Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарыг 2013 оны Ланд круйзер автомашиныг 1 сая төгрөгөөр хувьчилсан гэв
Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарын хууль зөрчсөн асуудлаар ИТХ-ын тэргүүлэгч, төлөөлөгчид мэдээлэл хийж байна.
Говь-Алтай аймгийн ИТХ-ын төлөөлөгч:
-Говь-Алтай аймгийн засаг дарга О.Амгаланбаатар хэд хэдэн хуулийг онц ноцтойгоор зөрчсөн гэж үзэж байна. Тухайлбал, төрийн албаны тухай хуулийг зөрчсөн. 115 төрийн албан хаагчийг хууль зөрчин ажиллуулж байна. Аймгийн Тамгын газрын дарга нь хууль бус томилгоотой ажиллаж байна. Мөн зургаан удирдах албан тушаалтан төрийн албаны зөвлөлөөс чөлөөлөх шийдвэр гаргасан ч өнөөдрийг хүртэл тус хүмүүс нь ажилласаар байна. Томилсон шийдвэрийг ТАЗ-өөс гаргасан ч энэ хэрэгжихгүй байна.
Дараагийн асуудал нь татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй захиран зарцуулж байна. 1.5 тэрбум төгрөгийг үр ашиггүй захиран зарцуулсан гэдэг нь баримтаар тогтоогдсон. 2022 онд зохион байгуулагдсан Залуучуудын чуулга уулзалтад нийт 135.9 сая төгрөг зарцуулсан байдаг. Зочид төлөөлөгч хүлээн авах нэрийдлээр 79 сая төгрөгийг зарцуулсан. Мөн төрийн өмчийг үнэгүйдүүлж, хувааж авч байгаа асуудал байна. 2022 оны байдлаар 12 объектыг хувьчилсан. Гурван сая төгрөгөөр А бүсэд байгаа барилгыг хувьчилсан асуудал ч байна. 66 автомашиныг хувьчилснаас 33 автомашиныг эзэмшүүлнэ нэрийн дор 1 сая төгрөгөөр зарсан тохиолдол ч байна. 2013 оны Ланд круйзер маркийн автомашиныг 1 сая төгрөгөөр хувьчилсан. Эдгээр баримтаа хуульд нийцүүлэх үүднээс, огцруулах тэмцэл өрнүүлж ажиллана гэв.