийгмийн шаардлагаар бий болж, гүйцэтгэх хувь тавилан нь надад оногдсон хэрэг.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хэлсэн нэг үг миний тархинд их хүчтэй орсон. Тэрбээр “Бид Их эзэн Чингис хааны хөшөөг алтаар хийж, эзэнд нь юмыг нь зарцуулж байгаа юм” гэсэн.
Би өмнө нь ердөө тэгж боддоггүй байж. Бидний өвөг дээдэс гэдэг боловч Чингис хаан Их Монгол улсыг байгуулаагүй бол бид түүхийн шуурганд хаана ч явах байсан юм билээ. Тэгэхээр энэ санаагаар алтан хөшөөг хийсэн. Энэ музейг барихаас эхлээд л барилгын орой хэсэгт Чингис хааны баримал байх ёстой гэдэг үүднээс уралдаан зарлаж, уран бүтээлчид оролцож байсан юм билээ. Тэр үед энд миний бүтээл босно гэж зүүдлээ ч үгүй явлаа. Монголбанк энэ төслийн менежментийг хийхээр болж, надад санал тавьсан. Яахав миний өмнө нь хийсэн бүтээлүүд Л.Болд гэдэг хүнд итгэж, сонголт хийх шалтгаан болсон байх.
“АЛТАН ХӨШӨӨНИЙ БҮХ АЖЛЫГ 3D АШИГЛАЖ АНХ УДАА ХИЙСЭН”




-Хэмжээний хувьд асар том хөшөө. Нийт 7 метр өндөр алтан хөшөөг цутгахад нэг ч шавар ороогүй гэдгийг та онцолсон. Ямар технологи ашигласан нь сонирхол татаж байна?
-Чингис хааны алтан баримал 700 см х 630 см х 750 см өндөртэй. Хөшөөний гүйцэтгэлийг хаана хийх вэ гэдэг компанит ажил өрнөсөн. Миний бүх ажил хот, яам Засгийн газар УИХ, Төрийн тэргүүний оролцоогүйгээр боссон ажил бараг байхгүй дээ. Ихэвчлэн улсын захиалгаар хийсэн. Агуулгын хувьд, өмнө нь Чингис хааныгаа алтаар урласан түүх бидэнд байхгүй гэдгийг хэлсэн. Ер нь олон улсын түүхэнд ч ховор. Энэ бүтээл монументаль ажил заавал гудамжинд байх албагүйг харуулсан. Жижиг ажлыг миний гарын таван хуруу хийчихнэ. Харин монументаль ажил тийм биш. Гүйцэтгэгч барималчдаар туслуулах шаардлагатай. Ганцаараа нэг ажлыг 10 жил хийлтэй биш. Дэлхий сонгодог баримлуудын түүхэнд нэг хоёулаа их олон жил бүтээл хийсэн тохиолдол бий. Өнөөдөр нийгэм хурдацтай хөгжиж байгаа учраас цаг хугацаа тэр болгон хангалттай байдаггүй. Бид тэр замаар л явсан. Монголд хүрэл цутгуурын чанар ямар билээ.
Байнгын талх шиг захиалгатай байдаггүй учраас энэ чиглэлийн үйлдвэр байгуулсан ч хөгждөггүй. Би өмнө нь ийм үйлдвэр гадаадаас оруулж ирье гэхэд ямар ч мөнгө амлаад нэг ч үйлдвэр орж ирээгүй, хамтраагүй. Тиймээс Монголын бүхий л ажил урд хөршид хийгдсэн байдаг.
Би энэ хөшөөний бүх ажлыг 3D-гээр анх удаа хийсэн. Шавраар нэг ч сантиметрыг хийгээгүй. Технологийн дэвшлийг ашиглан холбогдох байгууллагад танилцуулах, онлайнаар харилцах, дэлгэцээр үзүүлэхэд маш хялбар байдаг. Би компьютерын ард хоёр жил сууж, хөшөөгөө 3D-гээр хийсэн. Хүмүүс надаас урлан их асуудаг. Намайг урландаа шавраар баримал хийж, алх нүдээд л, гагнуур хийдэг гэж ойлгодог. Үгүй надад ганц компьютер л байдаг. Сайн дэлгэц, сайн процессор, гар байхад л бол оо. Хүсвэл энд ч өөрийнхөө урлангаа нүүлгээд ирэхэд асуудалгүй.
Тиймээс энэ технологиор аль улсад хөшөөгөө гүйцэтгэх вэ гэдэг асуудал захиалагч болон гүйцэтгэгч талын өмнө тулгарсан.
Азаар миний захиалагч Монголбанк байсан. Миний хувьд Монголын топ менежменттэй байгууллага гэж харж байгаа. Хамтран ажиллахад маш амар, тодорхой байлаа. Тэдний шаардлага, хэлцэл маш тодорхой байсан нь уран бүтээлчдэд маш амар байсан. Тэгэхгүй нэг даргын үүд сахиж суусаар байтал ихэнх цаг хугацаа нь өнгөрчихдөг шүү дээ. Энэ ажилд тийм асуудал байсангүй. Үнэхээр энэ бүтээлийг хийх чин сэтгэл, хичээл зүтгэлтэй баг хамтран ажиллаж, маш сайхан нөхцөлд бүтээлээ хийсэн. Монголчуудын сэтгэлд Чингис хаан гэдэг ямар агуу хүн билээ. Тэрний илэрхийлэл болсон тэр их хүндлэлийг би үргэлж өөр дээрээ мэдэрсэн. Ажлын хэсэг Италийн алдарт Флоренц хотын удам дамжсан хүрлийн үйлдвэртэй биечлэн танилцаж, хөшөөнийхөө эх загварыг цутгуулсан. Бид өнөөдөр л энэ технологийг ярьж байгаа болохоос тэнд 1980-иад оноос хөгжиж эхэлсэн байдаг. Тэгэхээр бид асар хоцрогдолтай байгаа биз. Миний долоон метр өндөртэй баримал үйлдвэрээс тэр хэмжээгээрээ биетээр гарч ирсэн гэсэн үг. Миний ажлууд өнгөлгөө хийсний дараа гэрэлтүүлгээс хүртэл шалтгаалдаг. Хөшөө бүтээх процесс нээлтийн арга хэмжээний дараа л дуусдаг. Үргэлж л тэгдэг. Тэр дагуу л бүтсэн дээ. Их хааны алтан баримлаа сонгодог барималчдын эх нутагт биежиж бий болсон нь их хувь заяа шүү.

-Их эзэн Чингис хааны идэр залуу насны эрэмгий дүртэйгээр алтан хөшөөнд дүрсэлсэн гэсэн. Энэ бүтээл таны хийхийг хүссэн, уран бүтээлийнх нь ноён оргил мөн үү?
-Олон хүүхэдтэй хүнээс “Аль хүүхдэдээ илүү хайртай вэ” гэж асуудагтай л адил. Бүтээл бүр тухайн үеийн сэтгэл санаа, мэдлэг, боломжийн оргил нь байдаг. Би бүтээл хийхдээ бүх зүйлээ дайчлан шавхдаг. Зарим уран бүтээлч энэ гоё санаагаа дараа хэрэглэнэ гэж хадгалдаг. Миний хувьд тийм зүйл байдаггүй. Тухайн цаг үедээ бүхнээ зориулж баримлаа хийдэг. Би дүрслэх урлаг, барималчны сургуульд алхан орсноос хойш 50 дахь жилээ угтаж байна. Өнгөрсөн хугацаанд юу эсийг бүтээж, юу эсэд сэтгэлээ гаргаж, юу эсэд суралцах вэ.
Тиймээс Чингис хааны алтан хөшөө өнөөдрийн миний оргил бүтээл мөн. Үүнээс өмнөх Төрийн ордны хүндэтгэлийн хөшөө цогцолбор бол тухайн үеийн миний оргил бүтээл мөн үү мөн.
Энд юу өөрчлөгдөх вэ гэхээр монументаль ажлын мөн чанар өөрчлөгддөг. Монументаль ажил тухайн байршил, баримлын агуулгаас их шалтгаална. Мэдээж түүхэн нэг хүнийг хийж байгаа боловч өмнө нь хийгээгүй асар олон деталь чимэглэл болгоныг алтан хөшөөн дээр хийх шаардлагатай болсон. Монгол гэр хэлбэртэй хагас дугуй орон зайд хүний нүдэнд тусах онцлогийг баримал өөрөө харуулж, асар том бэлгэдлийг илэрхийлэх ёстой. Чингис хааны дүр төрх, үйл хөдлөлийг зохиомж, хэмжээгээр илэрхийлэхээс гадна монголчууд хээгээр аливааг илэрхийлдэг агуу ард түмэн. Бидэнд агуу хээний соёл бий. Энэ түүхэн хүнийг ганц төрийн тамга, үйл хөдлөлөөр илэрхийлэх боломжгүй.
Чингис хаан гэдэг өөрөө асар том ертөнц. Би тэрийг илэрхийлэхийн тулд уламжлалт хээг ашигласан.
Хүмүүс алтан хөшөөг үзээд гайхахаас илүүтэй монгол хээгээ тайлж, уншаасай. Энд яагаад ийм үүлэн хээ, хас хээ байгаа юм бэ гэдэг ч юм уу. Чингис хааны хөл дорх хивс яагаад ийм хээтэй байгаа юм гэх мэтчилэн музейн тайлбарлагчид ч гэсэн учир утгыг нь тайлбарлаж өгөөсэй гэж хүсдэг. Мөн ялгаагүй нээлтийн ёслолын дараа Их хааны хөшөөг алхаар хийлээ гэж шүүмжилсэн. Хүмүүс хүний үгээр буюу өөрийн үзэл бодлыг үнэлэхгүй, итгэхгүй цаг болсон юм байна. Тухайн хүн өөрийнхөө юмыг төгс хийж, эзэмшдэггүй болохоор тэгдэг л байх л даа. Миний хүсэл бол хүмүүс өөрсдөө Чингис хааны алтан баримлаа ирээд үзээсэй. Энэ музейн Чингис хааны хүндэтгэлийн өргөөнд орж, үзээд сэтгэгдлээ хэлэхийг хүсье.

-Алтан хөшөө нь Монголбанкны Эрдэнэсийн санд бүртгэлтэй бүтээл. Тэр утгаараа үнэ цэнийн хувьд маш өндөр байх?
-Миний хувьд энэ хөшөөг алтаар бүтээсэнд их олзуурхаж байгаа. Чингис хааныг ийм хэмжээнд биднээс өөр хэн ч хийхгүй. Эзэн хааны юмыг эзэнд нь зарцууллаа. Жишээлбэл, төрийн алтан тамгыг 100 кг алтаар цутгасан. Өөр ямар ч материал ороогүй. Нийт 45 см өндөртэй цул алт. Баримлыг гадар доторгүй алтаар өнгөлүүлсэн. Монголбанкинд олон тооны алт эрдэнэс хуримтлуулж, хадгалдаг. Уран барималч хүнийхээ хувьд Чингис хааны алтан баримлыг хийсэн гэдэг хамгийн том бахархал. Тэрнээс гадна миний бүтээл Монгол Улсын Эрдэнэсийн санд орсон. Энэ бол тэр болгон уран бүтээлчид олдоод байхгүй хувь заяа. Тэр үедээ юун энэ манатай бужигнаж байсан. Өнгөрсөн хойно нь бодсон чинь энэ агуу том үйл явдлыг одоо л ухамсарлаж байна.
Алттай холбоотойгоор ярихад, Монголбанкинд гулдмайгаар хадгалагдаж байсан алт өнөөдөр уран баримал болж, урлагийн бүтээлд хувираад хадгалагдаж байна. Хэдийгээр энэ бүтээл Чингис хааны музейд байрлаж байгаа боловч Монгол Улсын Эрдэнэсийн сангийн бүртгэлтэй нэг үзмэр үзүүлэн болоод байж байна гэсэн үг.
Дэлхийн урлагийн түүхийг харахад, боломжтой спонсор боломжтой төр засаг, хувь хүнээс шалтгаалан урлагийн бүтээл бий болдог. Тэрнээс биш нийт массыг хамарч, чин сэтгэлийн хандиваар бүтсэн монументаль бүтээл маш ховор. Жишээлбэл, Мэгжид Жанрайсаг бурхны баримал бол тухайн цаг үеийн нийгмийн өөрчлөлтийн гол нүүр царай байсан. Би залуудаа энэ ажлыг удирдаж, зохиогчийн үүргийг гүйцэтгэх хувь заяа надад оногдсон. Мэгжид Жанрайсаг бурхныг бүтээхэд 1990-ээд онд ард түмэн тав, 10 төгрөгөө өгч, дээд тал нь 14 сая төгрөгийн эд материалыг “Буян” компанийн захирал Б.Жаргалсайхан өгч байсан санагдаж байна. Гэхдээ тэр хандиваар 50 хувийн л төсөв нь бүрдсэн. Үлдсэн төсвийг нь Соёлын яам болон улсын төсвөөс гаргаж байлаа. Ялангуяа улс орныг хамарсан нийгмийн ач холбогдолтой ажлууд ихэвчлэн улсын төсөв дээр л босдог.
Би алтан хөшөө бүтсэн төсвийн талаар мэдэхгүй байна. Санхүү төсвийн асуудалд оролцоогүй. Тиймээс таны асуултад хариулж чадахгүй нь. Надад их сайхан нөхцөл тавьж, зөвхөн бүтээлдээ анхаарах боломж олгосон. Ажлын хэсэг болон Монголбанкны Эрдэнэсийн сангийн П.Эрдэнэтуяа захиралтай хамт олон өдөр тутмын бүх ажлыг хариуцаж, музейн хамт олон өөрсдийн хариуцсан ажлаа хийгээд би амьдралдаа байгаагүй захиалагчтайгаар ажилласан.

-Таны хувьд Төрийн ёслол хүндэтгэлийн цогцолбор, Хэлмэгдэгсдийн хөшөө, Мэгжид Жанрайсаг гээд томоохон хэмжээний хөшөө дурсгалын автор. Тэр дундаа Төрийн ёслол хүндэтгэлийн цогцолбор бол Төрийн соёрхол хүртсэн бүтээл шүү дээ. Энэ цогцолбор бүтээхэд үйл явц хэрхэн үргэлжлэв. Алтан хөшөөн дээр Чингис хааны идэр насыг дүрсэлсэн бол Төрийн ёслол хүндэтгэлийн цогцолборын өмнөх хөшөөг хийхдээ ямар судалгаанд үндэслэж, хэрхэн дүрсэлсэн бэ?
-Анх Чингис хааны хөшөөг бүтээхээр 1992 онд улс даяар уралдаан зарлаж, одоогийн Хүүхдийн паркийн урд талд төрөөс шав тавьж байсан юм. Тухайн үед Бага хурлын дарга Р.Гончигдорж гуай тэргүүтэй хүмүүс төрийн ёслол хийхэд би архитектор найзуудтайгаа орж, анхны шалгаруулалтад тэнцэж байлаа. Тэрнээс хойш үе үе яригдсан. Дараа нь намайг Монголын урчуудын эвлэлийн даргаар ажиллаж байхад бас нэг уралдаан зарласан ч харамсалтай нь шаардлага хангасан бүтээл байгаагүй. Тэрний дараа 2004 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойг угтан Засгийн газраас Чингис хааны хөшөөг босгох хаалттай уралдаан зарласан байдаг. Тэрэнд миний бүтээл шалгарсан ч УИХ-ын сонгууль болж тэр ажил маань чимээгүй болсон. Дараа нь Ерөнхий сайд асан Ц.Элбэгдоржийн Засгийн газар бас энэ асуудлыг ярьж, УИХ-тай хамтран шалгаруулалт хийж, миний бүтээл шалгарсан юм.
