МАН бүлэг: Төмөр замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ

0

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2023.04.24/ хуралдаж, Хөдөө аж ахуйн салбарын цаг үеийн мэдээлэл, Засгийн газраас төлөвлөж буй цалин хөлсийг боловсронгуй болгох чиглэлийн мэдээллийг сонслоо. Мөн Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ажлын хэсгийн анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх мэдээллийг сонсож, гишүүд асуулт асууж, тодрууллаа. Хурлын шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, ажлын албаны дарга С.Далхаасүрэн, УИХ-ын гишүүн, хуулийн ажлын хэсгийн ахлагч Ж.Бат-Эрдэнэ нар мэдээлэл хийж, асуултад хариулав.

Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хаврын ид ажил өрнөж байна. Хаврын тариалалтын бэлтгэл ажил, махны экспортын өнөөгийн байдал, ноолуурын бизнесийн үйл ажиллагаа, “Хүнсний хувьсгал”-ийн хүрээнд аж ахуй нэгж, бизнесийг дэмжих чиглэлд хийж байгаа ажлын талаар салбарын сайдын мэдээллийг бүлгийн хурлаар сонслоо. Үүнтэй холбоотой бүлгийн хурлаас ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуунд тодорхой чиглэл өгсөн.
Тухайлбал, Нэгдүгээрт, “Хүнсний хувьсгал”-ийн ажлыг эрчимжүүлж, ноолуурын үнийг буулгахгүй, тогтвортой байлгахад чиглэгдсэн тодорхой арга хэмжээ авч ажиллах, гурилын үнэ болон үр тарианы үйлдвэрлэлийг дэмжих чиглэлд тодорхой ажлуудыг хийх шаардлагатай гэсэн саналуудыг бүлгийн гишүүдийн зүгээс хэлж, дээрх чиглэлийг салбарын сайдад өгсөн.

Мөн өнгөрсөн жил цалин хөлс нэмэгдүүлсэн ч өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өссөн. Иймд инфляцтай уялдуулан цалин хөлс нэмэгдүүлэх шаардлагыг иргэд тавьж байгаа. Үүнтэй холбогдуулж өнөөдрийн бүлгийн хурлаар ХНХ-ийн сайд Х.Булгантуяагийн мэдээллийг сонсож, тус асуудлыг хэлэлцээд бүлгээс Засгийн газарт чиглэл өгсөн. Нэгдүгээрт, өнгөрсөн жил цалин нэмэхдээ ялгавартай нэмсэн. Энэ ялгаврыг арилгах, салбар хоорондын цалингийн зөрүү байна. Уг зөрүүг арилгаж, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа. Ялангуяа, бага тушаалын улс төрийн албан хаагч, соёлын салбарынхан, төрийн нийтлэг үйлчилгээний албаны цалин бага байна. Иймд дээрх асуудлуудыг цогцоор нь авч үзээд Засгийн газар хөрөнгийн эх үүсвэрийг тооцож, УИХ-д оруулж ирэх чиглэл өгсөн” гэв.

УИХ-ын гишүүн, Төмөр замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн Ажлын хэсгийн ахлагч Ж.Бат-Эрдэнэ мэдээлэлдээ “Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэх гэж байна. Анх 1946 онд Төмөр замын хэлэлцээрийг хийж, 1949 онд анхны Төмөр зам баригдсан түүхтэй. Төмөр замын тухай хуулийг 2007 онд батлаж байсан. Одоогийн зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалан тус хуулийн шинэчилсэн найруулгыг зайлшгүй хийх шаардлага бий болсон.

Нэгдүгээрт, өмнө нь ОХУ-ын хуулийг үндэслэж хууль батлаж байсан бол одоо иргэд уншихад ойлгомжтой үг, үсгийн хувьд шинэчлэгдсэн хууль болж байна.
Хоёрдугаарт, төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн нь нэг ААН байхаар зохицуулсан. Өөрөөр хэлбэл, суурь бүтэц эзэмшигч, тээврийн үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд нь тус тусдаа байхаар зохицуулж байгаа. Үүнтэй уялдуулаад Улаанбаатар Төмөр зам ХНН цаашид хуулийн хэрэгжилтийн дагуу тээвэрлэгч буюу суурь эзэмшигч хоёр компани болж өөрчлөгдөнө. Энэ нь өрсөлдөөнийг хязгаарлахгүй, нээлттэй байх, зах зээлд тэгш хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэхэд чиглэсэн хууль орж ирж байна.
Гуравдугаарт, өмнө нь Улаанбаатар Төмөр зам 1900 км нэг л замтай байсан. Сүүлийн үед Зүүнбаян-Тавантолгой-Гашуунсухайт, Зүүнбаян-Ханги чиглэлийн 890 гаруй км Төмөр замыг барьсан. Нийт 2800 орчим км Төмөр замтай болж байна гэсэн үг. Үүнтэй холбоотой Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд нэн тэргүүнд төр болон хувийн хэвшлийн төмөр замуудын хоорондын харьцааг уялдуулах ёстой. Иймээс Зам тээврийн яамны дэргэд Төмөр замын агентлаг байгуулагдана. Тус агентлаг нь төр хувийн хэвшлийн хоорондын уялдааг хангаж, хуулийн хэрэгжилтийг хангах үүрэгтэй.
Мөн Төмөр замын тээврийн үнэтэй холбоотой асуудлыг зохицуулах заалтыг оруулж өгсөн. Тухайлбал, Нүүрсний үнэд төр тодорхой хэмжээний хязгаарлалт тогтоож тээврийн үнэ нэмэхгүй гэсэн шаардлага тавьдаг. Хэрэв нэмбэл, эрчим хүчний үнэ шиг ард иргэдийн амьдралд нөлөөлнө гэдэг утгаар барьж байдаг. Иймээс үнийн аргачлалыг тухайн ААН нь гаргаж өгнө. Энэ үнэ нь бодитой юу гэдгийг төрийн захиргааны байгууллага хянаж, салбарын сайд батлахаар тусгасан. Ингэхдээ төрийн захиргааны байгууллагын дэргэд судалгаа хийж дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус “Үнийн зөвлөл”-ийг байгуулна” гэлээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *