Хурдан морь унах нь аюултай хөдөлмөрт тооцогддог

“Хүүхдийн хөдөлмөрт хяналтын тогтолцоог бэхжүүлэх нь” сэдэвт зөвлөлдөх уулзалт өнөөдөр /2025.06.12/ боллоо. Монгол Улсад 138,500 хүүхэд хөдөлмөр эрхэлж байна гэсэн судалгаа бий. Үүнээс 58133 нь аюултай хөдөлмөр эрхэлж байгааг албаныхан онцлов.
Аюултай ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдийн 37.4 хувь нь эмэгтэй, 62.6 хувь нь эрэгтэй хүүхэд байна. Хөдөө аж ахуй, уул уурхай, барилгын салбар, хурдан морины уралдаан зэрэг эрсдэл өндөртэй орчинд хүүхдийн эрх хамгийн их зөрчигдөж байгааг албаныхан хэлж байгаа юм. Тухайлбал, олон улсын хөдөлмөрийн байгууллагын жишгээр хурдан морь унах нь аюултай хөдөлмөрт тооцогддог байна. Тиймээс 18-аас доош насны хүүхдийг энэ төрлийн хөдөлмөрт хамруулах нь эрүүл мэнд, аюулгүй байдлын хувьд онцгой эрсдэлтэй гэж үздэг аж.
Монгол Улсад найман нас хүрээгүй хүүхдийг хурдан морь унуулж уралдуулахыг хуулиар хориглосон байдаг. Гэсэн ч олон улсын стандартад нийцүүлэхийн тулд энэ насны хязгаарыг нэмэх шаардлагатай гэдгийг албаныхан хэлж байна.
Монгол Улсын хэмжээнд хүүхдийн хөдөлмөрийг зохицуулах, илрүүлэх, хяналт тавих тогтолцоо сул байгаа аж. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 38 эрх бүхий хөдөлмөрийн байцаагч ажиллаж байгаа нь хангалтгүй тоо. Тиймээс ирэх ондоо багтаан байцаагчдын тоог 92 болгон нэмэгдүүлэх зорилт тавьсан. Ихэнх хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүд сургууль завсардсан байдаг. Хүүхдийг хөдөлмөрөөс хөндийрүүлэхэд боловсрол, хүүхдийн байгууллагуудтай хамтарч ажиллах шаардлагатай. Тиймээс салбар хоорондын уялдаа холбоо шаардлагатай байна. Зүүн өмнөд Азид шалгарсан “Төгсөлтийн аргачлал” гэх 12-32 сарын хугацаанд өрхтэй ажиллаж ур чадварын сургалтад суулгаж, эцэг эхчүүдийн ойлголт мэдээллийг дээшлүүлж ажлыг хэрэгжүүлж байна гэж Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны хөдөлмөрийн эрх зүйн газрын дарга М.Цогтбаатар хэлэв.
ЦЕГ-ын Хүүхдийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Будзаан:

-Монгол Улсад сүүлийн таван жилийн хугацаанд хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр эрхлэхтэй холбоотой 54 гэмт хэрэг бүртгэгдэж, шалгасан. Хүүхдийн эрх хаана хамгийн зөрчигдөж байна вэ гэхээр, Уул уурхайн салбарт болоод унаач хүүхдийн эрх хамгийн их зөрчигддөг. Урьдчилан сэргийлэх чиглэлд хурдан морины унаач хүүхдийн асуудал тэр дундаа хүйтний улиралд хүүхдээр морь унуулахгүй байх, урьдчилан сэргийлэх шаардлагуудыг морины холбоо салбар комиссуудад өгч ажиллаж байна. Хурдан морины уралдааны үеэр бэртэж гэмтсэн хүүхэд бага ч уяа сойлго, морины ажил, сумын наадам, үсэргээний үеэр хүүхдүүд гэмтэж байна.
Хурдан морины уралдаанд хүүхдийг оролцуулахдаа эцэг эх, уяач, хүүхдийн хооронд гуравласан гэрээ заавал байгуулах шаардлагатай гэлээ.
Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар, 13–15 насны хүүхдийг зөвхөн эцэг эхийн зөвшөөрлөөр, сургууль завсардуулахгүй, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, хөнгөн ажилд ажиллуулж болох зохицуулалттай. 18 нас хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон 34 төрлийн ажлын байр байдаг. Үүнд хөдөө аж ахуй, мал аж ахуй, ойн бүх төрлийн үйл ажиллагаа, загас агнуур, ан агнуур, барилга, боловсруулах үйлдвэр, уул уурхай, тээвэр, энтертайнмент салбарууд багтаж байна. Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт Энд дарж уншина уу
Эх сурвалж: Nnews.mn