Нөгөө л байнгын хороо, УИХ, Засгийн газар, ҮАБЗ-өөр орж баталгаажуулж, улсын төсвөөр цогцолборыг босгохоор болсон. Монументаль уран бүтээлийн хувь заяа энд давтагдаж, Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө болон Чингис хааны хөшөөт цогцолбор боссон. Тэр дундаа Чингис хааны хөшөө маань таван баримлаас бүрдсэн цогц бүтээл.
Чингис хаанаас гадна Өгөөдэй хаан, ач хүү Хубилай хааны хөшөөг хийсэн. Учир нь алтан ургийн хаадын мөнхийн үргэлжлэлийг гурван үеэр төлөөлүүлсэн. Тэгээд ч энэ хаадууд ертөнцөд хамгийн их нэрээ дуурсгасан шүү дээ. Монгол төрийг өнөөдрийг хүртэл авч явсан алтан ургийн хаадын хөшөө гэж хэлж болно. Мөн Мухлай, Боорчи жанжин хоёроор Монгол төрийн морьт цэргийг төлөөлүүлсэн. Хөшөөн дээр нь баатруудын нэрийг нь бичье гэсэн боловч тухайн үеийн эрдэмтэн судлаачдаас бүрдсэн ажлын хэсэг хэрэггүй гэж шийдсэн. Яахав түүх мэддэг хүн энэ хоёр жанжныг таньж болох ч Монголын морь цэргүүдийн төлөөлөл гэдэг утгаар заавал нэрийг нь бичих шаардлагагүй гэж үзсэн. Чингис хааны хөшөөний баруун гарын нэг хуруу үл ялиг дээшээ хөдөлж байгаа. Чингис хааны хуруу хөдлөхөд тэнд нэг улс орны хувь заяаг шийддэг байж.
Энэ бүтээлд Чингис хааныг илүү нас тогтсон буюу хаадын хаан гэдэг санаагаар бүтээсэн. Хаадын хаан сэлэм эргүүлж, хөмсөг зангидан, гараараа заасан хүн байх ёсгүй. Төлөв төвшин, илүү дутуу хөдөлгөөнгүй, дүрслэх урлагийн тэгш хэмд хийсэн.
Үүнээс өмнө Чингис хааныг ихэвчлэн хүн чулууны зохиомжтой, зөвхөн хүн чулууг уран баримлын уламжлал гэж үздэг байсныг эвдсэн гэж ойлгож болно. Болж өгвөл далайн их хаан гэдэг утгаар илүү их тэлмээр байсан ч барилга тэр орон зайг өгсөн. Барилгын зургийг М.Цэлмэг архитектор гаргасан. Гурван тал руугаа тэлсэн олон шат миний барималд дутсан орон зайг гүйцээсэн. Ингэснээр энэ цогцолбор архитектур уран баримлын цогц шийдэлтэй харагдаж байгаа юм.
-Чингис хааны бодитой хөрөг Тайвань улсад байдаг гэдгийг судлаачид хэлдэг. Түүхэн хүний дүрийг бүтээхийн өмнө судалгаагаа хэрхэн хийдэг вэ?
-Ер нь монументалист хүн хамгийн дээд зэргийн судалгаатай байх ёстой. Өөрийнхөө сэтгэл хөдлөл, би гэдэг үзэл бодлыг хойш нь тавих ёстой байдаг. Энэ бол зайлшгүй шаардлага. Тэрнээс би ийм гээд асар их өндөр өртөгтэй нийгмийг хамарсан судалгаагүй бүтээл хийвэл хүмүүсийн хүртээл болж чадахгүй шүү дээ. Энэ дунд бодит хүн Чингис хааны баримлыг хийхэд асар том судалгаа шаарддаг. Би бол одоо ЗХУ-д мэргэжлээр нь сурсан учраас баримлынхаа суурийг хүртэл өөрөө тооцоог нь хийдэг. Хэдэн цемент орох ёстой вэ гээд. Мэдээж архитекторын оролцоо байна. Гэхдээ жижиг сажиг юмаа өөрөө хийнэ.Тэрэн шиг Чингис хааны дүрийг чадлаараа судалсан. Хүний дүрийг бүтээхэд зөвхөн байгаа дүр төрхөөс нь гадна түүх шаштир дээр юу гэж тэмдэглэсэн тэр болгоныг уншиж судална.
Монголчууд шиг Чингис хаанаа судалсан ард түмэн хаана ч байхгүй. Та бид хоёр гэхэд хоёр өөр Чингис хааныг ярина. Хүн болгон өөрийн гэсэн Чингис хаан гэдэг ойлголт байгаа. Ер нь сүүлийн жилүүдэд Чингис хааны тухай ойлголт илүү төлөвшиж байна.
