Нийслэлийн зам дээр цацдаг давсыг шинжилж авдаг болно
Улаанбаатарын зам талбайн цас, мөсийг хайлуулахаар цацаж буй зарим давс нь хог хаягдал ихтэй, шороог нь шүүгээгүй, эсвэл гүехэн газраас шүүсэн буюу мөстсөн давс нийлүүлсэн гэж хотын Захирагчийн ажлын албанаас үзжээ. Тиймээс давс нийлүүлсэн компаниуд руу бичиг явуулжээ. Эдгээр компанийн зүгээс яаралтай арга хэмжээ авахгүй бол гэрээг цуцалж, хохирлыг нөхөн төлүүлэх талаар албан бичигт дурдсан байна.
Цаашид компаниудын нийлүүлж буй давсыг шинжилгээнд хамруулж байхаар хими, химийн технологийн хүрээлэнтэй хамтран ажиллах хүсэлт гаргасан байна.
“Өмнө нь тендерт шалгарсан л бол нийлүүлж буй бүтээгдэхүүнийг нь шинжлэлгүйгээр хүлээж авдаг байсан. Одоо уг тогтолцоог халж, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр нотлогдсон, баталгаатай бүтээгдэхүүн хэрэглэх боломж бүрдэнэ” хэмээн албаныхан онцлов.