“Чайна Энержи”-гийн гэрээ: 53 ам.доллар бус нүүрсний үнэ өсөж, буурахад дагаж 1-3 сар тутам шинэчлэгдэнэ

chalco-china-energy-wdsc

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр “Монгол Улс нүүрсээ тонн тутмыг нь Хятадад хямд худалдах гэрээ байгуулсан байна. 5 тэрбумын алдагдал хүлээх нь” гэх агуулгаар хэвлэлийн хурал хийсэн нь “Чайна Энержи” болон “Эрдэнэс Тавантолгой” ХХК-н хийсэн нүүрс худалдах, худалдан авах гэрээнд үнийг хэдээр тусгав гэдэг асуудал руу анхаарлыг аваачив.

Чайна Энержи”-гийн Чалкогийн урт хугацааны үнээр гэдэг тулгалт

Эргээд энэ үйл явдлыг нэхэн санавал “Гашуунсухайт-Ганцмод” боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтыг өмнөх Засгийн газар буюу Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ 14 мега төслийнхөө нэгээр сонгож, мухар төмөр замуудын нэгийг дуусгах зорилт, амбиц хоёрыг зэрэгцүүлэн тавьсан. Улмаар Засгийн газрын түвшинд хөөцөлдсөн энэ хэлцлээс 2024 онд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваанд Хятадын төрийн өмчит “Чайна Энержи” компаниас нэг захидал ирсэн нь төмөр замаа гүйцээж холбоё, гэхдээ…хэмээн 4 гол агуулга бүхий саналыг тавьсан нь “Эрдэнэс Тавантолгой” ХХК-иас 16-20 жилийн хугацаатай гэрээ байгуулж, 2029 он хүртэл 27 сая тонн, 2030 оноос 20 сая тонноос багагүй нүүрс тогтмол худалдан авах санал байв. Ингэхдээ Монголын биржийн үнээр авахгүй. Чалкогийн урт хугацааны гэрээний үнээр, зөвхөн коксжих нүүрс авна гэх зэргээр ил тодорхой агуулгыг дурдсан.

Ингээд Монголын талаас “Чайна Энержи”-гийн уян хатан бус, тулгалт хэлбэрийн санал дээр тухайн үеийн Засгийн газар хүч хаяж, уулзалт хэлэлцээг нэмэгдүүлж тэдний санал, шийдлүүд дээр харилцан ярилцаж явсаар Засгийн газар хоорондын хэлэлцээр гэсэн агуулгаар аль аль талдаа гэрээг үзэглэх түвшинд хүргэсэн юм.

Яагаад “Чайна Энержи” өөрсдөө ийн хатуу тулгалт маягийн хандлага илэрхийлснийг эргээд сөхвөл өнөөх л олон жил гацсан өргөн, нарийн царигийн асуудал болоод энэ царигийн зөрүүгээс үүдэлтэй Хятадын талын алдагдсан боломжийн хэдэн арван тэрбум ам.долларын хохирол ярих болдог. Дээрх захидлын төгсгөлд “Чайна Энержи” компанийн тавьсан саналыг хүлээн авч, хамтран ажиллана гэвэл “алдагдсан боломжийн өр төлбөрийг нэхэмжлэхгүй” хэмээн хар дээр цагаанаар бичсэн байв.

Нэг талдаа хил холболт, нүүрсний агуулга мэт харагдавч нөгөө талдаа Монгол Улсын нэр хүндийн асуудал ч энд давхар хөндөгдөж байсан нь үнэн. Иймээс өмнөх Засгийн газар ерөөс урагшлахгүй хэдэн жил зөвхөн хэлэлцээний шатанд байсан яриаг 50 гаруй удаагийн хоёр талын уулзалтаар эцэст нь хэрэгжүүлэхээр болгосон нь факт.

Ингээд хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг УИХ болон холбогдох байнгын хороодоор оруулж, хэлэлцсэний эцэст соёрхон батлаж төмөр замын хил холболтын бүтээн байгуулалтын ажилдаа орсон билээ. Харин нүүрс худалдан авах гэрээний агуулга хоёр улсын төрийн өмчит компанийн хооронд үлдэж, нүүрсний үнийг тогтоосон.

Үнэ ярих үед Хятадын “Чайна Энержи” компанийн зүгээс анх биржийн үнээр авахгүй гэдэг саналдаа буулт хийж, биржийн жинлэсэн дундаж үнээр болгохоор тогтсон боловч манай уул уурхайн биржийн дундаж үнэ яг бодит ханш биш хэмээн цензур тавьсан байна.

Яагаад үнэ дээр “Чайна Энержи” ингэж хатуу шаардлага тавьсан нь манай улс Сү.Батболдын Засгийн газрын шийдвэрийн дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХХК Хятадын “Чалко” компанитай нүүрс нийлүүлэх гэрээ байгуулж, 350 сая ам.долларын урьдчилгаа аваад энэ мөнгө нь нэгэнтээ иргэн бүрд 21 мянган төгрөг болж очсон түүх ч энд нөлөөлдөг.

2017 онд урьдчилж авсан 350 сая ам.долларын өрийг арайх гэж барагдуулсан ч 2022 онд гэрээ автоматаар сунгагдаад зогсохгүй, анхнаасаа нэмэлтээр сунгах нөхцөлтэй байсны дагуу 2027 он хүртэл сунгагдсан. Хятадтай хийсэн нүүрсний гэрээний ийм түүхтэйгийн хувьд тэдний талаас “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн Чалкогийн урт хугацааны гэрээний үнээр л хийх нь хамгийн бодит нөхцөл гэдэг барьцаалсан маягтай саналаа ч “Чайна Энержи” тулгаж байсан.

Өөрөөр хэлбэл урт хугацааны гэрээнд форвард гэрээний дүн ашиглахгүй гэж “Чайна Энержи” илэрхийлсэн бөгөөд тайлбарлавал, урт хугацааны нөхцөлд зах зээлийн ханш байнга өөрчлөгдөж байдаг тул нэг удаа тохирсон форвард үнийг удаан хугацаанд ашиглах нь эрсдэлтэй гэж хардаг. Тиймээс урт хугацааны гэрээ дээр нэг форвард үнэ ашиглахаас зайлсхийж, ихэвчлэн үнийг индексжүүлдэг.

Ингээд төмөр замын хил холболтоо нэгэнт шийдвэрлэснээс хойш Хятадын талтай боломжит дүнгээр нүүрсний урт хугацааны гэрээ хийх үү үгүй юу гэдэг л сонголт үлдэж таарна. Нэгэнт хил холболтын асуудлаа эцэслээд, нүүрс худалдан авалтын гэрээндээ тулчихснаас хойш хамгийн боломжит хэлбэрийг сонгосон гэж тухайн үеийн салбарын сайд нь өөрөө ч хэлдэг.

Тонн тутам нь 53 ам.доллар гэдэг ойлголт хаанаас гараад ирэв

Нүүрсний үнэ өөрөө ерөөс тогтвортой биш. Ам үнэ, боомтын үнэ, биржийн үнээс гадна өдөр, хоног сар, улирал тутам өөрчлөгдөж байдаг эд.

Мэдээж “Чайна Энержи” урт хугацааны гэрээний үнээр хийнэ гэдэг худалдан авагчийн байр сууриар хандаж буй нь үнийг багаар тогтоох сонирхол өндөр байхаас аргагүй. Эл сэдэвтэй холбоотойгоор өчигдөр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Лхагвын тойм”-д орох үеэрээ”Чайна Энержи”-гийн гэрээний нүүрсний үнийн талаар хөндсөн. Ингэхдээ 2024 оны Уул уурхайн биржийн үнэ буюу 100 орчим ам.доллараас 5 хувийн хөнгөлөлт эдлэх эрхээр 95 орчим ам.доллароор “Чайна Энержи” худалдан авах санал анх гаргаж байсан гэж хэлсэн юм.

Гэтэл зах зээлээр нь харвал тухайн үе нь нүүрсний супер циклийн үе буюу яриад байгаа 95 ам.доллароос нь ч өндөр, датагаар харвал тухайн үеийн Чалкогийн үнэ 97.68 байх үед санал болгож байсан үнэ гэсэн үг. Харин нүүрс худалдах, худалдан авах гэрээг УИХ-аар хэлэлцүүлж, хоёр компани үзэглэх үед нүүрсний үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс 40 хувиар буурчихсан байсан үе. Зах зээлийн зарчмаараа л үнийг тогтоох учраас худалдан авагч талаас харилцан тохиролцсон индекс тохируулгын дагуу үнэ өөрчлөгдөж явахаар гэрээнд тусгасан байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн 7 сард борлуулсан хатуу коксжих нүүрсний гэрээний үнэ дунджаар 87 ам.доллар буюу үүнд тээврийн үнэ шингэжээ. Биржийн тээвэр нь 12 ам.доллар буюу хасаад тооцохоор 75 орчим ам.доллар боловч урт хугацааны гэрээний үнэд энэ дүн мэдээж буурах нь ойлгомжтой.

Гэхдээ үнэ буурах үед дагаад бүр буурчих юм уу гэвэл анхдагч үнэ буюу Чалкогийн урт хугацааны гэрээний жишиг үнээр тогтож, үнэ өсөхөд дагаж өсөх ч буурах үед анхдагч үнийг барихаар тусгасан байдаг нь 69 орчим ам.доллар гэгддэг.

Индекслээд харвал дээр дурдагдсан 95 ам.доллар өнөөдрийн 57 орчим ам.доллар, инфляциар тооцвол 59 орчим ам.доллартай тэнцэнэ.

Салбарынхан нь ч үргэлж л хэлдэг. Улс төрчид бүхэл дүн, олон улсын жишиг, том агуулга ярьдаг ч яг бодит нөхцөл дээрээ нүүрсний тонн тутмын үнийг худалдан авагчид ямар нөхцлөөр, хэрхэн худалдаж авч байгаа юм гэдгийг мэддэггүй, ярьдаггүй гэж. Яг ийм жишээг өнөөдөр УИХ нь ч өөрсдөө харуулж л буй. Өөрсдийнхөө 3 удаа хэлэлцээд баталчихсан хэлэлцээрээ “үнийн дүн тодорхой бичээгүй байсан” гэдэг шалтгаанаар эргүүлээд улс төржүүлээд эхэлчихэж байгаа хэрэг.

Бодит байдал дээр нүүрс Ганцмод боомтоор дамжин БНХАУ-ын ӨМӨЗО болон тэндхийн гангийн үйлдвэрүүд рүү очихдоо худалдан авагч үйлдвэрүүд тодорхой хугацаанд “special discount” буюу юаньд суурилсан урамшуулал хөнгөлөлт өгч авдаг. Энэ нь ихэвчлэн тонн тутамд 40 юань буюу 5.5 ам.доллар орчим байдаг. Ингэснээр, жишээ нь боомтын үнэлгээ 700 юань байлаа гэхэд бодитоор үйлдвэрүүдэд нийлүүлэхдээ 660 юань болж буурдаг гэсэн үг. Хөнгөлөлт нь нүүрсний чанарын ялгаа, худалдан авалтын хэмжээ, сар, улиралын гэрээний тохиролцоо зэргээс ихээхэн хамаардаг.

Хавар Уул уурхайн биржийн арилжаагаар өндөр үнэтэй биржийн гэрээнүүд үндсэндээ зогссон буюу амны гэрээ л гарч байсан. Энэ нь тээвэрлэлтийн зардал, гаалийн татвар, боомт хүргэх зардал зэрэг нь нэмэгдээгүй, зөвхөн уурхайн аман дээрх нүүрсний үнээр худалдан авагч ба борлуулагч хоёр уул уурхайн аман дээр нүүрсээ нийлүүлэх нөхцлөөр байгуулсан гэрээ гэсэн үг. Ингэхээр цаасан дээр гоё өндөр үнийн дүн байгаад байдаг. Гэтэл яг ачир дээр худалдан авагч талын зах зээл үнийг тогтоож, ямар гэрээ явах нь ч тэнд л шийдэгдэж байх жишээтэй.

Шүүмжлэл, маргаан дагуулсаар эцэст нь батлагдсан нүүрс худалдах, худалдан авах гэрээний асуудлыг үнэхээр гэрээн дэх нүүрсний үнэд санаа зовсондоо сөхөж хөндөв үү эсвэл Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед хийгдсэн гэдгээрээ л сэдэв болоод байна уу гэдэг нь өөрөө сонирхолтой дүр зураг.

Гэрээнд дутуу хөтүү заалтууд үнэхээр орсон юм гэвэл түүнийг залруулах тухай бус, гэрээг бүхэлд нь цуцлах ёстой мэтээр яриад эхэлсэн нь эрх баригч нам доторх нэгнээ намнах хэрэгсэл, эцэстээ улсын асуудал болж хувирах вий.

About Author