Явуулах юм учиртай, ирүүлэх дүрээ харин бодоцгооё

Өнөөдөр Засгийн газар энэ бүрэлдэхүүнээрээ сүүлийн удаа хуралдаж, дараа нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганд үг хэлэхээр тооцоод байжээ. Үүнийгээ өглөө цуцлуулсан аж. Тэгэхээр өнөөдөр бус, ирэх даваа гараг руу шинэ хөдөлгөөнүүд үүсэх нь ээ гэж харагдлаа.
Энэ хооронд Л.Оюун-Эрдэнэ шинэ Ерөнхий сайдад яригдаж буй дүрүүд болон танхимдаа хэн хэнийг үлдээх үү. Хэрхэн зарим асуудлуудаа үргэлжлүүлэх үү зэргээр далд зөвшилцөх, тохирох уулзалтууд хийх биз ээ. Нөгөө талд Ерөнхий сайдад яригдаж буй дүрүүд нэлээд идэвхжив.
Нэгэн үес Л.Оюун-Эрдэнэ нар Төрийн ордны гадаа жагсаал зохион байгуулж, УИХ-ын даргын хаалга үүд нүдсээр байгаад М.Энхболдыг явуулж байв. Олон нийтийн дэмжлэгийг авахад яаж ийгээд нэг өө, сэртэг гараад ирдэг. Түүнийг нь түймэрдэхэд “явчихдаг” ийм нюанстай. Ер нь явуулах юм учиртай. Харин ирүүлэх дүр бол бодох асуудал аа.
Үүн дээр хүн ярихаас илүү хэн хамгийн зохимжтой гэдэг үлгэрлэлээ дурдаасай. Өнөөдөр манай редакц “Шинэ Засгийн газар бүрдүүлэх бол яамдын тоог цөөлж, бүтцүүдээ хумь” гэсэн асуудал хөндсөн. Үргэлжлүүлээд Засгийн газрын тэргүүн нь ямархуу байвал олон нийтийн эрх ашгийг арай илүү хангагдах вэ, улс орны ямар асуудлууд одоо нэн чухал вэ зэрэг асуудлыг, хүн ярихгүйгээр бичиж байна.
Юуны өмнө дотоодын ба гадны нөхцөл байдалд нийцсэн нарийн мэдрэмжтэй, маневртай дүр хэрэгтэй буй.
Л.Оюун-Эрдэнийн хүүгийн манаргаантай яг зэрэгцэж, Гашуунсухайтын хил холболтын бүтээн байгуулалтыг урд хөрштэй хийх нээлт болсон. Үүний өмнө “Чайна энержи”-тэй “Бид Засгийн газраа тогтвортой байлгаж, ажлыг гялалзуулаад өгнө” гэж байгаад хэлцлээ хийчихсэн. Монгол Улс түүхэндээ Замын -Үүд шиг хоёр дахь гарцтай болох ажил цаашаа хэвийн үргэлжлэх үү гэдэг шинэ Засгийн газрын тэргүүнээс ихээхэн хамаарна.
Цаашлаад буфер болоод ардчиллыг дэмжигч орныхоо хувьд нарийн эмзэг статусаар ОХУ-тай яаж харилцах юм. Эгийн голын усан цахилгаан станц, хийн хоолойн шийдлээ хэрхэн үргэлжлүүлэх юм. Гуравдагч хөршүүдийн нэг Францтай хийсэн ураны гэрээгээ яаж тогтвортой барих юм гэхчлэн гадаад нюансууд бол маш чухал билээ. Гадна талдаа хэн ийм тодорхой түүх бүтээсэн, өмнөх хойдох харилцаатай, яаж тоогдох юм гэх мэт асуудлууд хөвөрнө.
Дотооддоо одоогийн баялгийн сангийн хэлцэл үргэлжлэх үү. Л.Оюун-Эрдэнийн унаж буй гол шалтгаануудын нэг нь MCS, МАК тэргүүтэй додоодын ҮДК шиг бэхжээд систем угсарчихсан томчуудын хүчинд дийлдчхэж байгаа хэлбэр. Тэгэхээр шинэ Засгийн газрын тэргүүн нь МАК, MCS-тэй хэлцэл хийж чадах юм уу. Хажуу хавиргандаа наагаад, Баялгийн сангийн хуулийг бүр хаячхаад цаашаа амиа бодоод явах юм уу гэдэг асуулт зүй ёсоор тавигдана аа. Тэдний хараат болчих уу.
Бүр хамгийн чухал нь шинэ Ерөнхий сайд парламенттайгаа яаж учраа олох юм. Сөрөг хүчинтэй болсон парламент хуулиудыг нь баталж өгөхгүй, ирц нь хүрэхгүй, ер нь хааш ч хөдөлгөхгүй бол яах вэ. Гүйцэтгэх засаглал ба парламентын нэр хүнд унасаар Монголд засаглалын хямрал үүсэх эрсдэл рүү гулсчихвал тэр дүр нь хамгаалж, үүнээс сэргийлж чадах уу.
Ерөнхийлөгчийн инститүцийн хэр хэмжээг зохих түвшинд нь барьж, парламентад мэтгэлцээн өрнөх ч ажил язганаж байдаг түвшинд Засгийн газар нь дундын zone-д зогсож чадах уу.
Тэгээд дундаж давхаргаа мартахгүйгээр гадаад дотоод ийм олон агуулгаа барьж явах үүрэг шинэ Ерөнхий сайдад оногдох нь ээ. Тэр маш их тоо боддог, том ажлуудын хажуугаар хэзээд ч нийгмийн дундаж давхаргын зовлонг мартдаггүй. Тэдэнд хаалга нээж, татвар тэргүүтэй олон зовлонгууд дээр нь гарц бий болгож өгдөг тийм замыг одоо үүсгэхгүй л бол маш удахгүйгээр нийгэм түүнийг дахин “шараад” идчих аюултай. Ер нь Гүйцэтгэх засаглалын хайр халамж очоогүй, аль чангалсан хэсгээрээ эргээд тийрдэг, ийм л зүй тогтоц.
Ийм олон тэнцвэр дунд л шинэ Ерөнхий сайд ажиллах нь ээ. Магад МАН олонхоор засаглах тул магад намын даргаа л шинэ Ерөнхий сайд нь авахгүй бол ажил нь явахгүй, богино хугацаанд тамирдаж дуусна. Тэгэхээр Л.Оюун-Эрдэнийг явуулах гэж МАН яарч байгаа бол дараагийн дүрийг нь түүнээс давуулж тавихгүй бол их удахгүй эрэг нь өөрөө нурах юм. Үүнд намын ч, нийгмийн ч шаардлагууд үүсэх нь тодорхой.