ХХААХҮ-ийн яам тусгай зөвшөөрлийн материалыг 100 хувь цахимжуулж, 14 хоногт олголт хийж байна
Зөвшөөрлийн тухай хуульд салбарын хуулиудыг нийцүүлэх ажлын хүрээнд 5 хуулийн төсөл боловсруулж ЗГХЭГ-т хүргүүлжээ.
Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам тусгай зөвшөөрлийн бүрдүүлбэрийг 100 хувь цахимаар авч байна. Шийдвэрлэлтийн явцын мэдээллийг тухайн хүсэлт гаргагч өөрийн эрхээр орж харах, хянах боломж бүрджээ. Өөрөөр хэлбэл, Зөвшөөрлийн тухай хуульд зааснаар зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл, холбогдох бусад баримт бичгийг хянан үзэн өргөдөл хүлээн авснаас хойш ажлын 21 хоногийн дотор шийдвэрлэнэ гэж заасан хуулийн дагуу ажиллаж байна. Зарим тусгай зөвшөөрлийг 14 хоногт шийдвэрлэхээр системд оруулж өгжээ.
Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад /2022-06-17/ тус салбарын чиглэлээр Засгийн газар, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, төрийн захиргааны төв байгууллага, сайдын эрхлэх асуудлын хүрээний Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг – Мал эмнэлгийн ерөнхий газар нийт 12 төрлийн тусгай зөвшөөрөл, 5 төрлийн энгийн зөвшөөрлийг олгохоор тусгагдсан. Эдгээр нь өмнө нь олгодог байсан зөвшөөрлүүд ба шинээр зөвшөөрөл нэмэгдээгүй болно.
“Хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2022 оны 35 дугаар тогтоолын дагуу Зөвшөөрлийн тухай хуульд салбарын хууль тогтоомжийг нийцүүлэх ажлыг гүйцэтгэж хуулийн төслүүдийг боловсруулаад байна. Мөн зөвшөөрөл олгох үйл ажиллагаатай холбоотой захиргааны хэм хэмжээний актуудыг шинэчлэх ажлын хэсэг Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар байгуулагдан ажиллаж байна.
Зөвшөөрлийн тухай хуульд салбарын хуулиудыг нийцүүлэх ажлын хүрээнд 5 хуулийн төсөл боловсруулж ЗГХЭГ-т хүргүүлжээ.
ХХААХҮ-ийн яамнаас олголт хийж буй тусгай зөвшөөрлийн жагсаалт:
Тусгай зөвшөөрөл | Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд |
12.1.сүүн бүтээгдэхүүнээр нэрсэн шимийн архинаас бусад согтууруулах ундаа үйлдвэрлэх | Засгийн газар |
12.2.тамхи үйлдвэрлэх, тамхины ургамал тарих | Засгийн газар |
12.3.тамхи импортлох | Засгийн газар |
12.4.үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх | Засгийн газар |
12.5.согтууруулах ундаа импортлох | Хүнсний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн |
12.6.ургамал хамгаалахад ашиглах бодисыг импортлох, борлуулах | Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн |
12.7.шинжлэх ухааны дэвшилтэт аргаар малын үүлдэр, омог шинээр бий болгох | Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн |
12.8.бичил биетнийг өсгөвөрлөх, өндгөн эс, хөврөл, үрийг үйлдвэрлэх, үйлчилгээнд нэвтрүүлэх | Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага |
12.9.гадаадаас сайжруулагч мал, малын үржүүлгийн бүтээгдэхүүн авах | Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага |
12.10.мал, малын үржүүлгийн бүтээгдэхүүн гадаадад гаргах | Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага |
12.11.таримал ургамлын үр үйлдвэрлэх | Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага |
12.12.мал, амьтны эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох | Хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага |
Энгийн зөвшөөрөл | Энгийн зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд |
11.1.стратегийн хүнсийг экспортлох, импортлох | Хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага |
11.2.малыг гадаадад гаргахад төрөл, зүйл тус бүрд нэг удаагийн зөвшөөрөл олгох | Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага |
11.3.судалгаа, шинжилгээний зорилгоор мал үржүүлгийн бүтээгдэхүүнийг гадаадад гаргахад ижил зүйлийн тав хүртэл сорьцод нэг удаагийн зөвшөөрөл олгох | Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага |
11.4.мал, амьтны тэжээлийн нэмэлт, эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох, экспортлох | Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага |
11.5.олон улсын мал эмнэлгийн гэрчилгээ олгох | Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага |