5 жилийн хугацаанд 10 ажилтнаа алдсан эрчим хүчний салбарынхан “Маргааш хэний амь эрсдэх вэ гэдгийг таашгүй байна” гэв

0
99j42y_2L3A6736_x974 (1)

“Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-д гарсан үйлдвэрлэлийн осол болон хүний амь нас эрсэдсэн асуудлаар Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос байр сууриа илэрхийлж, шаардлага хүргүүлэх тухайгаа мэдэгдлээ.

Тэдний зүгээс эрчим хүчний салбарын бодит нөхцөл байдлыг шүүмжилж “Баталгаагүй ажлын байранд дарга чи ажиллах уу?”, “Ажил гүйцэтгээд амь хохирох ёсгүй”, “Эрчим хүчний салбар улстөрчдийн тоглоом уу?” хэмээн салбарын зарим алдаа дутагдлыг нэн яаралтай залруулах хэрэгтэйг шаардлаа.

“Эрчим хүчний салбарт сүүлийн таван жилийн хугацаанд үйлдвэрлэлийн ослын улмаас 10 хүн амь насаа алдсан. Тодруулбал

2020 онд гурван хүн

2021 онд нэг хүн

2023 онд гурван хүн

2024 онд гурван хүн нас барлаа.

Ажил үүргээ гүйцэтгэж яваад алтан амиа алдсан эдгээр ажилтнуудынхаа төлөө бид эмгэнэлт илэрхийлж, салбарын бодит байдлыг хэлье” гэснээр хэвлэлийн хурлыг эхлүүлсэн юм.

Эрчим хүчний салбарын дотоод бүтэц, гажуудлын талаар “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-ийн үйлдвэрчний хорооны дарга Ш.Энхсаран дараах мэдээллийг өгөв.

Тэрбээр “Хамт олноо төлөөлөөд талийгаачийн эцэг эх, ар гэр, үр хүүхдэд гүн эмгэнэл илэрхийлье.

Манай байгууллага нэгэн шилдэг инженерээ, хамт олон маань нэгэн сайн найзыгаа, хамтрагчаа алдсан нөхөж баршгүй гарз тохиолоо.

“ДЦС-3” ТӨХК нийт 198 МВт-ын хүчин чадалтай, манай станц

Төвлөрсөн эрчим хүчний системийн 13 хувь

Улаанбаатар хотын дулаан хангамжийн 32 хувь

Улаанбаатар хотын үйлдвэрлэлийн уурын 47 хувийг хангаж ажилладаг. Одоогоор нийт 1,001 хүн ажиллаж байна.

2025-2026 оны өвлийн ачааллыг давах бэлтгэл ажлын хүрээнд манай байгууллага зургаадугаар сарын 1-ний шөнө бүрэн зогсож, зургаадугаар сарын 2-ны өглөөнөөс засварын ажлаа эхлэхээр төлөвлөж байсан.

Ингэж төлөвлөсний дагуу зургаадугаар сарын 1-ний шөнө тоноглол зогсоох явцад гал гарсны улмаас нэгэн ажилтан маань амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Өнөөдөр ажилтнууд маань сэтгэл зүйн хувьд хүнд байдалд байна. Гэхдээ үүрэг хариуцлагаа хүлээгээд засварын ажлаа үргэлжлүүлж, үйл ажиллагаагаа явуулж байна.

Үйлдвэрлэлийн ослыг мэргэжлийн байгууллагууд судалж байгаа. Гэхдээ эцсийн дүгнэлт гараагүй. Тиймээс ослын талаар ямар нэгэн дүгнэлт хэлэх боломжгүй ч үйлдвэрлэлийн осол гарахад нөлөөлж байгаа хүчин зүйлийг хэлье” гэлээ.

“Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-д үйлдвэрлэлийн осол гарахад нөлөөлж буй хүчин зүйлсийн талаар…

Салбар, байгууллагууд дээр ямар нөхцөл байдал үүссэнийг яръя.

Засгийн газар, төрийн захиргааны төв байгууллага болох Эрчим Хүчний Яам, Эрчим Хүчний Зохицуулах Хорооны алдаатай шийдвэрээр өнөөдөр хүртэл бүх ачааллыг ажилтнууд нуруун дээрээ үүрч ирсэн нь үнэн.

Цалин хөлс, техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл, эрүүл ахуй, аюулгүй байдал энэ бүхнийг ажилтнууд маань л нуруун дээрээ үүрсээр ирсэн.

Эцсийн эцэст асуудал ярихаар “Мөнгө хөрөнгө” гээд очоод гацчихдаг. Монголын эрчим хүчний салбар өнөөдөр чухам хаана, хэнд харьяалагдаад байгаа нь үнэхээр тодорхойгүй.

Хэн биднийг удирдаад байгааг,

Хэн биднийг хамгаалах ёстойг,

Бидний шийдвэрийг хэн гаргах ёстой вэ? гэдгээ мэдэхээ больсон байна.

Эрчим Хүчний Зохицуулах Хороонд хандахаар Эрчим Хүчний Яамандаа ханд гэдэг. Эрчим Хүчний Яамандаа хандахаар “Эрчис Монгол”-доо ханд гэдэг. Аргаа бараад захиралдаа хэлэхээр ТУЗ гэдэг. Тэгээд ТУЗ нь сайдад ханд гэдэг ийм л нөхцөл байдалтай.

Ерөөсөө эрчим хүчний салбарт үүссэн асуудлыг хэнд хэлэх хүнгүй, хаана хандахаа мэдэхгүй болчихсон.

Бид “цалингаа нэмүүлэх” талаар маш олон шаардлагыг өгсөн. Гэвч “цалин нэмэгдүүлэхийг хориглосон” шийдвэрийг Эрчим Хүчний Яамнаас өгсөн гэж ярьдаг.