Төрийн ёслол хүндэтгэлийн цогцолборыг хийж байхад төр засгийн зүгээс “Тайвань дахь Чингис хааны хөргөөр баримал хийж болохгүй. Энэ хөргийг хятадууд Хубилай хаантай адил болгож зурсан” гэж хэлж байсан. Тэр битгий хэл захиалагчийн зүгээс “Чингис хааныг нийтлэг монгол хүний дүрээр хий” гэж хэлж байсан удаа бий. Миний хувьд Их хааны дүрийг илүү тайван, бясалгаж байгаагаар бүтээсэн. Учир нь эргэн тойронд байгаа бусад хөшөө нь түүний зан чанарыг тодотгож байгаа юм. Улсын төв талбай, Төрийн ордон гэдэг улсын гал голомт. Гал голомтод морьтой баатар хийж болохгүй шүү дээ. Би анх 1990-ээд онд анх морьтой Чингис хааны баримал хийж байсан. Харин 15 жилийн дараа миний бодол өөрчлөгдсөн. Ер нь 1990-ээд онд Чингис хааныг баатар талаас “Тийм жанжин байсан. Тэгсэн юм билээ” гэдэг талаас нь ярьдаг байсан бол өнөөдөр илүү дэлхийг төвхнүүлсэн Их хаан талаас нь хардаг болсон байна.
Харин сая Чингис хааныхаа алтан хөшөөг хийхэд Чингис хааны эш хөргийг баримтлах хэрэгтэй гэдэг захиалгыг өгсөн. Одоо зөв замдаа орж, Чингис хааныг гэх ойлголт, үзэл илүү төвлөрч байна уу гэж харж байна.
Нэгэнт ингээд цул болчихвол бидний бие биеэ үгүйсгэж байгаа хар юм байхгүй болж, хөгжих болов уу гэдэг үүднээс энэ санал санаачлагыг дэмжиж ажилласан. Энэ бүхэн Чингис хааны дүрээр илэрч байгаа юм. Чингис хааны түүх байдаг шүү дээ. Буур хээрийн газраас Хорихусун гэдэг хүнийг Монголоос Бээжинд урьж, Хубилай хаан Чингис хааны хөргийг зуруулсан гэж. Бусад хаан хатдын хөргийг яг тэр зохиомжоор зурсан гэдэг. Би тэр эх хувилбарыг өөрийн биеэр үзэж байсан. Тэгэхэд үнэхээр монгол зургаар өнөөдрийн хийдэггүй арга барилаар гайхамшигтай зурсан байсан. Хөрөг зураг дээрх хаадын хацар нь туяараад амьд юм шиг харагддаг. Энд миний сүсэг бишрэл жаахан нэмэгдэж байгаа байх.

-Хэдийгээр монголчууд архийг хүндэтгэлийн идээ гэдэг ч Чингис хаанаараа нэрлэж, хөрөг зургийг нь ашигладаг. Энийг та хэр зөв гэж боддог вэ?
-Саяхан надад нэг байгууллагаас Чингис хааны дүртэй лого хийх санал солилцсон. Тэрэн дээр миний эмзэглэж явдаг асуудал гарч ирсэн. Тэр нь юу гэхээр Чингис хааны дүрийг ашиглаж байгаа байдал. Хоёр компанийн эсрэг юм ярьж байна гэж битгий бодоорой. Бид архиа алтан чингис, хар чингис, сүүн чингис гэж нэрлэн, хүндэтгэлийн идээ гэдэг утгаар хүртдэг. Ингэхдээ Ардын зураач Ү.Ядамсүрэн агсны Чингис хааны хөрөг зургийг их ашиглаж байгаа. Бодвол, Ү.Ядамсүрэн гуайн өв залгамжлагчид зөвшөөрсөн болоод л тэгж хэрэглэдэг болов уу. Ерөнхийдөө ёс зүйн хувьд энийг хуульчилмаар байгаа юм.
Өмнө нь Төрийн есөн хөлт цагаан тугийг хаана л бөхийн барилдаан, ургийн баяр зохион байгуулна тэнд л цагаан сүлд шиг юм хийж, газар хаячихдаг болсон байсныг Монгол Улсын Ерөнхийлөгч хуульчилсан. Үүнтэй адил Чингис хааны дүрийг бас хуульчлаад өгөөсэй.
Гудамжинд архины шил нь хагарчихсан хааны зураг нь хуваагдчихсан хэвтэж байгаа нь эмгэнэл. Энэ асуудалд нийгмээрээ анхаарах хэрэгтэй. Бас нэг Хөдөлмөрийн баатрын зургийг сүүн дээр хэвлэчихсэн байсан. Тэр нь энд тэнд хэвтэж л байдаг. Тэр талын урлагаа үйлдвэрлэгчид маань бодоосой. Тэрнээс биш сайхан алчуур, малгайн дээрээ хааны зургийг ашиглаж болно шүү дээ.
“БИ БАТНОРОВ СУМЫН ТОЖИЛ ДАРХНЫ НУТАГ УСНЫ ҮРГЭЛЖЛЭЛ”

–Таныг Сэлэнгэ аймагт төрж өссөн ч Хэнтий аймгийн гаралтай хүн гэж дуулсан юм байна?
-Тийм ээ. Би Долгорын Лувсан гэдэг хүний хүү. Миний эцэг Хэнтий аймгийн Батноров суманд төрсөн. Бага залуу наснаасаа төмөр замд машинистаар ажиллаж, тэндээсээ гавьяаныхаа амралтад гарсан юм. Харин миний ээж Сэлэнгэ аймгийн хүн. Аав, ээж хоёр маань Сэлэнгэ аймагт гэр бүл болж, би Сэлэнгийн Сүхбаатар хотод төрсөн. Миний хувьд 16 нас хүртлээ бусдын адил сургуульд сурч, тухайн үеийн Дүрслэх урлагийн дунд сургуульд баримлын чиглэлээр дөрвөн жил суралцсан. Дараагаар нь ЗХУ-д монументаль баримлын мэргэжил эзэмшсэн хүн дээ.
-Хэнтийн Батноров сум бол дархны ур хийцээрээ алдартай шүү дээ. Тэр нутаг усны юм танд өвлөгдөн үлджээ?
-Би нэг түүх ярья. Надад Монголын урчуудын эвлэлийн хорооны даргаар ажиллах хувь тохиож байсан. Тэр үед төрийн хүлээн авалтын үеэр хэсэг уран бүтээлчтэй удам судраа ярилцлаа. Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуайн ээж их сайхан дуулдаг байсан гэх мэтчилэн яриад миний ээлж ирсэн. Тэгсэн би “Манай удамд уран барималч хүн байгаагүй ээ. Миний аав Чөлөөлөх дайны үед бичээчээр ажиллаж байсан. Их л сайхан бичдэг хүн байсан” тухай ярилаа. Тэгсэн дуучин Г.Эрдэнэбат “Боогий чи боль л доо. Чи Батноров сумын Тожил дархны нутаг усны хүн байж яаж миний удамд тийм хүн байхгүй гэж хэлж байна. Чи тэр нутгийн юмыг өвлөсөн хүн гэдгээ санаж, боддог юм уу” гэж намайг жигтэйхэн зэмлэсэн.
Тэр цагаас хойш би өөрийгөө тэгж хэлэхээ больсон. Таны асуултад ингэж л хариулмаар байна.
Үнэхээр л батноров хийц Халхын гурван том хийцийн нэг. Нөгөө хоёр нь илүү уран шаглаа талдаа бол батноров хийц илүү цутгуур талдаа. Цутгуур бол өнөөдрийн миний ажил. Би хүрэл цутгуураар баримал хийж, үүний л үргэлжлэл болж явна.
-Маш сайхан түүх байна.
-Сургамжтай түүх байгаа биз. Хүн эцэг өвгөдөө зөвхөн өөрийн эцэг, эх, төрсөн ах дүүсээр бодож болохгүй юм билээ. Миний аавын хамаатнууд одоо ч Хэнтий аймагтаа аж төрж байна. Уран боржгон нэртэй улс бий. Тэгээд бодохоор Л.Болд гэдэг хүний цойлсон авьяас гэхээсээ илүү хувь тавилан, зурсан зураг л байж.
–Таныг Москвад хөшөө дурсгалын мэргэжлээр төгссөн хоёр хүний нэг гэдэг. Анх ЗХУ-д хэрхэн суралцах болсон тухайгаа дурсвал?
-Би 16 настайдаа Дүрслэх урлагийн дунд сургуульд суралцаж, барималч гэдэг ерөнхий мэргэжил эзэмшсэн. Хэдийгээр дунд сургууль боловч одоо бодоход багш нар нь маш өндөр боловсролтой, ур чадвартай хүмүүс байжээ. Би сургуулиа төгсөөд Монголын баримлын цөм гэгддэг Монголын Урчуудын эвлэлийн хотын салбарт ажилласан. Сүүлд энэ газар Монументаль чимэглэлийн үйлдвэр болтлоо өргөжсөн байдаг. Тухайн үед ЗХУ-д сурна гэдэг бидний хувьд ховор завшаан байлаа шүү дээ. Тэр завшаан надад олдож, шалгалтад нь тэнцээд Москва хот дахь С.Г.Строгановагийн нэрэмжит урлал үйлдвэрийн их сургуульд очсон. Анх ямар сургуульд сурах гэж байгаагаа ч ойлгоогүй. Эрх биш тэнд баримлын дээд мэргэжил эзэмшинэ гэдэг бодолтой явсан. Би дараа нь архив үзэж байхад их сонин хувь тавилангаар ЗХУ-руу явсан гэдгээ олж мэдсэн.
Халх голын дайны 45 жилийн ой тохиож байсан үе. ЗХУ-ын Ардын зураач, тухайн цаг үеийнхээ хамгийн нэртэй монументаль уран барималч А.Н.Бурганов гэж хүн Ю.Цэдэнбал даргын гэргий А.Филатовагийн санаачлагаар Монголд ирж, Халх голын хөшөөг хийсэн байдаг.
Тэр хөшөөг хийж байхад А.Филатовагийн зүгээс “Монголын монументаль урлаг санасныг бодвол сайн хөгжихгүй байна. Энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх хэрэгтэй байна” гэхэд нь А.Н.Бурганов “Би энэ жил монументаль ангийнхаа элсэлтийг авна. Та нар хоёр монгол оюутан явуул” гэсэн юм билээ. Манай сургуулийг гурван монгол барималч төгссөн. Нэг нь манай ангийн найз бөгөөд харамсалтай нь бурхан болсон. Нэг маань хаана явж байгаа юм бол доо. Сүүлийн үед сураг тасарсан.



-Тэгвэл төрийн бодлогоор гурван хүнийг энэ мэргэжлээр бэлтгэжээ?
-Монументаль урлаг гээчийг огт мэдэхгүй, багшаасаа авсан мэдлэгтэйгээ тэнд очиж байлаа. Зарчмын хувьд энэ урлагийн А үсэг ч үгүй гэж болно. Эхэн үед бас л хэцүү байлаа. Бидний мөрөөдөл ЗХУ-ын Репиний академи юм уу, И.Суриковын нэрэмжит уран зургийн академид сурах байсан. Энд барималч болох гэж ирсэн юм уу, архетиктор болох гэж ирсэн юм уу гэж хоорондоо ярилцана. Одоо ингээд бодоход, тухайн үеийн төрийн бодлогоор Монголд дутуу юмыг гүйцээх мэргэжлийг эзэмшсэн юм байна гэдгээ сүүлд ойлгосон.
Монголд Зайсан толгойн цогцолбороос гадна 1946 онд хийсэн барималч С.Чоймбол агсны Сүхбаатар жанжны хөшөө л байсан. Энэ хоёр бүтээл тухайн цаг үеийнхээ монументаль урлагийн нүүр царай болсон ажлууд.
Би азаар ангийн найз Л.Бэхбаттайгаа тэнцэж, ЗХУ-ын уран барималч А.Н.Бургановын шавь болох их хувь заяасан. Багш маань 1990 оноос өмнөх Москва хотын бүхий л том чимэглэлийн болон монументаль ажлуудыг хийсэн хүн. Залуу байхад их л амбицтай байж. Одоо бодоход үнэхээр хувь заяа намайг ивээж, агуу багшийн шавь болгосон. Би Дүрслэх урлагийн дунд сургуульд байхдаа Лувсанцэрэнгийн Дашдэлэг гэж агуу монументалист багшийн шавь байсан. Манайд 1990 онд нийгэм солигдоход хүмүүсийн эзэмшсэн мэргэжил эх толгойгүй болж, ихэнх нь бизнес хийж эхэлсэн. Миний хувьд ямар ч байсан ард түмнийхээ мөнгөөр сурсан мэргэжлээрээ өнөөдрийг хүртэл ажиллаж явна. Энгийн баримал хийхээр дандаа эх загвар шиг санагддаг. Эзэмшсэн мэргэжил тийм хүчтэй байдаг юм байна.
-Тэрнээс хойш энэ мэргэжил огт бэлтгэгдээгүй тасарсан хэрэг үү?
-Харамсалтай нь тийм. Сүүлийн үед танил залуус маань шинэ залуу уран бүтээлчдийг гадаадад сургах асуудалд анхаарч, ажиллаж байгаа гэх сураг дуулдсан. Энэ бол сайн зүйл. Хүмүүс ерөнхийдөө тухайн мэргэжлийг ойлгохгүй байгаагаас сонголт бага хийж байна. Жишээлбэл, би эх орондоо ирээд нэг ч хүүхдэд багшилсангүй. Мэдээж монументаль ажил олон гүйцэтгэгчтэй ажилладаг учраас хамтран ажилласан уран бүтээлчид маань хөшөөний зах зухаас суралцсан байх. Нөгөө талдаа нийгэмд монументаль бүтээлийн хэрэгцээ талх шиг биш. Бид өнөөдөр Чингис хааны алтан баримлыг бүтээсэн үйлсийн төлөө энд цугларсан. Энэ үйл явдал жил бүр тохиохгүй шүү дээ. Монголчууд бид лав л өнгөрсөн 800 жилийн хугацаанд алтан баримал босгосонгүй.
Мөн үүнтэй ялгаагүй 1946 онд босгож байсан Сүхбаатар жанжны хөшөө байна. Тэр цагаас хойш ийм ажил боссонгүй. Тэгэхээр энэ бол маш ховор хийгддэг ажил. Зөвхөн үнэ өртөгтөө биш нийгмийн хэрэгцээндээ байдаг.
Энийг даван туулж, хийж чадах уран бүтээлчийн хувь заяа гэдэг их төвөгтэй. Тэгсэн дор нийгэмд өөрийгөө илэрхийлэх, илүү чөлөөтэй урлагийн төрлийг сонгож байгаа залуусын ч зөв байх. Жишээ нь, миний хувьд төрийн бодлогоор монументаль баримлын мэргэжлээр ЗХУ-д суралцаж бэлтгэгдсэн байна. Тэрнээс биш төрмөл авьяастайдаа, энэ мэргэжлээр сурах юмсан гэж дурлаж сонгоогүй. Одоо ингээд харахад, ямар азаар энэ мэргэжлээ эзэмшсэн юм бэ гэж боддог. Энэ далимд нэг зүйл хэлмээр санагдлаа.

-Юу тэр вэ?
-Сүүлийн үед монументаль урлагийг хүмүүс ойлгохгүй болсон гэх үү. Би монументаль гэдгийг зөвхөн барималч гэдгээр явцуурч өөрийнхөөрөө бодоогүй шүү. Улаанбаатар хотод маань хэчнээн сайхан монументаль уран зураг байлаа. Өнөөдөр бүгд устсан нь харамсалтай. Бас л нэг төрөлжсөн, өөрийн гэсэн онцлог, хэллэгтэй урлагийн төрөл.
Ер нь монументаль шийдлүүд хотын архетиктуртай салшгүй холбоотой байдаг.
Бидэнд одоо үзүүлэх юм ганц Зайсан толгой л байх шив дээ. Уран барималч, зураач хүн болгон монументаль хийхгүй. Энэ бол тусгай эзэмшсэн мэргэжил. Гэтэл өнөөдөр хэн дуртай нь хөшөө дурсгал хийдэг болж. Ялангуяа орон нутаг дахь хөшөө барималд жаахан эмзэглэдэг юм.
-Одоо хөшөөний эх орон болсон гэж шүүмжилдэг?
-Би Монументаль чимэглэлийн үйлдвэрийн даргаар ажиллаж байхдаа “Монголд аль болох олон хөшөө хийх ёстой” гэдэг байсан. Харин одоо тэгж бодохоо больсон. Ер нь монументаль уран баримал, уран зураг асар их өртгөөр бүтдэг. Уран бүтээлчийн тухайн цаг үеийн мэдрэмжээ илэрхийлэх өдөр тутмын ажлаас тэс өөр. Гэтэл зарим аймаг, сумдад нутгийн сийлбэрч, мужаан, зураач, яруу найрагч гээд хэн дуртайгаар нь хөшөө хийлгэчихдэг. Тэр нь наад захын жирийн үзэгчийн шаардлагыг хангахгүй байгаа учраас хүмүүс шүүмжлээд байгаа юм. Аль ч нутагт очоод “Танайд илүүдсэн хөшөө байна уу” гэж асуувал бүгд л нутаг усандаа байх ёстой, өөрсдийнхөө түүхийг мөнхлөхийг зорьсон гэж хэлэх байх. Миний хувьд ганц найдвар нь тооноос чанарт шилжих гээд философи ярьдаг даа. Тэр цаг нь хурдан ирээсэй гэж хүсч байна. Тэгж байж илүү мэргэжлийн болно. Бид нэг үеэ бодоход, 1990-ээд оны замбараагүй үеийг бас ч гэж туулаад өнгөрч байна. Нийгмийн бүх салбарт илүү мэргэжлийн байж, тухайн ажлаа төгс хийх шаардлага тавигддаг болж.
Монголчууд өөрсдийгөө маш сүйхээтэй улс гэж магтдаг. Гэтэл бидэнд өнөөдөр чадахгүй юм гэж алга. Тэгсэн хэрнээ бүгдийг төгс хийж чаддаггүй.
Гадаадад явж байхад зураач хүн зөвхөн хөрөг зурдаг бол хөргөө л зурна. Зөвхөн хээ хийдэг бол хээгээ л хийнэ. Гуталчин зөвхөн гутлаа л төгс засдаг. Монголд ч ялгаагүй тийм цаг үе эхэлж байна гэж харж байгаа. Үнэхээр хөшөөний эх орон гэдэг нь үнэн. Нийгмээрээ л нэг зүйл рүү хошуурцгаадаг. Уул уурхай, бизнес ярихаар бүгд тэр салбар руу орчихно. Энэ нь нийгмийг хамарсан муухай үзэгдлийн хөшүүрэг нь болчихдог. Нэг хүний талаар хэн нэгэн шүүмжлэнгүүт тэр хүнийг танихгүй, огт мэдэхгүй байж дагаад л шуурчихдаг. Энэ бол хамгийн том эмгэнэл. Гэхдээ энэ байдал цаашид засрах биз. Би эзэмшсэн мэргэжлээсээ хазайлгүй, өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа маань энэ санааг л илэрхийлэхийг хичээж яваа юм.
-Монголчууд бид аугаа түүх, соёлтой ард түмэн. Үүгээрээ ч бахархдаг. Уран бүтээлч хүнийхээ хувьд монголчууддаа хандаж юу захих вэ?
-Уран бүтээлч бид Чингис хааны болон өмнөх түүхээ мөнхжүүлэх гэж их оролдож байгаа. Зөвхөн уран баримал монументалиар бус захын зураачийн урланд их хааны хөрөг бий. Үүнтэй адил төр засаг бидний үзэл бодол хоосон орон зайг цэгцлэх гээд Чингис хааныг мөнхжүүлэхээс гадна монголчуудын үзэл санааг зангидах гол үлгэр жишээ, тотем болгохоор оролдож байна. Тэр утгаараа Монгол Улсын Ерөнхийлөгч айл гэр болгон Чингис хааны эш хөргийг залах зарлиг гаргасан. Энэ зүгээр нэг гаргасан зарлиг биш.
Нэгдсэн байдлаар Чингис хааны эш хөрөгтэй болж, нэг үзэл бодол, үзэл суртлын дор нэгтгэх шаардлага байна.
Тэгэхээр Чингис хаанаа шүтье. Нэг зурхайч “Мөр гаргах яах вэ. Чингис хааныхаа хөшөөнд залбирчих” гэж хэлсэн. Энэ нэг хүний үзэл боловч цаанаа асар өндөр ач холбогдолтой. Бидэнд олон агуу түүх, агуу түүхэн суутнууд бий. Тэр нь эргээд жалга довны үзэл болчих гээд байдаг учраас нэгдсэн Чингис хаан гэдэг үзэл бодол дээрээ нэгдэж, шүтээн болгож, сургаалийг баримталбал улс эх орон маань хөгжиж чадна. Улс эх орон маань шал өөр болж, сайхан ирээдүйг авч ирж байна гэж дотроо сүсэглэж байдаг. Хамтдаа Чингис хааны алтан сургаалийг баримтлаад Монгол Улсаа хөгжүүлье.
Эх сурвалж:Nnews.mn