“Бүтээмж ба Инновац-UB 2025” форумд нийслэл, орон нутгийн төрийн байгууллагууд туршлагаа хуваалцаж байна

Монгол Улсын Төрийн албаны зөвлөл үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд “Шинэтгэлээр түүчээлсэн салбар зөвлөл” аяныг хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү аяны хүрээнд “Бүтээмж ба Инновац–UB 2025” нэртэй харилцан суралцах арга зүйн форумыг зохион байгуулж, нийслэл болон 21 аймгийн нутгийн захиргааны байгууллагуудын сайн туршлагыг тодруулан, түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.
Форумын талаар НЗДТГ-ын Хүний нөөцийн хөгжлийн төвийн менежер Т.Батзаяа мэдээлэхдээ, болзолт уралдаан хоёр үе шаттай зохион байгуулагдаж байгаа бөгөөд эхний шатанд орон нутгаас тэргүүний арга барилаа ирүүлсэн бол, хоёрдугаар шатны форум тавдугаар сарын 26-30-ны хооронд Улаанбаатар хотод болж байна хэмээн онцолжээ. Энэ шатанд 9 дүүрэг, 16 аймгийн нийт 25 сайн туршлага танилцуулагдаж байна.
Форумын үндсэн зорилго нь төрийн захиргааны байгууллагын дотоод үйл ажиллагааг сайжруулах, иргэдэд хүргэх үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд харилцан суралцах арга зүйг нэвтрүүлэхэд чиглэж байгаа юм.
Түүнчлэн, форумын хүрээнд оролцогч албан хаагчдад Улаанбаатар хотын онцлог, төрийн байгууллагуудын бүтэц, хөгжлийн бодлогын талаар мэдээлэл өгөхөөс гадна дараах сэдвээр мэргэжлийн сургалтууд орж байна. Үүнд:
- “Харилцан суралцах арга зүй”,
- “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль”,
- “Цахим орчны боломжийг ашиглан ажлын бүтээмжээ нэмэгдүүлэх нь”,
- “Алсын хараа-2050: Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого”,
- “Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг боловсруулах арга зүй”,
- “20 минутын хот” концепц ба Улаанбаатарын хөгжлийн индекс,
- “2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө” зэрэг байна.
Ийнхүү энэхүү арга хэмжээ нь төрийн албанд шинэ арга барил, бүтээлч шийдлүүдийг нэвтрүүлэх, үндэсний хэмжээнд сайн туршлагаа түгээх чухал суурь болж байна.
Эх сурвалж: Төрийн албаны зөвлөл, НЗДТГ