Буцаад яаманд очоод уулзахаар “захирал чинь мэдэх эрхтэй. Сайд хариу өгнө” гэдэг. Ийм нөхцөлд байгаа учраас өнөөдөр эрчим хүчний салбар маш их стресс, маш их бухимдалтай байна.

Бидэнд эрүүл орчинд ажиллах, амьд үлдэх баталгаа байхгүй.

Бид шинээр орж ирсэн ажилтнуудыг авч дадлагажуулахын тулд хамгийн багадаа гурван сар ба түүнээс дээш нэг жил сургаж, дагалдуулж, үүний дараа бие дааж ажиллах эрхийг нь өгдөг.

Гэтэл цалин мөнгө хангалтгүй, “нийгмийн баталгаа алдагдсан учраас ажилтан тогтохгүй байна. Хүний нөөцийн маш их дутагдалд орчихсон. Ажилтнууд маань ийм эрсдэлтэй, аюултай орчинд цалин багатай ажиллахыг хүсэхгүй байна.

Ажиллаж байгаа ажилтнууд маань шантарч байна. Сэтгэл зүй маш хүнд байгаа. Хүний нөөцийн бодлого алдагдсан. Яагаад гэвэл дээгүүр дандаа улс төрийн томилгоо явагддаг.

Техник ашиглалтын дүрэм, аюулгүй ажиллагааны дүрмийн асуудал байсаар.

Хуучин Оросын тоноглол дээр мөрдөж байсан дүрэм стандартуудыг одоо хүртэл мөрдөж байгаа. Өнөөдөр гэхэд гуравдагч орноос орж ирсэн тоног төхөөрөмж суурилуулсан байна. Үүнтэй холбогдуулан техник ашиглалт, аюулгүй ажиллагааны дүрмээ шинэчлэх шаардлагатай.

Уг нь энэ талаар Ажлын хэсэг байгуулаад ажиллаж байгаа боловч миний мэдэж байгаагаар тэд 2-3 жил шийдэлд хүрсэнгүй.

Өнөөдрийг хүртэл энэ дүрэм шинэчлэгдэж гарсангүй.

Бид нар шаардлагатай засвар үйлчилгээгээ хийж чадахгүй байна. Өнөөдөр салбар чадлын дутагдалд орсон байгаа учраас тоноглолоо шаардлагатай үед зогсоогоод засвар үйлчилгээ хийгээд явуулах боломж бидэнд байхгүй.

Гэмтэл гарлаа гэхэд нэгэнт горим зөрчигдөж, салбар хязгаарлалтад орох гээд байгаа учраас “тоноглолоо явуул” гэдэг шийдвэрийг өгдөг.

Дээрээс аюулгүй ажиллагааны дүрмээ МӨРД гэж шаарддаг ч эцсийн эцэст энэ дүрмийг ЗӨРЧИХ шийдвэрийг дээрээс л өгч байна.

Манай эрчим хүчний ажилтнууд “Удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх ёстой” гэсэн дүрэмд заасан үүрэг хүлээдэг, маш өндөр хариуцлагатай.

Ер нь эрчим хүчний салбарынхан маань өндөр эрсдэл, аюул дунд ажиллаж байгааг энд онцолж анхааруулж хэлье.

Өндөр хүчдэл, өндөр даралттай уур, усанд аюул өдөр бүр, эргэн тойрон, хажууд байгаа. Харамсалтай нь дээд тушаалтнууд салбартаа анхаарахгүй байгаа учраас 10 хүн алтан амиараа хохирлоо.

Хамгийн харамсалтай нь энэ аюул арилаагүй, өнөөдөр ч бидний ажлын байранд байна.

Ажилтан маань эцсээ хүртэл тэр аюулыг аваар ослыг арилгаж устгах гэж явсаар амиа алдлаа. Үүний араас хэн нэгэн буруутныг хайдаг.

Гэхдээ асуудал гарахаар дарга нар хариуцлагаас зугтаад “ажилтан” хариуцлага үүрч үлддэг. Буруутан нь яг тэнд үйл ажиллагаа эрхэлж байгаа, ажлаа хийж явсан хүн болчихдог. Ингээд ажлаас халах, эсвэл цалин мөнгийг нь хасах, буруутгах ийм байдлаар л ярьдаг.

Тэгвэл өнөөдөр ийм нөхцөлд хүргэсэн үндсэн суурь шалтгаан нь юу юм бэ? Яагаад эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилчид амиа алдах болов.

Удирдлагын менежмент нь алдагдсан. Юу хийх ёстой вэ гэдгийг үнэхээр анхаарч ажилласангүй, үнэхээр харамсалтай хэрэг гарлаа.

Цаашдаа эрчим хүчний салбарт ажиллах хүн үнэндээ үлдэхгүй нь ээ. Насжилт өндөртэй олон тоноглолтой, аюултай орчинд цалин мөнгө бага, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэхгүй…

Дахиад маргааш хэний амь эрсдэх вэ гэдгийг таашгүй нөхцөлд ажиллаж байна.

Өнөөдөр эрчим хүчний салбарын ажилтнууддаа та бүхэн Хөдөлмөрийн тухай хуульд заасан эрхээ хэрэгжүүлээд үнэхээр өндөр эрсдэлтэй, аюултай орчинд байгаа бол ажил үүргээ гүйцэтгэхгүй байхыг уриалж байна. Амь нас хамгийн түрүүнд гэдгийг анхаарч ажиллаасай.

Цаашдаа хүний эрх зөрчигдөж байгаа ийм асуудалд салбарын нийт ажилчид нэгдэхийг “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-ийн үйлдвэрчний хорооны дарга Ш.Энхсаран уриаллаа.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *