16-р сургуулийн 11Б ангийн сурагчид “Багшийгаа авч үлдье” гэх тайван жагсаал хийж байна
Ерөнхий боловсролын 16-р сургуулийн 11Б ангийн сурагчид “Багшийгаа авч үлдье” гэх тайван жагсаал хийж байна.
Тодруулбал, анги удирдсан багшийг нь үндэслэлгүйгээр сольсон тул ийнхүү тайван жагсаж байгаа гэдгээ сурагчид илэрхийлж байна. Харин сургуулийн зүгээс багш өөрийн хүсэлтээр ангиа өгсөн, өөр гомдол дээр сануулах арга хэмжээ авсан. Сурагчид буруу ойлгоод байна гэсэн юм. Харин 11Б ангийн багш н.Эрдэнэбаатар аргагүйн эрхэнд ангиа хүлээлгэн өгөх өргөдөл бичиж өгсөн гэлээ.
Ерөнхий боловсролын 16-р сургуулийн захиргаа:
-н.Эрдэнэбаатар багш дөрөвдүгээр сарын 27-ны өдөр эрүүл мэндийн шалтгаанаар, өөрийн хүсэлтээр ангиа өгөх хүсэлтээ байна гэдгээ бичгээр илэрхийлсэн. Ингээд тус хүсэлтийн дагуу тавдугаар сарын гурванд 11Б ангийг өөр багшид хариуцуулж өгөх тушаалыг гаргасан. Ингээд хоёр багш ажлаа хүлээлцсэн байгаа. Энэ үед тус ангийнхан багшаа солиулахгүй гэдэг асуудал гаргаагүй юм. Харин жагсаал хийж байгаа сурагчид ангийн багшид нь хариуцлага тооцсон гэж ойлгоод байгаа юм. Энэ асуудлаас өмнө 1111 төвд тус ангитай холбоотой гомдол ирсэн. Тус гомдолтой холбогдуулан ёс зүйн зөвлөл хурлаа хийсэн. Одоогийн байдлаар багшид сануулах арга хэмжээ тооцсон, харин торгууль, ажлаас халсан асуудал байхгүй.
Ерөнхий боловсролын 16-р сургуулийн 11Б ангийн багш Н.Эрдэнэбаатар:
-Миний бие боловсролын байгууллагад 33 дахь жилдээ ажиллаж байна. Өмнө нь хоёр анги төгсгөж байсан. Одоогийн анги маань 3 дахь анги, зургаадугаар ангиас нь даан авсан. Эцэг эхтэйгээ нийлж кабинет байгуулж, ангидаа цахилгаан хөгжим, морин хуурын хамтлаг байгуулсан. Сагс, волейболыг дугуйланд бүх хүүхдээ хамруулаад явж байна. Ноднин нэг хүн гуйгаад нэг хүүхэд оруулсан. Тэр хүүхэд маань гэнэт хичээл дээр дуулдаг, хаширдаг зуршилтай хүүхэд байсан. Дөрөвдүгээр сарын 28-ны өдөр эцэг эхийн хурал хийсэн. Үүний дараа ямар ч үндэслэлгүйгээр 1111 төвд миний талаар гомдол гаргасан байсан. 150 мянгаар ангийн зугаалга хийнэ гэж яриагүй, 30 мянгаар аялал хийх үү яахуу гэдэг асуудал яригдсан. Эцэг эхийн хуралд манай ангийн хоёр ангийн дарга суудаг. Бичиж тэмдэглэсэн зүйлсээс нь харж болно. Бас би ангийнхаа хүүхдүүдэд гар хүрч байсан удаагүй. Ингээд ёс зүйн хороо намайг авч хэлэлцсэн. Энэ асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлээд тус хурлаас гараад явсан. Тэгээд би тэр даруйдаа өөрөө өргөдлөө менежертээ өгсөн. Ангиа өгөх шийдвэрийг тэр үед нь гаргачихсан. Ангийн хүүхдүүддээ энэ талаараа хэлсэн. Манай ангийн хүүхдүүд багшаа та ангиа аваач гээд л байгаа юм. Намайг ийм байдлаар гүтгэж байгаад нь харамсаж байна. Болсон үйл явдал гэвэл энэ байна гэв.