З.Баянсэлэнгэ нарт холбогдох хэргийг хянан хэлэлцлээ
2023.05.10 16:22
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар З.Баянсэлэнгэ, М.Болортуяа, Ж.Бурмаа нарт холбогдох хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцлээ.
Улсын Их Хурлын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ, тус яамны Үл хөдлөх хөрөнгийн зах зээл, гадаадын хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ж.Бурмаа, Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байсан М.Болортуяа нар бүлэглэн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсын төсөвт 14,993,676,800 төгрөгийн хохирол учруулсан, Улаанбаатар хотод түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн материалын бүртгэлийг зогсоосон байхад 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр давхардсан тоогоор 177 иргэн, үүнээс З.Баянсэлэнгэтэй шууд болон шууд бус хамааралтай 25 иргэний материалыг “Түрээсийн орон сууцны корпорац” төрийн өмчийн үйлдвэрийн газарт хүргүүлэх чиглэл өгсөн хэрэгт тус тус холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцээд “шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдоогүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, З.Баянсэлэнгэ, М.Болортуяа, Ж.Бурмаа нарыг цагаатгажээ.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2023 оны 2 дугаар сарын 9-ний өдөр хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцээгүй талаар прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч тогтоол, магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэв.